Анхаарал татсан томилгоонуудыг хийж, асуудлууд цэгцрэв

Хуучирсан мэдээ: 2021.12.05-нд нийтлэгдсэн

Анхаарал татсан томилгоонуудыг хийж, асуудлууд цэгцрэв

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох үйл явдлыг хүргэж байна.


ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД БҮРДЭВ

УИХ арванхоёрдугаар сарын 2-нд Шүүхийн Ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг томилсон. Түүний томилгоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаануудын үеэр багагүй шүүмжлэл дагуулсан ч ийнхүү томилогдлоо.

Монгол Улсын Үндсэн хуульд “ШЕЗ-ийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэсэн зохицуулсан.

Энэ үзэл баримтлалын хүрээнд өнгөрсөн аравдугаар сарын 11-нд Монгол Улсын нийт шүүгчийн анхдугаар чуулган болж ШЕЗ-ийн шүүгч гишүүдийг сонгосон. Үүний дараа УИХ-аас ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүнийг нээлттэйгээр сонгон шалгаруулж, томилсноор ШЕЗ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ. Тодруулбал, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдээр  Н.Отгончимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг,  Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг нар томилогдсон.  ШЕЗ-ийн дарга Э.Батбаярын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан дараагийн дарга томилогдох хүртэл  ШЕЗ-ийн хамгийн ахмад гишүүн болох Д.Зүмбэрэллхамд тамгыг хүлээлгэн өгчээ.


ЭЛЧИН САЙД Л.БОЛДОД  ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙГ НЬ ГАРДУУЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арванхоёрдугаар сарын 2-нд Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанвандангийн Болдод  Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав.

Ерөнхийлөгч үндэсний язгуур эрх ашгийг дээдлэх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутагт эх орноо сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллахыг захилаа.

Ийнхүү ордны тэмцэгч тавын нэг  УИХ-ын гишүүн асан Л.Болд Бельгийн Элчин сайдаар томилогдож, жуух бичгээ өвөртөллөө.  Өмнө нь Ж.Батзандан Австрали руу Элчин зөвлөх болоод явсан.  Үүнээс үүдээд МАН өрөө төлж байна гэх шүүмжлэлд өртсөн. Түүнчлэн дэлхийгээр аялагч АНУ-гийн Элчин сайдаар томилогдсон нь Монголын дипломат албанд хэрхэн үнэгүйдсэний нэг жишээ болж байна.

Дипломат албаны тухай хуульд дипломат албан тушаалд томилогдох иргэн нь “Олон улсын эрх зүй, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй, дадлага туршлагатай, дээд боловсролтой, хоёр буюу түүнээс дээш гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн байна” гэж заасан байдаг. Харамсалтай нь сүүлийн үеийн томилгоог харахад дээр шалгуурт тэнцэхгүй хүмүүс дипломат албыг төлөөлөхөөр болж байна.


ЕБС-ЫН СУРАГЧДЫГ 45 ХОНОГ АМРААХААР БОЛОВ

Засгийн газрын ээлжит хуралдаан  арванхоёрдугаар сарын 1-нд болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцсэний дунд сурагчдын амралтын хуваарь багтав.

Тодруулбал, халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцгой комисс танилцуулга хийсэн юм. Үүнтэй холбоотойгоор хилийн хяналтыг сайжруулах, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг зохицуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон.

Улсын онцгой комиссын зөвлөмжөөр "Томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг энэ сарын 10-наас цахим сургалтад шилжүүлнэ. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 18-наас эхэлж, 45 хоног үргэлжилнэ" гэжээ. Түүнчлэн цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх асуудал яригдсан бөгөөд маргааш (2021.12.6) эцсийн шийдвэрийг гаргах юм.


ЭРСДЭЛТЭЙ БҮСЭЭС ИРСЭН ИРГЭДЭЭ 10 ХОНОГ 1 САЯ ТӨРГӨРӨӨР ТУСГААРЛАНА

Засгийн газрын ээлжит хуралдаан арванхоёрдугаар сарын 1-нд цар тахлын Омикрон хувилбар ДЭМБ-д бүртгэгдсэнтэй холбогдуулан болсон. ДЭМБ-аас омикрон хувилбарыг онцгой анхаарал татахуйц вариантаар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд бүртгэж авсан юм.

Улмаар эрсдэлтэй бүс буюу халдвар гарсан орнуудаас ирж байгаа дотоодын иргэдээ 10 хоног тусгаарлана. Мөн эдгээр улсаас гаднын иргэдийг хүлээж авахгүй байх шийдвэр гарсан. Харин бусад улс орноос эх орондоо ирж байгаа иргэд сайн дураараа гэртээ долоо хоног өөрийгөө тусгаарлан ажиглахыг зөвлөж буй. УОК-оос иргэдийг хувийнх нь зардлаар буюу том хүнийг нэг өдрийн 100 мянган төгрөг, 3-17 насны хүүхэд өдрийн 50 мянган төгрөгөөр тусгаарлана. Түүнчлэн тусгаарлалтын 18 газрыг бэлтгэсэн байна.

Одоогоор омикрон хувилбар дэлхийн 25 оронд бүртгэгдээд буй бөгөөд өнгөрсөн Баасан гаригт Энэтхэг улсад хоёр тохиолдол илэрсэн. Тус улсад УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаны хүмүүс албан ёсны айлчла хийгээд өнөөдөр (2021.12.5) буцаж ирэх юм.

Хилийн боомтуудад нэмэлт тандалтын баг гаргаж, шинжилгээ авч байна. Өнгөрсөн сарын 28-наас хойш 10 шугамаар түргэвчилсэн болон ПСР шинжилгээ авч байна.


УБТЗ-ЫН ДАРГААР Х.ХЭРЛЭНГ ТОМИЛОВ

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаан арваннэгдүгээр сарын 30-нд болж,  УБТЗ-ын даргад Х.Хэрлэнг томилсон. Х.Хэрлэнг Монголын Засгийн газраас санал болгосон юм. УБТЗ-ын даргын суудал эзгүй нэлээд удсан. Уг суудалд санаархагчид ч олон байв. Өөрөөр хэлбэл, Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарыг санал болгосон ч оросууд огт хүлээж аваагүй юм. Харин Х.Хэрлэнг хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар томилохоор болсон нь нэг талаасаа түүнтэй ойлгоцох боломжтой гэж үзсэн бололтой. Ямар ч байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хойд хөршид хийх айлчлалаас өмнө энэ асуудлыг шийдсэн нь Монгол, Орос хоёр тал хоёулаа Х.Хэрлэнд найдлага тавьж байна гэсэн үг.

Х.ХЭРЛЭН ТОВЧ НАМТАР

Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймагт төрсөн.

Эзэмшсэн боловсрол:

  • 1985-1991 онд Политехникийн Дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр
  • 1999-2001 онд МУИС-ийн  ХЗДС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Техникийн Ухааны магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • 1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч
  • 1995-1999 онд “Үлэмж” ХХК-ийн Дэд захирал
  • 2000-2006 онд АМХЭГ-ын Геологи Уул Уурхайн Кадастрын албаны дарга
  • 2006-2007 онд Үйлдвэр Худалдааны Яамны Хөнгөн үйлдвэрийн газрын Орлогч дарга
  • 2008-2010 онд  “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
  • 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга
  • 2012-2016 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
  • 2016-2017 оны “Монголын Төмөр Зам”  ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2017 оноос Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажиллаж байв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж