Д.Ганболд: АН эрх баригч нам болох ёстой

Хуучирсан мэдээ: 2021.12.05-нд нийтлэгдсэн

Д.Ганболд: АН эрх баригч нам болох ёстой

НЭМЭЛТ:

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:


-Бид нэг хүний дарангуйллаас айж, болгоомжилж ирсэн. Гэтэл өнөөдөр нэг хүний биш нэг намын дарангуйлал Монгол Улсад тогтчихлоо. Үндсэн хуульд “Төрийн эрх мэдэл харилцан хяналттай байна. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл бие биедээ уусахгүй, хянадаг байна” гэж заасан. Гэхдээ бодит байдал дээр нэг нам үнэмлэхүй олонх болсноор Үндсэн хуулийн амин сүнс байхгүй боллоо. Энэ нь эргээд Монголын ардчилалд аюул учруулж байна. Монгол Улс цаашдаа парламентын засаглалтай байя гэвэл улс төрийн намуудын төлөвшлөөс их зүйл хамаарна. Монголын зовлонг бодитоор ярьдаг, олон талаас нь бодлого уралдуулдаг хоёроос дээш улс төрийн нам байж Монголын парламент дархлаатай болно. Энэ байхгүйгээс болж Монгол Улсад бодлоготой нам алга.

Эрх баригч намын хувьд гишүүдээ дараагийн сонгуульд ялуулахын тулд тэрбумаар нь мөнгө хуваарилдаг бодлогыг хэрэгжүүлж байна.

Тус нам Эрээнд гацсан барааны асуудлыг шийдэж чадахгүй тийм л жижиг төрийн бодлоготой болжээ. АН-ын үед их гүрнүүдийн удирдагчдыг Монголд цуглуулж байсан түүхтэй. Геополитикийн хувьд Монгол Улс том тоглогч шүү гэдгийг АН нотолж харуулж байсан. Одоо энэ бодлого алга. Тиймээс улс төрийн намууд бодлогын нам болж өөрчлөгдөх ёстой.

Улс төрийн намаас сонгогдсон гуравхан гишүүн 32 тэрбумыг хөшөө дурсгалд бариулна гэх өчүүхэн бодлогоор Монголын төр цаашид явахгүй. Намын гишүүдийн тоогоор хөөсөрч уралддаг үе ард үлдсэн.

Монгол хүний асуудлыг шийдэх, бодлогоор л уралддаг байх ёстой. Эрх баригчдаас энэ бодлогыг хэрэгжүүлэхийг шаардана. Монгол Улсын Ерөнхийлөгч улс төрийн намаас түдгэлзсэн болохоос биш МАН-ын төлөөлөгч биш. Тэр утгаараа улс төрийн намын хуулийн шинэтгэлийн бодлогыг дэмжих түүхэн үүрэгтэй гэж бодож байна. Ингэж байж Монголын ардчилал цааш явна. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 30 гаруй нам бий. Гэхдээ ихэнх нь төрийн ачааг үүрэх нам биш. Дарга дагасан тамга, тэмдэгтэй намууд олон байна. Сонгууль дөхөхөөр намаа зарчихдаг. Сонгуульд оролцдоггүй, бодлого байхгүй. Монгол Улс ийм тоглоомын намтай байж болохгүй. Тиймээс улс төрийн намуудыг шинэчлэн бүртгэх ёстой. Сонгуульд ялсан нам Монголын төр болж хувирдаг. Гэтэл өнөөдөр эрх баригч намын амлалт нь ярьдаг шигээ байдаггүй. Дандаа эсрэгээрээ.


УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын тэргүүн дэд дарга Д.Ганбат:


-Эрх баригчдын хувьд цар тахалтай тэмцэх тусгай хуулиар далимдуулан хүний эрхийг хязгаарлаж, халамжаар тайвшруулахыг оролдож байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Иргэн хүн үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийж улс төрийн үйл хэрэгт оролцох эрх ноцтой зөрчигдөж байна.

Эрх баригчид нэг гартаа гав барьчихаад нөгөө гартаа хүний эрхийг хамгаална гэж ярьж байна. Тэдний ярих нь сайхан боловч хэрэгжих нь тэс ондоо. Тэд ардчиллыг цаасан дээр буулгасан онол төдий ашиглаж арьсаа хамгаалж байна.

Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг илт худал мэдээлэл тараасан гүтгэсэн гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэж, дарамт шахалт үзүүлэх боллоо. Тухайлбал, энэ төрлийн зөрчил 2017 онд 28, 2018 онд 486, 2019 онд 355 бүртгэгдсэн. 2017 онд дөрвөн сэтгүүлч, 2018 онд 17 сэтгүүлч, нэг хэвлэл мэдээллийн байгууллага хариуцлага хүлээсэн.
АН иргэний болон хэвлэлийн эрх чөлөөний төлөө тууштай тэмцсээр байх болно. Хүний эрх, эрх чөлөөний асуудал АН-тай салшгүй холбоотой бөгөөд Монголын ард түмэн ч ингэж хардаг гэдэгт би итгэлтэй байна. АН сонгуульд ялагдаж, МАН ялаад байгаа нь тэдний сайных биш. Харин бидний алдааных. Алдаанаасаа ангид хэн ч байхгүй. Гагцхүү алдаагаа засдаг, гаргасан алдаагаа давтдаггүй байх нь бидний арга барил байх ёстой. АН нээлттэй шилэн нам. Тиймдээ ч асуудлаа иргэдийн өмнө ил ярилцдаг. Цаашид АН талцаж хуваагдах биш эвлэлдэн нэгдэх ёстой.


АН-ын дарга М.Тулгат:


-Чөлөөт зах зээлийн эдийн засаг, парламентын  ардчилсан улс төрийн тогтолцоог сонгосны үр дүнд Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 400 ам.доллар байснаас 4000 ам доллар болж, 20 жилийн дотор арав дахин өссөн. Энэ бол ардчилал, чөлөөт нийгмийн үр шим. Гэвч сүүлийн арван жилд нэг хүнд ногдох ДНБ 4000 ам.доллар дотроо эргэлдлээ. Эдийн засаг тэлсэнгүй. Үүнд улс төрийн арчилал гажуудаж, мөнгөний улс төр явагдах болсонтой холбоотой.

АН хүчтэй байж хүний эрх баталгаажна, хуулийн засаглал бат оршино. АН хүчтэй байж цар тахлын хүнд үеийг давж, эдийн засгаа тэлнэ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд АН-ын дотоод асуудал хүндрэлтэй, ээдрээтэй байж сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхэд учир дутагдалтай байсан. Хэдий тийм боловч бид үүнийг боломж гэж харж, намаа үндсээр нь шинэчлэх ёстой. АН-ын хувьд дотоод ардчилал амин чухал асуудал. Үүнд намын дүрмээ мөрддөг улс төрийн соёл, мөнгөний бус үзэл санааны улс төр, уламжлалт шинэчлэлээ хослуулсан, эрүүл өрсөлдөөн явагддаг бодох шаардлагатай.
Өнөөдрийн залуус АН-ыг ойлгохоо больсон. АН-ыг өмнөх Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаар төсөөлж байна. АН-ыг хөгшин, хуучин нам гэж хардаг болжээ. Өөрсдийнхөө үзэл санааг залуусд хүргэх нь маш чухал. Залуу сонгогчдыг АН-руу татах ёстой. Бид өмнөх алдаагаа давтаж болохгүй.
Өнгөрсөн 30 жилд АН нийгэм, эдийн засгийн суурь өөрчлөлтүүдийг хийсэн ч эргээд бие, биеийгээ үгүйсгэдэг, нэг лидер нь нөгөө хүнийхээ баримталсан бодлого, шийдвэрийг шүүмжилж няцаадаг. Гишгэсэн мөр, хийсэн алхмаа үгүйсгэдэг. Хууль шүүхийн байгууллагыг дотоод өрсөлдөөнд ашиглаж өрсөлдөгчөө намнадаг шоронд хийдэг. Энэ нь эргээд АН-ын нэр хүндийг унагаж байна. Тиймээс нэг үзэл баримтлал, бодлого хөтөлбөрийнхөө дор жигдрэн жагсах ёстой. Тэр үед АН хүчтэй болно.


АН-ын анхны дарга Д.Ганболд:

-Үндэсний чуулганыг ойн баярын өдөр хийж байгаа нь их хариуцлагатай, ач холбогдолтой зүйл. Бид олон төрлийг ойг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд монголчууд гурван том ойг тэмдэглэнэ. Эхнийх нь АН-ын 30 жилийн ой.

Хоёрдугаарт Ардын хувьсгалын 100 жилийн ой. Хэдийгээр бид өнөөдөр өрсөлдөгч намын үйл ажиллагааг шүүмжилж байгаа ч 1921 онд болсон хувьсгалыг огт анхаарахгүй орхиж болохгүй. Энэ бол Монгол Улсын түүхэнд хамгийн ач холбогдолтой түүхэн ой гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ бүгдийг эргэцүүлж, харьцуулж дүн шинжилгээ хийхгүйгээр АН-ын өмнө тулгараад байгаа бусад бэрхшээлтэй асуудлуудыг бодитой, эерэгээр шийдэж чадахгүй болов уу гэж би хувьдаа боддог. 1911 он дараа нь залгуулаад 1921 он.

Тэр үед хоёр хөрш улс төрийн хүндхэн нөхцөл байдалтай давхцаж, Монгол Улсад 1911 оны тусгаар тогтнолын эхний арга хэмжээнүүд хэрэгжсэн. Өнөөдөр тэмдэглэж байгаа эрх чөлөө, тусгаар тогтнол тэр үед суурь нь тавигдсан.

1990 онд болсон Ардчилал нэг талаасаа бидний өөрсдийн хүчин чармайлт, нөгөө талаасаа хоёр хөршийн эдийн засаг, нийгмийн асар их өөрчлөлтүүдтэй давхацсан учраас амжилтад хүрсэн. 30 жилийн өмнө Монгол Улс тэр нэгэн өдрийн үүлэн чөлөөний нарыг зөв ашигласан шиг ойрын 4-5 жилийн хугацаанд дахиад нэг үүлэн чөлөөний нар гарах бололцоо бий. Хэрэв 1990 онд АН тэмцээгүй бол хуучин системтэйгээ зууралдаад үлдэх байсан. Ардчилал өөрөө балчир, нялх. Хэдийгээр бид 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа ч 200-300 жилийн ардчиллын түүхтэй бусад улс оронтой харьцуулахад дөнгөж хөлд орж байгаа хүүхдийн дайтай туршлагыг хуримтлуулж явна. Сүүлийн 30 жилийн түүхэнд Монгол Улсад хамгийн өөдрөг, гэгээтэй зүйлс бүхэн АН-ын үйл ажиллагаатай холбоотой. Үүнээс битгий ичицгээ. Үүнийгээ ярьж, тайлбарлаж, бахархаж сурах ёстой.

Өнөөдөр эдийн засгийн хурд саарч, ядуурал нэмэгдэж баян, хоосны ялгаа асар их байна. 10 мянган хүнд оногдох Covid-19 халдварын тохиолдлоор Монгол Улс дэлхийн эхний арван улсын тоонд явна.

Азаар хүн ам цөөхөн тулдаа өдий дайтай явж байна. Гэхдээ үр ашиг, чанарын үзүүлэлтийн хувьд тэргүүн эгнээнд байж чадахгүй байгаа. Энэ нь өнөөгийн эрх баригчидтай холбоотой. Үүний хариуцлагыг АН ч бас давхар хүлээх ёстой.

Хэрэв АН хариуцлагатай, зохион байгуулалттай, хууль дүрмийг дагадаг байсан бол өнөөдрийн эрх баригчдыг ингэж давраахгүй байх байсан. Тиймээс ингэж давраасны хариуцлагыг бид өөрсдөө хүлээх ёстой.

Бид 2024 оны сонгууль ямар хуулиар явахыг тааж чадахгүй байна. 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа мөртлөө хичнээн олон удаа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулав. Амин чухал хуульд байнгын өөрчлөлт оруулах нь маш буруу, ухарсан, улам будлиантуулсан өөрчлөлтүүд орж байна. Тиймээс АН дотоод журмаас эхлэх ёстой. 30 жилийн хугацаанд намынхаа дүрмийг хичнээн удаа өөрчлөв. Надад таалагдахгүй байсан ч гэсэн дүрмээ дагадаг, дүрмээ зөрчсөн хүнд хариуцлага тооцож чаддаг болсон цагт бид АН-ыг Монголын нэгдүгээр эгнээний нам болгож чадна. Манай нам, дүрэм муудаа биш. МАН-ыг хар. Олуулаа болохоор л хуульд өөрчлөлт оруулдаг. Үнэнийг хэлэхэд АН ийм аргаар явж ирсэн.

Дэд бүтэц, эрчим хүч, соёл, боловсрол зэрэг бүх салбарт хоёр хөршдөө биш зөвхөн өөртөө найдахаас өөр арга байхгүй. Энэ бүгдийг хэрэгжүүлэхийн тулд АН эрх баригч нам болох ёстой. Дангаараа эрх барих ёстой. Үүний тулд журмаа баримталдаг байх нь чухал.


Ардчилсан намын /АН/ Үндэсний анхдугаар чуулган өнөөдөр /2021.12.05/ болж байна. Чуулганыг нээж АН-ын Зөвлөхүүдийн танхимын тэргүүн С.Эрдэнэ үг хэлэв.

Тэрбээр "Үндэсний хэмжээний томоохон намын хувьд ардчиллын үнэ цэнийг үнэлж дүгнэхийн тулд Үндэсний анхдугаар чуулганаа эхлүүлж байна. Уг чуулганы зорилго нь улс оронд үүсээд байгаа хүндрэл бэрхшээлтэй олон асуудлын шийдэл гарцыг олох юм.  Бид коммунизмын дор 70-80 жил дарлуулсан бол үүнийг залгаад эрх баригч намын  ковидизмын дарлалд хоёр жил дарлууллаа. Иргэд бизнес эрхлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, зорчих зэрэг ардчиллын үнэт зүйл болсон бүх эрх чөлөөгөө  хоёр жил хориуллаа. Энэ хугацаанд Монгол Улс эдийн засаг, улс төр, хүний эрхийн хохирол амслаа.

Бид өнөөдөр үгээ хэлж, монгол түмнийг сэрээх цаг болсон. АН сөрөг хүчнийхээ байр суурин дээр эргэн ирж, Монгол түмнээ манлайлан шударга ёсны төлөө тэмцэх цаг болжээ.

АН дотооддоо асуудалтай байгаа хэдий ч  улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд үйл ажиллагаа явуулах хүч чадалтай Үндэсний улс төрийн нам хэвээр байна. Бидний дотоод маргаан, зөрчилдөөнийг дэвэргэж АН хэзээ ч эвлэрэхгүй мэтээр нийгэмд ойлгуулахыг зорьж байгаа улс төрийн хүчин дотоод, гадаадын зорилго бүхий бүлэг этгээдүүд бий. Бидний эв нэгдлийг бусниулах гэсэн бусдын санаархал, зорилгыг хангасан үйл ажиллагаанд хэзээ ч автаж болохгүй. Монгол Улс Ардчилсан хуультай. АН тэртээх 1989-1990 онд Монгол түмнээ уриалан дарангуйлалтай нийгмийг сэргээх хонхны дуугаа эгшиглүүлж, ардчиллыг тогтоосон. АН  шударга ёс, эдийн засгийн эрс өөрчлөлт реформыг хийж чадсан. Хэдийгээр бид  дангаараа олонх болж засаглаж үзээгүй хэдий ч  хоёр удаа олуулаа болж бусад улс төрийн намтай хамтран эвслийн Засгийн газар байгуулж ажилласан.

Хоёрхон удаа засаглахдаа найман жилийн түүхэнд өнөөгийн эрх баригчдын 100 жил хийгээгүй реформ, өөрчлөлтийг хийж чадсан.

Энэ бол АН-ын үнэт зүйл. Бид эрх баригчдын замбараагүй, эрээ цээргүй үйдлийг таслан зогсоох цаг болсон. Өнөөдөр улс орны гадаад, дотоод нөхцөл байдал ямар байгаа билээ. Үүнийг надаар хэлүүлтгүй монгол түмэн мэднэ. Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд  алдаж, оносон олон зүйл байсан. Гэхдээ оносон нь алдсанаасаа хэт дахин илүү гэж боддог. Үүгээрээ ч би бахархдаг. Сүүлийн үед АН-ын 30 жилийг харлуулж, үгүйсгэх, ардчиллын лидерүүдийг барьж шоронд хийсэн үйл явдлууд тасралтгүй болж байна.

Алдаа байсан. Гэхдээ бид нийгмийн хэмжээний алдаа гаргаагүй. Бид өмч хувьчлалыг эхлүүлсэн. Энэ нь тухайн үеийн алдаа байсан байж болно.

Өмч хувьчлалын үр шимийг хэн хүртсэн юм. Эрх баригчдын яриад байгаа шиг АН өмч хувьчлалыг завшаагүй. 1990-ээд онд эрх мэдэл, албан тушаалтай АН-ын гишүүд бараг байгаагүй. Тэр үед нийгмийн бүхий л салбарт эрх мэдэл, албан тушаал МАХН-д байсан. Тухайн үеийн хурган дарга нар дунд, дээд шатанд байсан коммунистууд бүгдээрээ өмч хувьчлалын үр дүнд  баян тансаг болсон. Бид өнөөгийн эрх баригчдад зүй ёсны шаардлагыг удаа дараа тавьсан. 

Магадгүй бидний тавьсан шаардлага сул, үлбэгэр байсан байж магадгүй. Тэгвэл одоо бид 1990 оных шиг  эрч хүчтэй, тэмцлийн хэлбэрт шилжиж ажиллах цаг үе тулгарч байна.

Монгол түмэнд эрх чөлөөг авчрах гэж АН-хан ямар ч үнэ төлбөргүй явж ирээгүй юм шүү. Зам зуур бидний журмын олон арван нөхөд  бурхны оронд заларсан. Тэдний маань үйл хэрэг мөнхөд оршино гэдэгт би эргэлздэггүй. АН дараа, дараагийн олон улс төрийн шалгалт, сорилтыг давах сэтгэлзүйн болоод итгэл үнэмшлийн бэлтгэлтэй ёстой" гэдгийг онцоллоо.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
326
ТэнэглэлТэнэглэл
20
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж