Цар тахал дэлхий нийтийг нөмөрч эхэлснээс хойш хоёр жил гаруйн дараа Омикрон нэртэй илүү халдварлах чадвар өндөртэй мутацилагдсан хувилбар гарлаа гэх мэдээ дэлхий нийтийг дахин цочроогоод байна. Европын холбооны Нийгмийн эрүүл мэндийн агентлаг, Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв (ECDC)-өөс мэдэгдэхдээ энэхүү хувилбар нь хэдхэн сарын дотор Европын талаас илүү хувийг бүрэн хамрах боломжтой гэж мэдэгдэв.
Яг энэ үйл явдалтай давхцан олон улсын хэвлэл мэдээллийн томоохон агентлаг болох, Английн "Telegraph" сонинд Covid-19 цар тахалтай тэмцэж байгаа Монгол Улсын стратеги, өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн туршлагуудыг бусад улстай харьцуулсан байдлаар онцоллоо.
Уг агентлаг Европын холбооны гишүүн орнуудад вакцинжуулалтын эрчим сул байгааг онцлоод, энэ нөхцөл байдал дараа дараагийн шинэ хувилбар хурдан тархахад таатай орчныг бүрдүүлнэ хэмээлээ. Тухайлбал, Герман улсад сүүлийн өдрүүдэд шинээр халдвар авч буй хүний тоо огцом өсч, 60-70 мянга хүрээд байна. Доорх графикт Европын холбооны томоохон улсуудын вакцинд огт хамрагдаагүй иргэдийн тоог тухайн улсын хүн амд эзлэх хувиар нь харуулсан байна. Эндээс харахад гол гол улсуудын иргэдийн 30-60 хувь нь вакцинд огт хамрагдаагүй байна. Гэтэл эсрэгээрээ эдгээр улсад Covid-19-ийн тархалт маш өндөр байна.
Хүснэгт 1 Вакцинд хамрагдаагүй иргэдийн тоо ба эзлэх хувь
Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв (ECDC)-ийн мэдэгдсэнээр, сүүлийн өдрүүдэд мөн эдгээр улс орнуудад (Герман, Испани, Шотланд, Грек, Словак, Норвеги, Франц) Омикрон хувилбарын тохиолдол эрс өсч байна гэж мэдэгдсэн байна.
Вакцинд хамрагдалт ийнхүү сул байгаатай холбоотойгоор Германы Канцлер Ангела Меркель вакцинд хамрагдаагүй иргэдийг олон нийтийн газруудаар зорчихыг хориглох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргалаа. Омикрон хувилбар хурдтай тархаж буйтай холбогдуулан улс орнууд хөл хорио тогтоох, гадаад дотоодын аялал жуулчлалыг хязгаарлах бодлогоо сэргээж эхэлсэн бол Монгол Улсын хувьд хөл хорио тогтоохгүй, бүүстер тунд хамрагдалтыг улам эрчимжүүлнэ гэж мэдэгдсэн нь олон улсын анхаарлыг татаад байна.
"Телеграф" агентлаг Монгол Улсыг ийнхүү онцлохдоо ЭМЯ-ны сайд С.Энхболдын хэлсэн “Бид энэхүү шинэ хувилбарын эсрэг тэмцэхдээ хөл хорио тогтоохгүй, цаашид бүүстер тунд хамрагдалтыг улам эрчимжүүлнэ” гэж хэлсэн үгийг онцолсон байна. Тэд хэлэхдээ, Монгол Улс дэлхий дээрх хамгийн хүн ам сийрэг амьдардаг улс орон атлаа нийт иргэдийнхээ 95 хувийг хоёрдугаар тунд хамрагдуулсан бөгөөд үргэлжлүүлэн гуравдугаар тунд нийт иргэдийн 20 хувийг хамруулсан нь үнэхээр гайхалтай үзүүлэлт юм гэжээ.
Тэдний бас нэг онцолсон зүйл нь Монголын Засгийн газар вакцинжуулалтыг эрчимжүүлэхийн тулд шуурхай арга хэмжээ авч, иргэдээ бүрэн хамруулах нөөц бүрдүүлж чаджээ. Нөөцөө хангалттай бүрдүүлж чадсаны ачаар иргэд нь Pfizer/BioNTech, Sputnik Light, Sputnik V, Oxford/AstraZeneca, Sinopharm зэрэг вакцинуудаас өөрсдийн сонголтоор хийлгэх боломжтой байгаа нь үнэхээр сайшаалтай хэрэг гэж дурджээ.
Мөн тэд хэлэхдээ Монгол Улсын хувьд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хөл хорио тогтоосон хэдий ч вакцинжуулалтыг эрчимжүүлэхийг гол стратегиа болгосон нь бусад орнуудтай харьцуулахад маш зөв алхам байсан хэмээн онцолжээ. Нүүдэлчин, малчин иргэдийг вакцинд хамруулахын тулд явуулын станц ажиллуулсан нь вакцинд хамрагдах хувийг өндөр байлгах болон халдвар тархах хувийг удаашруулсан гэж дүгнэж болох юм хэмээжээ.
Холбоотой мэдээ