МАН-ын сэргэлт: Монголын уналт

Хуучирсан мэдээ: 2021.12.06-нд нийтлэгдсэн

МАН-ын сэргэлт: Монголын уналт

МАН-ын сэргэлт: Монголын уналт

Улс төрийн зургаан нам нэгдэн өнөөгийн Ардчилсан намыг 2000 онд байгуулжээ. Түүхэн тохуурхал гэх үү, тохиолдол уу, мэдэхгүй? 21 жилийн дараа энэ нам амьсгаатай төдийхөн байна. Амыг нь барьчих гэсэн ач нар ч олон аж. Харин өнгөрсөн зууны 21 онд байгуулагдсан гэгддэг МАН энэ өдрөөс хойш өрсөлдөгчийнхөө өдрийг өөрсдийн болгон тунхаглахаар сүр дуулиантайгаар 30 дахь их хурлаа хийж байна. Яг талийгаачийг үдэх ёслол дээр очоод үйл хэргийг нь залгамжлахаа амлаж суугаа аятай.  Ингэхдээ өмнөх зууны удирдагчдыг дурссаар “Шинэ сэргэлтийн бодлого” гээчийг уянгалуулан зарлалаа.

Их л танил бодлого шиг. Тэдний танилцуулсан нэршлийн ганцхан үсэг гээвэл “Шинэ эргэлтийн бодлого” илүү тодрох мэт. 1932 онд Коминтерн Монголын асуудлыг хэлэлцээд гаргасан шийдвэр нь “Шинэ эргэлтийн бодлого” байв. Өнөөгийн эрх баригчдын “Монголыг хөгжлийн замд оруулсан” гэж хэлэх дуртай энэхүү бодлогыг хэрэгжүүлсэн Ерөнхий сайд Анандын Амар  "Хүний эрхийг хөсөрдүүлж буйг илчлэн чухамдаа гэмт хэрэг хэмээгч нь жинхэнэ хийж үйлдсэн явдал дээрээс бүтэж гардгаас бус, хэн нэгэн хүний санааны дураар зохиомол хэрэг ба зохиомол ял хийж явуулдаг ёсон хаа ч байж болохгүй" гэснийхээ төлөө Х.Чойбалсанд таалагдаагүй тул хожмоо хэлмэгдэх шалтгаан болсон гэдэг. Энэхүү бодлого эдийн засагт өөрчлөлт авчирсан байж болох ч Монголд цусан гол урсгасан аймагт хэлмэгдүүлэлтийг бас авчирсныг мартаж боломгүй.

Шинэ эргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ардын хувьсгалын удирдагчдын дийлэнхийг нь дайсан болгон цааш харуулсан бол Шинэ сэргэлтийн бодлогын өмнө Ардчилсан хувьсгалаас хойшхи таван ч Ерөнхий сайдыг хорьсон билээ. А.Амарын адил ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн удирдагчдын нэг С.Зориг ч үгүй болжээ.  А.Амар Монголыг нам биш монголчууд л аварна гэж итгэж явсан бол С.Зориг монголчуудыг саруул ухаан нь аварна гэдэгт итгэж явжээ. Ийм байтал таван жил засагласан МАН авлига, хүний эрх, эдийн засгийг сэргээх, чинээлэг дундаж давхаргыг сэргээх гэхчилэн хурлаараа хамгаас чанга хашгирч байна. Гэтэл энэ бүхнийг бүрхэгдүүлсэн нь цар тахлыг тооцохгүйгээр хэн сэн билээ?!

Хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ бариад хорьчихдог. Өөрсдөө дуртайгаа бурж, зөвхөн өөрсдийн хэлсэнийг бодит үнэн мэт тодорхойлж, цар тахлын үед үй олноор нь хүний эрхийг зөрчсөн атлаа ганц удаа уучлалт гуйгаагүй эрх баригч одоо иргэдээ басамжилж байна.

Тэд иргэдийн хүний эрхийн мэдлэг ямар байгааг судлуулж, маш муу түвшинд буйг мэдээд тохуурхалтайгаар хүний эрхийг хамгаалахаар ажиллахаа зарлалаа. Засаг биш нам шүү дээ.

Ингэхдээ хүний эрхийн зөрчилтэй 800 орчим хуулийн заалтыг засах ажил эхлүүлэх тухайгаа тунхаглав. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилгоог ичгүүр сонжуургүйгээр хийснийхээ дараа шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэж тавлаж сууна.

Суудаг нийслэлээ алхдаг нийслэл болгоно ч гэх шиг. Метро барих тухай дахин сайхан яриа. Гэтэл дүүжин тээвэр нэрээр төсвөөс хэдэн тэрбумаар тооцогдох хөрөнгийг үгүй хийж, одоо хэр нь тэрхүү зураг төслөөр байгуулсан байгууллагад ажиллагсдыг таттвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлээд сууж байгааг юу гэж ойлгох ёстой вэ? Алга таших ёстой юу?

Монголчуудын бахархам түүхэнд дөрөөлөн эртний нийслэл Хархорумыг түшиглэн шинэ хот барих ажлын судалгааг 2022 онд багтаан эхлүүлэх тухайгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Гоё юм. Гэхдээ уучлаарай, Андлалын хөшөө буусан ч ахиад хотын “туурь” босгохоор татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийх нь үү гэх айдас хүйдсээс аятай юм бодогдохгүй нь. Өөрсдөө чихэн дээр цэцэг ургуулаад нүдэн дээр тонуул хийгээд байхад бид итгэлээ юу?

Авлигыг бууруулах, хүний эрхийг хамгаалах, хүнд суртлыг таягдах тухай, 800 хуулийн хүний эрхийн зөрчилтэй заалт гээд буйн цаана яг юу нуугдаж буй бол… Яах вэ, энэхүү 30 дахь их хурлаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой ямар ч асуудлыг энэ удаагийн их хурлаар хэлэлцэхгүй. Хэлэлцэхээр ч төлөвлөгдөөгүй” гэж байна. Гэхдээ цаашид яахаа хэлсэнгүй.

Ардчилсан нам мэндэлсэн өдрөөр нь баяр хүргээгүй ерөнхийлөгч МАН-ын гишүүддээ бахдал, бахархлын үгээ Тамгын газрын даргаараа дамжуулаад сүйд. Өнөөдөр Монгол Улсад биш МАН-д Ерөнхийлөгч байгаагийн илрэл нь энэ биш гэж үү?

Цар тахлын хуулийн дахин дахин өөрчлөлтийн ард иргэдийн эрх ашиг, эрх чөлөөг хамгаалсан заалт байсан уу, эрх баригчдын эрх мэдлээ зузаатгах, төсөв санхүүг зарцуулах, давхар стандартыг бэхжүүлэхэд байсан уу гээд бодоод үзвэл лав өөдтэй юм бодогдохгүй байна.

Өнөөдөр монголчууд урьд өмнө нь байгаагүйгээр бүсээ чангалж, эдийн засгийн уналт, эрүүл мэндээрээ хохирч байгаа бол эрх баригчид урьд хожид байгаагүй эрх мэдлийг төвлөрүүлж, даапаалах маягтай чинээлэг дундаж давхаргыг бий болгох тухай уянгалж сууна. Үнэндээ тэдний судалгаагүй бодлого, эргэж буцсан оновчгүй шийдвэрээс болоод дундаж давхаргынхан доошоо орсон. Магадгүй энэ хямралын үед МАН-ын шинэ дундчууд нэмэгдэж, дундчуудаас нь дээшээ дэвшсэн нь олон байгаа байх. Бүр ч олон болох байх.

МАН-ын сэргэж, АН сарниж, монголчууд сөхөрч байна.  Ганц үнэн гэвэл, 100 жилийн түүхээс нь харвал МАН хүчирхэг болох тусам Монгол хүчгүй, явах суухаа, хань ижлээ ч сонгох эрхгүй болдог нь гашуун ч гэлээ үнэн. Гэтэл өөрсдийнхөө хэлснийг, зөвшөөрснийг "үнэн" гэдэг яг тэр цаг дээрээ тэд дахин ирлээ. 100 жилийн тэртээд бид Оросын халаасанд орсон. Энэ удаад яах бол….

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж