
Уулзалтын үеэр Ардчилсан намын дарга дарга Н.Алтанхуяг хэлэхдээ “ Миний хувьд хуучин анд нөхөдтэйгөө уулзаж байгаадаа таатай байна. Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа эрчимтэй хөгжлийн үе дээрээ явж байна. Танай улсын төрийн өндөр албан тушаалтнууд ойрхон хугацаанд манай улсад айлчлал хийлээ. Үүний мөрөөр олон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжихийн эхлэл тавигдаж байна гэдэгт итгэлтэй байна. Саяхан манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан төлөөлөгчид танай улсад айлчилсан. Манай хоёр улс болон нам хоорондын хамтын ажиллагаа цаашид улам хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Харин Хятадын Коммунист намын Төв Хорооны Гадаад Харилцааны газрын сайд Ван Жаруй танай Ардчилсан нам бол Монгол Улс төдийгүй дэлхийн тавцанд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн нам гээд цаашид улам амжилттай ажиллахыг хүсэн ерөөж, намын дарга Н.Алтанхуягийг БНХАУ-д айлчлахыг урьсан юм.
Хятадын Коммунист намын Төв Хорооны Гадаад Харилцааны газрын сайд Ван Жаруй Засгийн газрын урилгаар энэ сарын 15-17-ны өдрийг хүртэл Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Г.Дарь