
Тэгвэл тэднийг тайтгаруулах зорилгоор бус, уншигчдадаа бодит мэдээлэл хүргэх үүднээс сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын эдийн засагт ямар өөрчлөлт гарсныг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Үндэсний статистикийн хорооноос сар, жил бүр гаргадаг тайлан болон бусад эх сурвалжийн мэдээллийг тоймлон хүргэж байна.
ӨСӨЛТИЙН ЖИЛ
2006 он. Одоогоос дөрвөн жилийн өмнө макро эдийн засгийн гол үзүүлэлт болох Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ тухайн оны урьдчилсан гүйцэтгэлээр гурван их наяд 172.4 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоосоо 25.7 хувь буюу 648.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байжээ. Үүнийг 2000 оны зэрэгцүүлэх үнээр авч үзвэл ДНБ 8.4 хувиар өссөн гэсэн үг юм. Энэхүү өсөлтийн хоёр хувийг хөдөө аж ахуйн, мөн хувийг үйлдвэрлэлийн, 4.4 хувийг үйлчилгээний салбар тус тус хангасан байна. Ийнхүү ДНБ өсөлттэй гарахад үйлчилгээний салбар голлох үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өмнөх оныхоосоо 9.1 хувиар өссөн нь гол түлхэц болсон байна. Үүнээс гадна гадаад, дотоод худалдаа, тээвэр, шуудан холбоо, барилга гээд эдийн засгийн бусад салбарууд ч дандаа нэмэх оноо авсан байдаг. Харин хөдөө аж ахуй дундаа мал аж ахуйн салбарт эерэг үзүүлэлт гарсан ч газар тариаланд тийм ч таатай байгаагүй. Тодруулбал, нийт малын тоо толгой тухайн онд 4.4 саяар өссөн бол үр тариа хураан авалт өмнөх оныхоос 63.4 мянган тонн буюу 84.3 хувиар буурсан байна. Мөн төмс хүнсний ногоо, хадлан тэжээлийн ургац ч нэлээд хувиар буурчээ. Энэ нь хур бороо бага, ган гачиг болсны уршиг байв. Гэвч 8.4 хувийн өсөлт гэдэг Монголын эдийн засагт ихээхэн гэрэл гэгээ авчирсан юм. Мөн өнөөдөр эдийн засгийн гол айдас болоод байгаа төсвийн алдагдал гээч зүйл огт гараагүй төдийгүй, улсын төсвийн нийт тэнцэл 124.5 тэрбум төгрөгийн ашигтай гарч байжээ.
БУРУУ ШИЙДВЭРИЙН ГОР ГАРЧ ЭХЛЭВ
2007 он. Эдийн засгийн өсөлтийн хувьд өмнөх оныхоос ч өндөр буюу 9.9 хувьтай гарсан. Гэвч өсөлттэй зэрэгцэн сөрөг үр дагаварууд гарч эхэлсэн нь харамсалтай. Тодруулбал, тухайн онд инфляци урд жилийнхээс 15.1 хувь, суурь үе буюу 2005 оны арванхоёрдугаар сарынхаас 22 хувиар өссөн байдаг. Инфляци ийнхүү огцом өсч эхэлсний шалтгааныг оновчтой тайлбарлах хүн тухайн үед цөөн байв. Харин өнөөдөр энэ бүхэн бэлэн мөнгөний амлалт, утга учиргүй халамжийн хар мөр байжээ гэдгийг хэнбугай ч ойлгодог болжээ. Үндсэндээ 2006 оноос төр иргэдээ бэлэн мөнгөөр “бөмбөгдөх” ажиллагааг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж эхэлсэн. Харин эдийн засагт халтай энэхүү шийдвэрийн гор 2007 оноос гарч эхэлсэн нь тэр. Гэхдээ энэ удаа улсын төсвийн нийт тэнцэл урьдчилсан гүйцэтгэлээр 100 гаруй тэрбум төгрөгийн ашигтай гарч өмнөх оныхоо амжилтыг давтсан сайн талтай. Мөн Бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 55.9 мянга болж, өмнөх оныхоос долоон мянгаар нэмэгдсэн байгаа юм. Ганцхан жилийн дотор долоон мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэдэг манайх шиг жижигхэн зах зээлтэй улсын хувьд тийм ч бага тоо биш. Хэдийгээр хувийн бизнест төр боломж олгохгүй байна гэсэн шүүмжлэл байнга гардаг ч дээрх тоо баримтаас тийм ч их хүндрэл байдаггүй мэт харагдана. Гэхдээ бизнесийн салбарт хөл тавьж буй аж ахуйн нэгжүүд хэр амжилттай ажиллаж байна вэ гэдгээс их зүй хамаарна.
ИНФЛЯЦИ “ХАДАНД ГАРСАН НЬ”
2008 он. Улсын төсвийн урьдчилсан гүйцэтгэлийн нийт тэнцэл өмнөх хоёр жил дараалан ашигтай гарч баярлуулсан бол энэ удаа гэнэт 305.7 тэрбум төгрөгийн алдагдалд орж, сандаргав. Энэ нь мөн л хавтгайрсан халамж төсөвт хортойг үл хайхран үргэлжлүүлсний үр дагавар гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ манай улс энэ үед зэс, алтнаасаа зэгсэн мөнгө олчихдог, бас гаднаас чамлахааргүй зээл, тусламж авч дөнгөдөг байсан учраас урсгал тэнцэл гайгүй гарсан. Харин иргэдэд бэлэн мөнгө тарааснаас үүдэлтэй инфяцийн өсөлт энэ үед ёстой жинхэнэ “галзуурч” эхэлсэн юм. Тухайн жилийн инфляци өмнөх оны эцсийнхээс даруй 22.1 хувиар нэмэгдэв. Хэрэглээний үнийн индексийн жилийн дундаж түвшин 2008 онд 28 хувь болсон нь манай улсын эдийн засагт сүүлийн 10 жилд гараагүй өндөр үзүүлэлт болж байлаа. Ийнхүү дотоодод инфляциас үүдэлтэй дарамт бий болж, дээр дооргүй шаналж байхад дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралын чимээ ч гаднаас наашилж эхэлсэн. Энэ удаад эдийн засгийн өсөлт ердөө 4.3 хувьтай гарав. Өмнөх жилүүдтэй харьцуулах юм бол өсөлтийн хувь үндсэндээ хоёр дахин буурсан гэсэн үг.
УХРАЛТЫН ЖИЛ
2009 он. Өмнөх жилээс л уруудах өнгө аяс орж эхэлсэн Монголын эдийн засгийн доройтолд энэ удаа хямрал гээч глобал үзэгдэл хачир нэмэв. ДНБ-ий хэмжээг өмнөх оныхтой харьцуулахад 0.6-хан хувийн өсөлт ажиглагдсан ч, зэрэгцүүлэх үнээр тооцвол 1.6 хувиар буурсан байна. ДНБ-д голлох үүрэг гүйцэтгэдэг салбарууд нь хямралд орсон учраас арга ч үгүй биз. Тодруулбал, бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл өртөг 26.6, санхүүгийн гүйлгээ хийх үйл ажиллагааны салбарынх 20.4, барилгын салбарынх 50 орчим хувиар буурсан байгаа юм. Мөн бүтээгдэхүүн, үйлчилгээний татварын нийт хэмжээ 16.6 хувиар буурсан байна. Төсвийн алдагдал ч гаарсан. Улсын нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр нийт тэнцэл 328.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ нь өмнөх оныхоос 32.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзэгдэл. Төсвийн алдагдлын хэмжээ ийн нэмэгдсэнийг төсөв зохиогчид орлого буурсантай холбон тайлбарлаж байв. Харин жинхэнэ шалтгаан юу байсан бэ гэдгийг энд дахин бичих нь илүүц биз ээ. Инфляцийн тухай бол бүр ярих ч юм биш. Өмнөх оныхоос 4.2 хувиар өсч 32 хувьд хүрсэн нь Монголдоо төдийгүй Азид толгой цохих болов.
ЭГЗЭГТЭЙ МӨЧ
2010 он. Энэ оны хувьд эдийн засаг өсч, уруудахын дэнсэн дээр байна гэхэд болно. Ямар ч байсан энэ оны эхний долоон сарын байдлаар ДНБ 2005 оны зэрэгцүүлэх үнээр нэг их наяд 650.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс таван хувиар өсөөд байна. Энэ онд аж үйлдвэр, барилгын салбарын үйлдвэрлэл, үйлчилгээний салбар нэлээд өссөн нь дээрх өсөлтөд нөлөөлжээ. Өнгөрсөн зургадугаар сард инфляци улсын хэмжээнд 11.4 хувьтай байсан бол долдугаар сард 2.8 хувиар буурсан байна. Гэхдээ зарим төрлийн бараа, бүтээг-дэхүүний үнэ үе үе огцом нэмэгдэж байгаа нь инфляцийг дахин өсгөж магадгүй байгаа. Мөн бэлэн мөнгө тараах ажиллагаа ч үргэлжилж байгаа нь эрсдэл дагуулж байна. Харин оны эхэнд эвгүйтэж мэдэхээр байсан төсвийн алдагдал хагас жилийн хугацаанд нэлээд аядуу болжээ. Одоогоор улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 129.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 152.2 тэрбумаар буурсан үзүүлэлт юм. Ямартай ч энэ онд эдийн засаг эргэн сэргэх найдлага байх нь байна. Ялангуяа банк, санхүүгийн салбарт нэлээд эерэг үзүүлэлт ажиглагдах болсон. Гэхдээ оны эцэс болтол зай ч бий, лай ч бий. Ерөнхийдөө уул уурхайн орлогоос хамаг зүйл хамаарч байгаа энэ үед хөрөнгө оруулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдэд “но” гарвал байдал хаашаа ч эргэж мэдэх юм.
Ч.ДАШДЭЛЭГ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин