Монголын ББСБХ болон Монголын ТоС Холбоо хамтарсан тунхаг  бичигт гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2021.12.06-нд нийтлэгдсэн

Монголын ББСБХ болон Монголын ТоС Холбоо хамтарсан тунхаг  бичигт гарын үсэг зурлаа

“Эерэг өөрчлөлтийг санхүүжүүлье!” уриан дор зохион байгуулагдсан “Монголын Тогтвортой Санхүүгийн Форум 2021” чуулганы үеэр Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо) хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурлаа.

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо стратеги бодлогынхоо хүрээнд харилцагчийг хамгаалах зарчим, комплаенс, тогтвортой хариуцлагатай санхүүгийн хөгжлийг дэмжиж ажилладаг. Энэ удаагийн хамтарсан тунхаг бичгийн зорилго нь Монгол Улсын санхүүгийн системд, түүн дотроо ББСБ-ууд зохистой санхүүжилтийн үзэл баримтлалыг байгаль орчин, нийгмийн хариуцлагын бодлогоор дамжуулан нэвтрүүлэх аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа байгаль эх дэлхий, хүрээлэн буй орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай байх зарчмыг удирдлага болгож ажиллахад байгаа юм.

Мөн банк бус санхүүгийн салбарын нийт ажилтан, харилцагчид, хамтран ажиллаж буй байгууллагууддаа байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийг удирдах болон хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний ач холбогдлын талаар мэдээлэл, ойлголт өгч, тогтвортой үр өгөөжийг түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллах юм.

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны eрөнхийлөгч З.Алтанзул ТоС Холбооны нийт хамт олонд хамтран ажиллаж байгаад нь талархал илэрхийлээд “Энэхүү тунхаг бичиг нь манай холбооны гишүүн ББСБ-ууд дан ганц хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг хүргээд зогсохгүй тогтвортой санхүүгийн хөгжлийг дэмжиж, үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүх соёл, хүний эрхийг хамгаалах, нийгмийн хариуцлагатай байх гэх мэт ТоС-ын 8 зарчмыг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж буй юм. ББСБ-ууд нийгмийн хариуцлага хүртээмжээ зөвхөн орлого багатай иргэдэд түргэн шуурхай хүргэх гэхээс илүү өргөн хүрээнд харах хэрэгтэй болж байна. Үүнд байгаль орчин, хүн амын хөгжилд үзүүлж буй эерэг нөлөөгөө сайжруулах, түүнийгээ хэмждэг, дүгнэдэг болох хэрэгтэй байгаа. Иймд бид ТоС холбоотой хамтран ажиллаж,мэдлэг чадвараа өргөжүүлж, бие биеэ дэмжин ажиллах гэж байгаадаа баяртай байна” гэв.

ТоС Холбооны Гүйцэтгэх захирал М.Болдоо “Тогтвортой санхүүгийн 8 зарчимд Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо нэгдэж санхүүгийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр болсон нь Монгол Улсын санхүүгийн салбарын хувьд төдийгүй олон улсын ач холбогдолтой үйл явдал юм.  Байгаль дэлхий, хотол олонд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэх нь бизнесийн байгууллагын соёл, зөв хандлага, санхүүгийн үйлчилгээний зорилго болж байгаад баяртай байна.”

МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ, БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ

Бид Монгол Улсын эдийн засгийн хөгжилд голлох үүрэгтэй оролцож буй банк бус санхүүгийн байгууллагын төлөөлөл болохын хувьд санхүүгийн системд зохистой санхүүжилтийн үзэл баримтлалыг байгаль орчин, нийгмийн хариуцлагын бодлогоор дамжуулан нэвтрүүлэх, Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн зарчмууд (ТоС-ийн Зарчмууд)-ыг нэвтрүүлэхийг санал нэгтэйгээр дэмжин, нэгдэж байна.

Зарчим 1 | Байгаль орчноо хамгаалах

Бид хөрс, ус, агаар, биологийн олон янз байдал, байгалийн сэргээгдэх болон сэргээгдэхгүй, шавхагдаж буй нөөцийг хадгалан хамгаалж, тэдгээрт үзүүлэх сөрөг нөлөөллийг бага байхаар тогтвортой ашиглах хандлагыг дэмжин ажиллана.

Зарчим 2 | Хүний эрх, нийгмийг хамгаалах

Бид хүний эрхийг хүндэтгэж, хөдөлмөрийн стандартыг мөрдөнө. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, тэдгээрийн аюулгүй байдлыг ханган ажиллана.

Зарчим 3 | Соёлын өвийг хамгаалах

Бид Монгол Улсын түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх соёлын онцгой өв болох ёс заншил, хэл, бусад өв, түүнчлэн соёл, түүх, археологи, палентологийн түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалан ажиллана.

Зарчим 4 | “Ногоон эдийн засаг”–ийн өсөлтийг дэмжих

Бид Монгол Улсын ногоон, цэвэр эдийн засагт хувь нэмэр оруулах төсөл болон бусад үйл ажиллагааг дэмжин ажиллана.

Зарчим 5 | Санхүүгийн хүртээмжийг дэмжих

Бид санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн, санхүүгийн боловсрол олгох, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээг авах замаар Монгол Улсад санхүүгийн өргөн хүрээтэй тогтолцоог бий болгохыг дэмжин ажиллана.

Зарчим 6 | Ёс зүйтэй санхүүжилт, компанийн засаглалыг дэмжих

Бид хориглосон жагсаалтанд багтсан үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй, бид ёс суртахуунгүй, гэмт хэргийн шинж чанартай үйлдлийг үл тэвчих бодлого явуулж, ёс зүйтэй байх, компанийн засаглалтай холбоотой сайн туршлагуудыг дэмжих бодлого баримтлан ажиллана.

Зарчим 7 | Ил тод байдал, хариуцлагыг дэмжих

Бид ил тод байдал, хариуцлагыг дэмжин, банкны Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн үүрэг хариуцлагын хүрээнд тайлагнах явдлыг дэмжин ажиллана.

Зарчим 8 | Манлайлан үлгэрлэх

Бид харилцагчиддаа тавьж буй шаардлагыг өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж, салбарын хувьд Монгол Улсыг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хувьд эерэг хөгжилд чиглүүлэн ажиллана.

Хөгжил дэвшил нь бидэнд шинэ боломж, нөхцөлийг богино хугацаанд олгохын зэрэгцээ агаар-ус-хөрсний бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөц болон усны хомсдол, орчны доройтол, хүн амын хэт төвлөрөл, ядуурал болон бусад асуудлыг шийдвэрлэх сорилтыг дагуулж байна.

Монгол Улс үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирээд байгаа энэ үед, бид эдийн засгийн эрчимтэй хөгжлийг байгаль орчныг хамгаалах, бидний хосгүй нүүдэлчин өв соёл, ахуй, түүхийн үнэт зүйлсийг хадгалах бодлоготой нягт уялдуулах, өрхийн тогтвортой амьжиргаа, Монгол хүний боловсрол, эрүүл мэнд, амьдралын хэв маягт нийцүүлэн төлөвлөх хэрэгтэй юм.

Бид тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх оновчтой шийдлийг эрэлхийлж, эрүүл аюулгүй, ногоон орчинд ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө нэгдэж, бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагаа, хамтран ажиллаж буй харилцагч, үйлчлүүлэгчдээрээ дамжуулан Монгол Улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн хөгжилд хөтлөх тулхтай шийдвэрүүдийг гаргаж ажиллана гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.

Бид дараах арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ гэдгээ тунхаглан илэрхийлж, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, харилцагчид, иргэдийг энэхүү үйл ажиллагаанд хамтран оролцохыг уриалан дуудаж байна.

  • Аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа байгаль эх дэлхий, хүрээлэн буй орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай байх зарчмыг удирдлага болгож ажиллана;
  • Аливаа шийдвэртээ санхүүгийн тогтвортой байдал, байгаль орчны тэнцвэртэй байдал, тэдгээрт үзүүлэх үр нөлөөг харгалзан үзэж байх зарчмуудыг боловсруулж, бүх нийтээрээ мөрдлөг болгохыг уриална;
  • Банк бус санхүүгийн салбарын нийт ажилтан, харилцагч үйлчлүүлэгчид, хамтран ажиллаж буй байгууллагууддаа хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний ач холбогдлын талаар мэдээлэл, ойлголт өгч, тогтвортой үр өгөөжийг түгээн дэмжинэ;
  • Бүх сонирхогч талуудтай хариуцлагатай, нээлттэй харилцана. Бид тогтвортой санхүүжилтийн хөгжлийн тогтолцоог бүрдүүлэх хүсэл эрмэлзэл, зорилтоо батлан илэрхийлэх, бүх нийтийг энэ үйлсэд уриалан дагуулах зорилгоор энэхүү Хамтарсан Тунхаг Бичигт гарын үсэг зурав.

Монголын Тогтвортой Санхүүгийн Форум 2021

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж