ОПЕК-ийн Өргөтгөсөн бүлэг (Нефть экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК), түүний холбоотнууд (ОПЕК+) ирэх 2022 оны нэгдүгээр сард олборлолтоо өдөрт 400 мянган торхоор нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Энэ нь олон жилийн дээд түвшинд хүрээд буй газрын тосны үнийг бууруулах алхам болно гэж үзсэн байна. Дээрх мэдээллийн дараа газрын тосны үнэ 1.4 хувиар өсчээ.
ОПЕК болон тус байгууллагын гишүүн бус орнуудын Сайд нарын түвшний 23 дугаар хурал өнгөрсөн Пүрэв гаригт цахим хэлбэрээр зохион байгуулагдав. “Xinhua” агентлагийн мэдээлснээр, тус хурлын дараа гаргасан мэдэгдэлд “Талууд 2022 оны нэгдүгээр сард 19 дүгээр хурлаар баталсан олборлолтын төлөвлөгөөгөө үргэлжлүүлэхээр тохиролцлоо” гэж онцлон тэмдэглэсэн байна.
Мөн Хамтын ажиллагааны тунхаглалд оролцогч орнууд нефтийн зах зээлийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангахын төлөө тууштай ажиллахаа дахин нотолсныг дурджээ. ОПЕК-ийн Өргөтгөсөн бүлэг цар тахлын нөхцөл байдал хүндэрвэл төлөвлөгөөгөө өөрчилж магадгүйгээ мэдэгджээ.
“Ria Novosti”-д мэдээлснээр, зарим гишүүн орнуудын хүсэлтээр, олборлолтын нөхөн төлбөрийн механизмыг ирэх оны зургадугаар сарын сүүлч хүртэл сунгасан байна. Эдгээр улсууд гэрээ, хэлэлцээр биелүүлэх төлөвлөгөөгөө арванхоёрдугаар сарын 17-ны дотор ирүүлэхээр болжээ.
“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, нефть экспортлогч томоохон орнууд нефтийн үнийг тогтоон барихын тулд олборлолтоо үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх АНУ-ын уриалгыг хүлээн авахаас татгалзаж, тавдугаар сараас хойш нефтийн олборлолтоо өдөрт 400 мянган торхоор нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө баримталж буй юм.
“ОПЕК+”-ын Сайд нарын түвшний 24 уулзалтыг ирэх оны нэгдүгээр сарын 4-ний өдөр товложээ.
Эх сурвалж: XINHUA, RIA NOVOSTI, BLOOMBERG