Амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай гэж итгэхийн аргагүй хүмүүсийг хүнсний талоноос хасч байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа долдугаар сарын 29-нд зарласан. Тэрбээр “Хүнс тэжээлийн журамд өөрчлөлт оруулснаар амьдралын боломжтой хүмүүс хүнсний талон авдаг байсан нь тогтоогдсон. Бидний үнэлгээгээр 900 гаруй өрхийн 5525 иргэн хүнсний талоноос хасагдах тооцоо гарсан. Нэг сард 70 орчим сая төгрөгийг хэмнэж байна. Уг нь хүнсний талон олголт цаг хугацааны хувьд байнгын хяналттай эргэх холбоотой байх ёстой” гэсэн юм.
Мөн хүнсний талон авч буй иргэдийн 30 гаруй хувь нь өөрийн эзэмшлийн автомашинтай, 4.4 хувь нь малтай байсан зэргийг УИХ-ын дарга Г.Зандашатар дурдсан байдаг. Төрийн байгууллагууд өөр өөр мэдээлэлтэй, тус тусдаа мэдээллийн сантайн улмаас төрийн зарим шийдвэрүүд зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй байгааг халамжийн шийдвэрүүдээс харж болохоор. Төрөөс халамжийн чиглэлээр 72 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Жилд 800 мянга гаруй иргэн төрийн хишиг хүртэж байгаа нь дунджаар таван хүн тутмын нэг нь гэсэн үг.
Сүүлийн таван жилийн статистик дүнгээс харвал халамж авсан хүний тоо мөн л сүүлийн хоёр жил өсчээ. Ялангуяа 2020 онд нийт халамж авсан хүний өмнөх жилийнхээс 7.7 хувиар өссөн нь рекорд тогтоожээ. Хүнсний талон авдаг иргэдийн 46 хувь нь буюу 100 гаруй мянган хүн ажил хөдөлмөр эрхлэх боломжтой гэх судалгааг салбар яамнаас гаргасан байна.
Тиймдээ ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүнсний талоны журамд өөрчлөлт оруулж цахимжуулна гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хүнсний талоны үйлчилгээг НӨАТ-ын баримт буюу Е-баримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдээр олгохоор төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байгаа. Тус ажлын хүрээнд хүнсний талон авдаг иргэдийг картжуулах, пин коджуулах, пос машины хөгжүүлэлт, хүнсний бүтээгдэхүүнийг бар коджуулах, сервисийн хөгжүүлэлт зэрэг олон ажлыг шат дараатайгаар төр, хувийн байгууллага хамтран зохион байгуулжээ. Ингэснээр сонгон шалгаруулалтад шалгарсан зөвхөн гэрээ бүхий заасан дэлгүүрээр хүнсний талон авдаг иргэд үйлчлүүлдэг байсныг болиулсан байна. Мөн дата анализ хийх боломж бүрджээ. Ингэснээр сард 405 сая төгрөг, жилд 4.8 тэрбум төгрөг хэмнэх гэнэ.
Холбоотой мэдээ