"Маргааш нар хиртэлт 13:29 цагт эхэлнэ"

Хуучирсан мэдээ: 2021.12.03-нд нийтлэгдсэн

"Маргааш нар хиртэлт 13:29 цагт эхэлнэ"

"Маргааш нар хиртэлт 13:29 цагт эхэлнэ"

Маргааш буюу арванхоёрдугаар сарын 4-нд нар хиртэнэ. Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн доктор Д.Батмөнхөөс тодрууллаа.

-Нарны хиртэлт хэр удаан хугацаанд үргэлжлэх вэ. Монголд ажиглагдах уу?

-Нар хиртэлт маргааш Улаанбаатарын цагаар 13:29 цагт эхлээд 17.37 цагт дуусахаар байгаа. Монгол Улсын хувьд нарны хиртэлт ажиглагдахгүй. Нарны хиртэлтийн тухайд энэ жил хоёр удаа болж байгаа юм. Эхнийх нь өнгөрсөн зургадугаар сарын 10-нд, дараагийнх нь маргааш болно. Энэ удаагийн нар хиртэлтийн тухайд манай оронд ажиглагдахгүй. Зургадугаар сард болсон хиртэлт бол цагариган хиртэлт байсан. Нар, сар болон дэлхий хоорондын зай, байрлалаас хамааран нарны хиртэлтийг бүтэн хиртэлт, цагариган хэлбэрийн, хагас хиртэлт гэж нэрлэдэг. Зарим тохиолдолд бүтэн хиртэлт, цагариган хэлбэрийн хиртэлт нь нэг удаагийн нарны хиртэлтээр цувран ажиглагдах тохиолдол бий. Тухайлбал, нар огт харагдахгүй болж, од харагдах үзэгдлийг бүтэн хиртэлт гэнэ.

Бүтэн хиртэлт нь тодорхой зурвас газруудад болж өнгөрдөг учраас ихэнх газарт харагддаггүй байгаа. Харин цагариган хиртэлт гэдэг нь нарны хүрээ сарны хүрээнээс илүү гарч харагдахыг хэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл сар дэлхийгээс холдсон үед тохиолдож байгаа үзэгдэл гэж ойлгож болно. Ингэж холдсоноор сарны хавтгайд нар жижиг болж харагдаж, нарыг бүтэн тойрч чадахгүй болдог.

Хиртэлтийн гол зурвас Номхон далай, Атлантын далай, Антарктид тивээр дайран өнгөрнө. Үргэлжлэх хугацаа нэг минут 54 сек бөгөөд мөстсөн тивийн цөөн судлаач энэхүү хиртэлтийг ажиглах боломжтой. Нар хиртэлтийн хэсэгчилсэн үе шатууд Африкийн өмнөд хэсэг, Австралийн өмнөд хэсэгт ажиглагдана.

Дэлхийн гадаргын янз бүрийн цэгт Нарны хиртэл янз бүрийн цагт ажиглагддаг. Нарны хиртлийг бүтэн хиртэлт, хүрээтэй хиртэлт, хагас хиртэлт, холимог хиртэлт гэж ангилдаг. Сар дэлхийг тойрон эргэдэг, дэлхий өөрийн тэнхлэгээр эргэлддэг зэргээс үндэслэн сарны сүүдэр дэлхийн гадарга дээгүүр ойролцоогоор баруунаас зүүн тийш өргөнөөрөө дунджаар 200 км орчим, уртаараа хэдэн мянган км зурвас үүсгэн нүүн шилжинэ. Сарны сүүдрийн дэлхийн гадарга дээгүүр нүүн шилжих зурвас нутгийг бүтэн хиртэлтийн зурвас гэнэ. Энэ нь Нарны наагуур нүүж буй хэсэг үүл орж Нарыг халхлахад түүний сүүдэр газар дээгүүр нүүн шилждэгтэй төстэй үзэгдэл юм. Сар Дэлхийд их ойр байх үед бүтэн хиртлийн зурвасын өргөн 270 км, харин хагас сүүдрийн диаметр 6750 км хүрнэ.

Нарны бүтэн хиртлийн үед тэнгэр харанхуй болж гаригууд ба тод од харагдана. Саранд хаагдсан нарны тэргэлийг тойрон нарны титэм гэж нэрлэгдэх гоёмсог цайвар зурвас тод харагдана.

Тэгвэл бүтэн хиртэлт Монгол Улсад хамгийн сүүлд хэзээ болсон бэ?

-Нарны бүтэн хиртэлт хамгийн сүүлд 2008 онд Ховд, Баян-Өлгий аймгийн нутгаар болсон. Харин хагас хиртэлт бол жил бүр тодорхой хугацааны давтамжтай болж байгаа. Нарны хиртэлт нь хоёр минут, дээд тал нь зургаан минутын хугацаанд үргэлжилдэг. Сүүлд болсон нарны бүтэн хиртэлт нь, Канад улсын нутаг дэвсгэрээс эхлэн Гринланд, Орос, Монголын газар нутгийг дайран Хятадын нутагт төгссөн. Манай орны хувьд нарны бүтэн хиртэлтийн гол шугам Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрч, нарны хагас хиртэлт 80-аас дээш хувьтайгаар ажиглагдсан байдаг.

Бүтэн хиртэлт бол ховор үзэгдэл учраас бага болдог гэж ойлгож болно. Нарны хиртэлтийн хугацааны хувьд харилцан адилгүй байдаг. Учир нь нар, сар, дэлхий гурвын хөдөлгөөнөөр тодорхойлж байгаа учраас тухайн цэгт хэдийд ч нар хиртэх үзэгдэл ажиглагдах боломжтой. Өнөөдрийн хувьд нарны хагас хиртэлт хамгийн удаан үргэлжлэх нь Хөвсгөл аймгийн Мөрөн сум юм.

Дараагийн хиртэлт 2022 оны дөрөвдүгээр сарын 30 болон аравдугаар сарын 25-нд тохиох бөгөөд мөн сарын 25-ны хагас хиртэлт манай оронд ажиглагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж