Дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Өмнөд Солонгосын алдарт жүдоч Ан Чанрим их спортоосоо зодог тайлж буйгаа зарлалаа. Өдгөө 27 настай тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Би энэ жил зодог тайлж байгаа учир 2021 он миний Солонгосын шигшээ багт өнгөрүүлж буй сүүлийн жил болж байна. Намайг дэмждэг IJF болон дэлхий даяарх жүдогийн нийгэмлэгтээ баярлалаа. Одоо би амьдралаа гэр бүл, аз жаргал, эрүүл мэнддээ зарцуулах болно. Би одоо сайн дасгалжуулагч болж, олимпийн алтан медальтнуудыг бэлтгэмээр байна. Би хилийн чинадад ажиллахад нээлттэй тул хэрэв хамтарч ажиллахыг хүсвэл надтай цахим шуудангаар холбогдоорой. Мөн зөвлөгөө, сургалт хийх сонирхолтой байгаа тул надтай холбогдоорой” гэжээ.
Японы домогт Шохэй Онотой хүчтэй өрсөлдөөнийг үзүүлдэг байсан Ан Чанрим ийнхүү зодог тайллаа.
Япон гаралтай Ан Чанримийн тухайд 2015, 2017 онуудын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, 2018 онд Шохэй Оно аваргыг гэмтэлтэй байх үеэр Бакугийн дэлхийн аваргад түрүүлж байв. Мөн тэрбээр 2018 оны Азийн наадмын шигшээд Онотой учраа таарч ялагдан, мөнгөн медаль хүртсэн түүхтэй.
Ан Чанрим 2016 онд Парисын Их дуулгад түрүүлснийхээ дараа “Би олимпийн наадмын финалд Оног ялж, алтан медаль хүртэх болно” хэмээн ярьж байв. Гэвч харамсалтай нь тэрбээр Токиогийн олимпийн хагас шигшээд Гүржийн Лаша Шавдатуашвилид ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө Азербайжаны Рустам Оружовыг ялж, олимп, дэлхийн хос медальтан болж байсан билээ. Тэрбээр олимпоос хойш тэмцээн уралдаанд оролцоогүй бөгөөд хамгийн сүүлд Ц.Цогтбаатартай барилдаж, ялагдал хүлээсэн.
Ан Чанрим, Шохэй Оно хоёр нийт зургаан удаа учраа таарахад Оно бүгдэд нь ялж байв.
Ан Чанрим тамирчны замналынхаа турш ДАШТ-ээс гурван медаль, Азийн наадмаас нэг мөнгө, Азийн аваргаас дөрвөн медаль, мастерсаас хоёр медаль, Гранд Слам, Гранд При ангиллын тэмцээнээс 14 медаль хүртсэн өнөө цагийн шилдэг бөхчүүдийн нэг байв.
Холбоотой мэдээ