Хүний нутагт 13-хан настай охин солонгос охидод зодуулж, дээрлэхүүлж байхад манай Монголын тал мэдээгүй сууж байв. Энэ мэдээлэл Солонгосын телевизээр гарснаар илчлэгдэж, Сөүл дэх консул, БНСУ-д суугаа Элчин сайд, Гадаад харилцааны яам анхаарлаа хандуулж эхлэв. Гэхдээ энэ хэрэг гараад хэдийнэ таван сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд охины талаарх мэдээлэл битгий хэл арга хэмжээ авсан Монголын төрийг төлөөлж буй нэг ч хүн байсангүй. Чухам иймээс гадаад дахь монголчууд Монголынхоо төрийг төлөөлж буй хүмүүст итгэдэггүй, тэдэнтэй холбогдохоос “айдаг”, хүнд суртлыг шүүмжилсээр ирсэн. Арга ч үгүй биз ээ. Эрх барьж байгаа намын тэтгэвэртээ гарсан өвгөчүүл, эсвэл ах дүүсийнх нь “амрах” газар шиг гадаад дахь Элчин сайдуудаа томилж ирсний гор өнөөдөр арилаагүй, бүр их мэдрэгдэж байгаагийн илрэл, 13 настай охины асуудал.
Гадаадад байгааг нь битгий хэл Монголдоо, нүдний дор байгаа үрсээ ч анзаарах, хамгаалах сөхөөгүй байна, бид.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бүлэглэн нэгнийгээ зодсон гэх хэрэг сүүлийн үед их гарах болсон. Бүр зарим нь бичлэгтэйгээ ч сошиал орчинд тархах болсон. Тэр бүү хэл цэцэрлэгийн багш нь хүүхдүүдтэйгээ зүй бус харьцаж, дураараа цохиж, зодож байгаа бичлэг нь ил болсон. Цэцэрлэгийн багш нь харгис, сургуулийн сурагчид нь харгис, гадаадад сурч байгаа нь харгислуулж байгаагийн буруутанг хэнээс хайх вэ. Сурган хүмүүжүүлэх ёстой багш нь нүднээс далд зодоод байвал хэнд хандах вэ. Багш, сурган хүмүүжүүлэгчид хүүхдээ, шавиа цохих сэдэл, сэтгэл юунаас үүдэж байна вэ.
ХҮҮХДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЭЕ!
Яг өнөөдрийн боловсролын тогтолцоонд сууриар нь өөрчлөлт оруулах цаг болсон гэдгийг хэлэх хүмүүс олон бий. Сайд солигдохын хирээр сурах бичиг нь хүртэл солигддог, дөрвөн жилд 3,4-өөрөө солигдож байдаг энэ тогтолцоог хэрхэн өөрчлөх вэ. Ядаж боловсролын сайд нь хариуцлага алдсан багш, сургуулийн удирдлагад хариуцлага тооцож чадахгүй, ганц бичиг өгөхөөс цаашгүй.
Хамгийн чухал зүйл нь Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд нэгнийгээ дээрэлхэх, гадуурхах явдал хэрээс хэтэрснийг сүүлийн үед сошиалаар цацагдсан бичлэгүүдээс харж болно. 2017 онд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн хийсэн судалгаагаар ЕБС-ийн дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар боддог, 7 хүүхэд тутмын нэг нь амиа хорлохыг төлөвлөж байсан гэсэн дүгнэлт гарч байжээ. Одоогоор дөрвөн жилийн өмнө судалгаагаар гарсан тоо, айдас төрүүлэм. Гэтэл covid-19-ийн цар тахалтай холбоотойгоор энэ тоо бүр өссөн байхыг ч үгүйсгэхгүй гэж зарим судлаачид үзэж байна.
ЮНЕСКО-оос гаргасан тайланд, дэлхий дахинд нийт сурагчдын 30 хувь нь сургуулийн орчинд дээрэлхүүлснээс үүдэн сурлагын амжилт нь буурч, сургууль завсардаж, хичээлдээ дургүй болох, бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндээр хохирдог гэсэн дүгнэлт байдаг аж. Тиймээс эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ харилцах харилцаандаа анхаарч, багш нар нь сурган хүмүүжүүлэх арга барилдаа өөрчлөлт оруулах цаг болсныг энэ мэт олон жишээ харуулж байна. Энэ талаар БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Сургуулийн орчны хүчирхийллийн асуудлыг ул сууриар нь гаргаж ирж өөрчлөх цаг болсон. Багш хүүхдийн харилцаа, хүүхдүүд хоорондын харилцааны ан цав хаанаас, юунаас эхлэлтэй вэ. Хэт мөнгө шүтсэн нийгмийн гажиг тогтолцоо хүүхдүүдийн үг үйлдлээр илэрч, багш цалингаа голоод хүүхдүүдийнхээ хүмүүжлийг ор тас орхисон уу. Эцэг эхчүүд миний л хүүхэд зүгээр байвал гэсэн бодлоор ханддаг нь бусдыг үл тоосон амиа бодох үзэл хүүхдүүдээр дамжиж илрэв үү. Сайдын хувьд тушаал, шийдвэр гаргаад л энэ асуудал шийдэгдчих зүйл биш. Харин хандлагаа өөрчлөх нь гол сорил гэж үзэж байна. Энэ бол өнгөрсөн 30 жилд бүтэн хаягдсан сэдэв. Үргэлж нүднээс далд өрнөдөг, насанд хүрэгчид мэдэхгүй өнгөрдөг зүйл. Эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдүүдтэйгээ харилцах, илэн далангүй ярилцах, хүүхдээ ойлгох тал дээр асар дутагдалтай болсон. Сургуулийн орчны дээрэлхэлтийн хүрээнд хүүхдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог бий болгоё. Хөгжингүй орнуудад нутагшсан, сайн үр дүнтэй арга. Их сургуульд орох, олон нийтийн арга хэмжээнд оролцох, тэтгэлэг хүртэх гэх мэт боломжуудтай нь ярилцдаг буюу сурагчийн хувийн хэрэгтэй төстэй. Харин дээрэлхэлт гэдэг зүйлийг чухалчлан авч үзэх ёстой. Хүн болох багаасаа ирээдүйд нийгэмд биеэ даасан, хариуцлагатай иргэн болж төлөвших учиртай” гэжээ.
БАГШ НАРАА ХҮМҮҮЖҮҮЛЭЕ!
Нөгөө талдаа сурган хүмүүжүүлэх багш нар нь хүүхдэдээ гар хүрч, зодох, зүй бусаар харьцах асуудал ч цөөнгүй гарах болсон. Сургуулийн өмнө боловсрол буюу цэцэрлэгийн хүүхдүүдийг хүмүүжүүлэх, өдрөөс өдөрт суралцах бүхнийг нь зааж сургаж, эцэр, эхээс нь илүү ойр байдаг хүн бол цэцэрлэгийн багш. Гэтэл цэцэрлэгийн багш таны эзгүйд, нүднээс далдуур хүүхдийг тань цохиж, чимхэж, зоддог бол яах вэ. Хамгийн сүүлд Архангай аймгийн сумын цэцэрлэгийн багш хүүхдүүдтэйгээ зүй бус харилцаж, зодож буй бичлэг сошиал орчинд тархав. Гэтэл тухайн багшийн асуудлаар БШУС-ын сайд нь хариуцлага тооцох бичиг хүргүүлнэ, харин түүнд хариуцлага тооцох эсэхийг сумын Засаг дарга нь шийдэх нь. Угтаа бол салбарын сайд нь мэргэжлийн хүмүүсээ томилж, мэргэжлийн шаардлага тавьж эхэлбэл аль аль талдаа хэрэгтэй. Гэтэл манайд эсрэгээрээ сумын, аймгийн, дүүргийн Засаг дарга нар л “танил, ах дүүс”-ээ л сургуулийн удирдлагаар томилдог жишиг нь багш нарын ур чадвар, сэтгэлтэй холбоотой гэдгийг тайбарлах хүмүүс бий.
Гэхдээ хэн нь ч томилсон байсан багш бол сурган хүмүүжүүлэх, сургах, үүрэгтэй. Тиймээс багшийн мэргэжил эзэмшиж байгаа, одоо ажиллаж байгаа гээд бүх багш нарт хүн байхын утга учрыг ойлгуулж, хүмүүжүүлэе. Тэгэхгүй бол олон эцэг, эх айдаст автаж, хүүхдээ хатуу, чанга багш нарын гарт өгөхгүй татгалзаж эхлэх вий.
Хүний нутагт ч, Монголдоо ч хамгийн түрүүнд хамгаалагдах эрх нь хүүхдийн эрх. Улсынхаа ирээдүй болсон үрсийнхээ төлөө зүрх бүхэн цохилж, хүн бүр сэтгэл гаргахгүй бол бид ирээдүйд хэнийг бүтээж, хэнийг хүмүүжүүлж байна вэ гэдэгтээ дүгнэлт хийх цаг иржээ гэдгийг энэ олон үйл явдлууд сануулсаар байна.
Холбоотой мэдээ