ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден нарын цахим уулзалт маргааш (2021.12.7) болно. ОХУ-аас цэргийн хүчээ Украины хилийн дагуу байршуулсан эгзэгтэй үед Байден, Путин нарын уулзалт олон улсын анхаарлыг татаж байна. Барууныхны зүгээс Оросыг хэзээ мөдгүй Украиныг эзлэн түрэмгийлэх нь гэж хардан хариу арга хэмжээнүүдээ боловсруулж эхэлсэн бол Москвагийн зүгээс Умард Атлантын цэргийн эвсэл (NATO) ОХУ-ын хилд ойртсоор буй тул хамгаалалтаа чангатгаснаа тайлбарлажээ. Удирдагч нарын уулзалтын гол мэтгэлцээн нь Путин үнэхээр Киев рүү дайрахаар бэлтгэсэн үү эсвэл хөрш Украиныг “NATO”-гийн бааз болгохын эсрэг Байденыг дарамтлах зорилготой юу гэдгийг тодорхойлох. АНУ болон ОХУ-ын хооронд геополитикийн өргөн хүрээтэй санал зөрөлдөөн, маргаан байдаг. Тухайлбал, хоёр орон Оросын тэрс үзэлтнүүдийг хатуу шийтгэдэг хүний эрхийн асуудлаас эхлээд Сирийн дэглэмийг дэмжсэн Москвагийн байр суурь зэрэг олон улсын асуудалд эсрэг байр суурьтай.
Харин ОХУ-аас 175 мянган цэрэг, армийн техникээ Украины хилийн дагуу төвлөрүүлсэн нь ирэх 2022 оны эхээр дайралт хийхээр төлөвлөж байна гэж АНУ-ын тагнуулын агентлагаас мэдээлжээ. Тагнуулын мэдээлэл АНУ төдийгүй Европ даяар түгшүүрт байдлыг үүсгээд байгаа юм. Гэхдээ олон улсын шинжээчдийн зүгээс Путин шууд Украин руу дайралт хийж олон улсын эсэргүүцэлтэй тулж, шинэ хориг арга хэмжээнд орохгүй гэж харж байна. Гэхдээ зарим шинжээчид нөхцөл байдлыг илүү хүндээр тусган авч байгаа аж. Тухайлбал, Карнеги Москва төвийн улс төрийн судалгааны төвийн зөвлөх Татьяна Становая хэлэхдээ “Путин бооцоогоо огцом өсгөсөн. Тэр цаашид дүр үзүүлэхээ больсон. Тэр сэтгэл шулуудсан алхам хийхэд бэлэн болсон” гэж AFP агентлагт өчигдөр ярьжээ.
БАЙДЕНЫГ СОРИХ НЬ
АНУ-ын 78 настай ерөнхийлөгчийн өмнө тулгарсан гадаад бодлогын том сорилт нь Украины асуудал болж байна. Байден, Путин нар Мягмар гаригийн (2021.12.7) үдэд цахим уулзалт хийнэ. Тэд анх 2011 онд Кремльд нүүр тулж уулзсан. Тухайн үед Жо Байден дэд ерөнхийлөгч байсан. Тэд дараа нь 2014 онд Женевт уулзаж, Украин дахь Оросын цэргийн хүчний асуудлыг хэлэлцэж байв. Сүүлд энэ оны зургадугаар сард Жо Байден анх удаа АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар Путинтэй Женевт уулзсан. Үүнээс хойш Путины зүгээс Байденд үзүүлэх дарамтаа нэмэгдүүлж, тэдний дунд зөрчил хурцадлаа. Тодруулбал, Байден өнгөрсөн Баасан гаригт (2021.12.3) Украин руу дайрвал ОХУ үнэхээр хүнд нөхцөл байдалд орно гэдгийг анхааруулсан юм. Нөгөө талд Путин нь барууныхан болон Киевт хандан “улаан зураас”-ыг давахгүй байхыг сануулжээ. Хариуд нь Байден “Хэний ч улаан зураасыг хүлээж авахгүй” гэсэн юм.
NATO
Украины засгийн газар NATO-той харилцаа тогтоож, гишүүнээр элсэхээс ОХУ нь ихэд болгоомжлон, ийнхүү цэргийн хүчээр дарамталж байна гэж зарим шинжээчид үзэж байна. Тухайлбал, ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн Пүрэв гаригт АНУ-ын талд хандан NATO эвсэл ОХУ-ын хилд илүү ойртохгүй гэх “аюулгүй байдлын баталгаа” өгөхийг хүсч буйгаа илэрхийлсэн. Энэ талаар Татьяна Становая хэлэхдээ, “NATO баталгаа өгөхгүй бол ОХУ-аас Украин руу дайрна” гэжээ. ОХУ нь Украиныг эзлэн түрэмгийлэхийг үгүйсгэж, эсэргээрээ Хар тэнгис дэх Барууны өдөөн хатгасан үйл ажиллагааг буруутгаж байна. “NATO” өнгөрсөн 2020 оны зургадугаар сард Украиныг боломжит хамтрагчаар нэрлэж, гишүүнээр элсэх асуудлыг хөндсөн нь ийнхүү нөхцөл байдлыг хурцатгах үндэс болжээ. ОХУ нь 2014 онд Киевт төрийн эргэлт гарсныг далимдуулан Крым хойгийг Украинаас буцаан авсан. Киевт төрийн эргэлтээр Оросыг дэмжигч ерөнхийлөгчийг зайлуулсныг эсэргүүцэн Украины баруун хязгаарт салан тусгаарлах бослого өрнөснөөр 13 мянга гаруй хүн амь үрэгдсэн билээ.
Холбоотой мэдээ