"Цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэл 18 хувиар өссөн"

Хуучирсан мэдээ: 2021.12.06-нд нийтлэгдсэн

"Цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэл 18 хувиар өссөн"

"Цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэл 18 хувиар өссөн"

"Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалантай ярилцлаа.


-Цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэл, энэ төрлийн зөрчлийн дуудлага, мэдээлэл өссөн гэсэн. Хуулийн хүрээнд ямар арга хэмжээ авч байна?

-Энэ оны эхний 10 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 32 мянга гаруй ирсэн. Өмнөх оны мөн үеэс нэг хувиар нэмэгдсэн. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тухайд 1107 бүртгэгдсэн. Энэ нь өмнө оноос 18 хувиар өссөн үзүүлэлт. Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг зөрчих зөрчил 7559 бүртгэгдэж 10 хувиар буурсан байгаа юм.

Гэхдээ энэ тоо буурсан нь өнгөн дээрээ сайшаалтай харагдаж байгаа ч эсрэгээрээ үзүүлэлт. Учир нь хөл хорионы хугацаанд хүчирхийлэл үйлдэгч болон хохирогч хаалттай хаалганы цаана байснаар тусламж авах байдал хомс байсантай холбож зөрчлийн тоо буурсан байх магадлалтай.

Дээр хэлсэн статистикт багтсан бүх зөрчил болоод гэмт хэрэг цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа. Харин далд үйлдэгдэж буй хүчирхийллийг бид хянах боломжгүйд асуудал байна.

-Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл өдөртөө 100-150 ирдэг гэлээ. Ихэнх хүн үүнийг архи, ажилгүйдэлтэй холбож үздэг. Гэтэл архи уудаггүй, ажил төрөлтэй, боловсролтой, мөнгөтэй хүмүүс ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь цөөнгүй  байдаг шүү дээ?

-Гэр бүлийн хүчирхийлэл бол аливаа хүний боловсрол, ажил эрхлэлт, нас хүйсээс үл хамаарч үйлдэгддэг онцлогтой гэмт хэрэг, зөрчил. Тиймээс суурь шалтгааныг нь хүмүүс архинаас хамааралтай гэж дүгнэх нь бий. Хүмүүс архинаас л болсон гэдэг ч бодит байдал дээр эрх мэдлийн тэнцвэргүй харилцаа буюу хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэхээс эхэлдэг. Энэ үндсэн шалтгааны суурь нь гэр бүлийн хүмүүжил. Архидалт, ажилгүйдэл болоод нийгмийн бусад хүчин зүйл нь хүчирхийлэл үйлдэгдэхэд нөлөө үзүүлж байгаа зүйл мөн. Гэхдээ суурь шалтгаан бол хүмүүжлээс эхэлнэ. Багаасаа хүчирхийлэл дунд өссөн хүний сэтгэл зүйд нөлөөт хүчин зүйл байгаа гэсэн үг. Түүнээс болж гэр бүлийн харилцаан дээр асуудал үүсэхэд эрх мэдлээс шалтгаалсан хүчирхийлэл гарч эхэлдэг.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн дагуу цагдаагийн алба хаагч тухайн дуудлага мэдээлэл дээр очоод хүчирхийлэл мөн байна уу үгүй юу гэдгийг шалгаж шийддэг. Яагаад гэвэл утасны цаанаас хүмүүс дуудлага өгч байгаа учир заавал газар дээр нь очиж тухайн хэрэгт аюулгүйн дүгнэлтийг хийж байж хэргийг гэмт хэрэг эсвэл зөрчил гэж үздэг байгаа.

Хүчирхийлэл үйлдэгчийн үйлдэлд тохирсон, оновчтой шийтгэл ногдуулж, хохирогчийг хамгаалах нь зүйн хэрэг. Хүчирхийлэл үйлдэгчийг баривчлагдсан байх хугацаанд нь “Зан үйлд нөлөөлөх албадан сургалт”-д хамруулж, дахин хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлдэг. Нийслэл хотод энэ ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа баривчлах төв хариуцан хэрэгжүүлдэг бол орон нутагт цагдаагийн байгууллага хариуцан ажилладаг.

"БЗД, СХД ДҮҮРЭГ, ХӨВСГӨЛ, БАЯНХОНГОРТ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ДУУДЛАГА ИХ ИРДЭГ"

-Тэгвэл хүн амын суурьшлаас хамаарч аль аймаг, дүүрэгт энэ төрлийн хүчирхийллийн дуудлага их бүртгэгдэж байна вэ?

-Нягтралаас хамаарч гэр бүлийн хүчирхийллийн тухай дуудлага мэдээлэл орон нутаг болоод нийслэлд харилцан адилгүй бүртгэгддэг. Тухайлбал, нийслэлээс Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт, орон нутгаас Хөвсгөл, Баянхонгор аймагт гэр бүлийн хүчирхийллийн дуудлага их ирдэг. Энэ нь тухайн бүс нутгийн хүн амтай харьцуулсан үзүүлэлт юм.

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч өөрийн болоод гэр бүлийн нэр төрөө бодож, үр хүүхдийнхээ төлөө ч юм уу хүчирхийллийн талаар огт мэдээлдэггүй онцлог байдаг. Зарим хохирогч хүчирхийлэлд өртөөд байгаагаа ч мэддэггүй. Түүнээс болоод хаалттай хаалганы цаана гэр бүлийн хүчирхийлэл гарах тохиолдол нэмэгдэж, даамжирч байдаг. Тиймээс хөршийн холбоо өнөөдөр маш чухалд тооцогдож байгаа.

-Хүмүүс гэрч болохоос эмээж хөршийндөө болж буй хүчирхийллийн талаар цагдаагийн байгууллагад мэдээлдэггүй. Буруу ташаа дуудлага өгсөн гээд эргээд мэдээлэл өгсөн иргэн буруутан болох нь бий. Нөгөө талаасаа хүчирхийлэгчийн "овоон хараанд" өртөх эрсдэлээс эмээх нь ч байдаг. Ер нь дуудлага өгсөн, мэдээлэл өгсөн иргэдийн мэдээллийг цагдаа нар алдах эрсдэл ихтэй шүү дээ. Тэгэхээр гэрчийн, мэдээлэл өгсөн иргэний аюулгүй байдлыг хэн яаж хамгаалах вэ?

-Хажуу айлдаа гарч буй хүчирхийлэл байж болзошгүй мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад өгснөөр шийтгэл амсана гэж айх шаардлагагүй. Дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаад үнэхээр гэр бүлийн хүчирхийлэл мөн бол хуулийн дагуу хариуцлагыг тооцоод явдаг. Харин хүчирхийлэл биш тохиолдолд мэдээлэл өгсөн иргэнийг торгож, байцаана гэдэг ташаа ойлголт. Олон нийтийн сүлжээн дээр иргэд хөршийн холбоог үгүйсгэж, гэрч болохгүй байх талаар мэдээлэл солилцсон байдаг.

Хуулийн хүрээнд танилцуулбал, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өгч байгаа хөндлөнгийн хүний мэдээллийг чанд хадгалдаг болсон. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орохоос өмнө гэрчийн аюулгүй байдалд эрсдэл учирдаг байсан нь үнэн. Цагдаагийн алба хаагч мэдээллийг задруулахгүй  ч зөрчил гаргасан этгээд хэргийн мэдээлэлтэй танилцаад хэн дуудлага өгсөн талаар мэддэг байсан.

Харин одоо гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил дээр хэрэг үйлдсэн этгээд болон түүний өмгөөлөгчид хэргийн материалыг танилцуулахдаа хөндлөнгийн хүний өгсөн дуудлага, мэдээллийг танилцуулахгүй байж болдог болсон. Энэ заалт гэрчийн аюулгүй байдлыг хуулиар хангаж, хамгаалж байгаа гэж ойлгож болно. Тиймээс иргэд мэдээлэл задарна гэх айдасгүй хүчирхийллийн талаар цаг алдалгүй дуудлага өгөхийг хүсч байна.

-Цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлуудын тухайд ямар явцтай байгаа талаар сонирхуулахгүй юу?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлын хувьд үр дүн нь шууд харагддаггүй.  Өөрөөр хэлбэл, бугшсан зүйлээс салахад өргөс авч байгаа мэт шууд өвдөлт намдана гэж байхгүй. Энэ төрлийн хүчирхийллийг бууруулахад иргэдийн ухамсар хамгийн өндөр үүрэгтэй. Цагдаагийн байгууллагаас мэдээж тогтмол ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа ч хүний ухамсарт бид шууд 100 хувь нөлөөлөх боломжгүй.

Covid-19-өөс шалтгаалж хоёр жилийн хугацаанд хөл хорионы дүрэм журмыг хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн бүртгэгдэх зөрчил буурсан ч гэмт хэргийн тоо өссөн. Хохирогч, хүчирхийлэл үйлдэгч нэг орчинд удаан хугацаанд амьдраад ирэхээр хохирогчид бусдаас тусламж гуйх боломж буурсан. Энэ байдлаас шалтгаалж гэмт хэрэг өссөн.

Нөгөө талдаа олон улсын байгууллагуудын хийсэн судалгаагаар цар тахлын үед хүн их бухимдаж, стрессээ гэр бүлдээ гаргах тохиолдол нэмэгдсэн байгаа юм. Тухайлбал, АНУ, Аргентин, Англи, Франц, Германд хөл хорионы хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 20-70 хувь өссөн үзүүлэлттэй гарсан байна. Монгол Улсын цагдаагийн байгууллага цаг хугацааны нөхцөл байдлаас хамааралтай болон урт хугацааны турш авч хэрэгжүүлэх арга хэмжээг шат бүрд авч хэрэгжүүлсээр ажиллаж байгаа. Үр дүнгийн хувьд удаан хугацааны дараа ажиглагдана. Өнөөдөр шууд дүгнэж хэлэх боломжгүй.

"ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААГҮЙ БОЛ ХҮН АМИНЫ ХЭРЭГ, ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД ХОХИРСОН ТОО МАШ ӨНДӨР БАЙХ БАЙСАН"

-Хүчирхийлэл үйлдэгч баривчлагддаг ч эргэж гараад өс санах нь их. Тийм хүмүүсээс гэр бүлийг нь, гэрчийг хамгаалах талаар ямар арга хэмжээ авдаг вэ?

-Баривчлагдсан этгээд дахин хүчирхийлэл үйлдсэн тохиолдол  харьцангуй цөөн байдаг. Учир нь тухайн этгээдийг баривчлах төвөөс гараад ирэхэд нь цагдаагийн байгууллагаас дахин уулзаж хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн жил хүүхдийн асуудал хариуцсан 103 мэргэжилтний орон тоог нэмсэн. Эдгээр мэргэжилтнүүдийг эхний ээлжид сургалтад хамруулж, эргэх холбооны ээлжид оруулж ажиллаж байна. Тодруулбал, удаа дараа гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл өгдөг, шүүхээр баривчлагдсан, энэ төрлийн ял шийтгэл эдэлж байсан хүмүүс цагдаагийн байгууллагын судалгаанд байдаг. Хөл хорионы үед эдгээр айл өрхүүдэд гэр бүл, хүүхэд залуучуудын газар, хамтарсан багийн гишүүдтэйгээ хяналт тавьж ажилласан байгаа. Одоогийн байдлаар 2000 орчим айл өрх цагдаагийн байгууллагын хяналтад байдаг. Нэг өрх багадаа 2-3 хүүхэдтэй гэж үзвэл тэр тооны хүүхдийг бид хүчирхийлэлд өртөхөөс сэргийлж байгаа гэсэн үг.

Хамтарсан баг долоо хоногт 3-4 удаа гэрт нь очих, тухайн өрхийн хаягийг эргүүлийн хаягт тусгаж тогтмол хяналт тавих, утсаар холбогдох зэрэг ажлуудыг хөл хорионы хугацаанд хийсэн. Эдгээр ажлуудыг одоо тогтмол болгоод явж байна.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн давуу тал мэдээж их бий байх. Хэрэв энэ хууль батлагдаагүй бол ямар хохирол их учрах байсан бэ. Мөн хүчирхийллийн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй мэдээлснээр ямар эрсдэлд оруулж байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийллийн хэргийг одоогоос хэдхэн жилийн өмнө гэмт хэрэг, зөрчлийн алинд ч хамааруулж үздэггүй байлаа. Тухайн үед гэр бүлийн дотоод асуудал гэж авч үздэг байсан зүйлийг өнөөдөр хуульд тусгаж оруулж ирсэн нь хамгийн оновчтой шийдвэр болсон. Хэрэв хуулиар тусгаагүй бол жилд бүртгэгдэх хүн амины хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулах гэмт хэргийн тоо маш өндөр байх байсан.

Хуулийн байгууллагын зүгээс гэмт хэргийн мэдээллийг олон нийтэд дэлгэрэнгүй хүргэх нь дасгах, гэмт хэргийг өөгшүүлэх зэрэг эрсдэлтэй гэж үздэг. Үүнээс болж хүчирхийллийг илрүүлж чадахгүйд хүрч, ирээдүйд учрах хор хохирол бүр ч нэмэгддэг сул талтай. Тиймээс гэмт хэрэг зөрчил дээр сэтгүүлчид мэдрэмжтэй байж хандалтаас илүү ёс зүйтэй байхыг хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж