Иргэдийхээ үг хэлэх эрхийг хуулиар далайлган “дээрэмдэх” төр

Хуучирсан мэдээ: 2021.12.03-нд нийтлэгдсэн

Иргэдийхээ үг хэлэх эрхийг хуулиар далайлган “дээрэмдэх” төр

Иргэдийхээ үг хэлэх эрхийг хуулиар далайлган “дээрэмдэх” төр

Бид Ардчиллаас ухарч явна. Ядуу буурай, хөгжил дорой ч гэсэн  “ардчилсан” гэдэг ганц үзүүлэлтээр дэлхийгээс хаягдчихалгүй араас нь гэлдэрч яваа. Гэвч Монголын төр үзэл бодол, үгээ илэрхийлсэн иргэдээ барьж хориод, торгох замаар  иргэдийнхээ амыг үдэх болжээ. Уг нь  Монгол хүн бүрт үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөө Ардчиллаар олдсон.

Гэвч Зөрчлийн тухай хууль хэрэгжсэн сүүлийн гурав гаруй хугацаанд  сэтгүүлчид төдийгүй иргэд ч бас үг хэлэх үзэл бодлоо илэрхийлсний төлөө бусдын нэр хүндэд халдах, бусдыг гүтгэх доромжлох зүйл ангиар торгуулах нь ихэсчээ.  Тухайлбал, иргэн Г.Ганбат твиттерт  Хэнтий аймагт бариад нураасан “Андлалын хөшөө” гэх цогцолборыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, болон Б.Баатар нартай холбоотой. Энэ асуудлын үнэн мөн хэзээ нэгэн цагт ил болж, зохих шийтгэлээ авна гэсэн агуулгатай зүйл бичиж, төгсгөлд “Данх толгойтой банди” гээд үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл сүүлийн гурван үгээр Г.Ганбатыг бусдын нэр төрд хүндэтгэлгүй хандсан гэж 100 мянган төгрөгөөр торгожээ.

Энэ нь сүүлийн нэг сарын дотор Г.Ганбатад үүсгээд байгаа гурав дахь торгууль юм.  Нэг жил гаруйн хугацаанд түүнд цагдаагийн байгууллагаас  зургаан удаа хэрэг үүсгэж, шалгасан байна. Харин олон улсад улс төрийн жиргээг боомилдоггүй, хэвлэн нийтлэх эрх гэж үздэг аж.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас Зөрчлийн тухай хуулийн энэхүү зохицуулалтын талаар лавлахад "Монгол Улс дахь хариуцлагын нэгдсэн тогтолцоог Зөрчлийн тухай хууль төрөлжүүлж нэгтгэсэн. 300 гаруй хууль тогтоомжид байгаа хариуцлагатай холбоотой зохицуулалтыг Зөрчлийн хууль гэж томъёолсон. Нийгмийн дэг журмыг сахиулж, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг хууль хүн бүрт таалагдахгүй. Гэхдээ Зөрчлийн хууль нь  нийгэм аюулгүй оршин тогтнох баталгаа" гэх хариуг өгөв. 

Харин хуульчид "Жиргээ буюу твиттер нь цахим орчин. НҮБ-аас өгч буй зөвлөмжүүдэд  цахим орон зай бол хүний бусад эрхээ эдлэх тулгуур орон зай гэдгийг  хүлээн зөвшөөрсөн. Монгол Улс цахим орон зайд үзэл бодлоо илэрхийлснийг хүлээн зөвшөөрөх ёстой. Төрөөс хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд  аливаа хэлбэрийн цензур гаргахгүй байх ёстой. Цагдаагийн байгууллагаас хэн нэгэн хүн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн тохиолдол бүрт мэдүүлэг авч болохгүй.  Өөрөөр хэлбэл, төрөөс иргэдийнхээ амыг хаах буюу цензурийн бодлого явж байна гэж хардаж байна" гэдгийг хэлж байна. 

Үүнээс гадна үзэл бодлоо илэрхийлж жагссан, хүмүүс цагдаагийн байгууллагад шалгагдах болов.Үүний кейсүүд гэвэл иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нар.  Тэд Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж жагссаны төлөө аавын  хаалга татаад гарсан.  "No double standart" иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаярыг аравдугаар сарын 6-наас эхлэн 30 хоног саатуулах шүүхийн шийдвэр гарсан. Тэрбээр  энэхүү шийдвэрийг эсэргүүцэн хорих ангид өлсгөлөн зарласан  20 гаруй хоногт  бөөрний дутагдалд орж 12 гаруй кг жин хассан юм. Улмаар түүнийг аравдугаар сарын 26-нд анхан шатны шүүхээс түүнийг суллах шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах  хүртэл тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоосон. 

Харин Д.Монголхүүг цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж биед нь халдсан, дуудсан хугацаанд ирж мэдүүлэг өгөөгүй гэх шалтгаанаар аравдугаар сарын 7-ны өдөр баривчилж байв. Шүүхээс түүний хэргийг прокурорт  буцаан шийдвэрлэсэн. Түүнд мөн  тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм. 

ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ ЦАГ ҮЕЭСЭЭ ХОЦОРСОН

Хүний эрхийн үндэсний комиссын /ХЭҮК/ гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид “Ардчилсан Үндсэн хуулийн амин сүнс нь хүний эрх, эрх чөлөө. Энэ нь хүнд төрөхөөс заяагдсан үнэт зүйл. Тэр утгаараа бид Үндсэн хуульдаа хүний заяагдмал үнэт зүйлийг хуульчилсан. ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, Б.Энхболд нар иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарын асуудалд хяналт тавьж ажилласан. Тэд “Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль цаг үеэсээ хоцорсон” гэж дүгнэсэн. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг 1994 онд баталсан. Жагсаал цуглаан хийх тухайгаа Засаг даргад бүртгүүлнэ гэж байгаа ч үнэн хэрэгтээ зөвшөөрлийн механизм ажиллаж байна. Нэгэнт хуульд жагсаал, цуглааныг бүртгүүлэх ёстой гэж заасан учраас энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд цагдаа албадан тараахаас өөр аргагүйд хүрдэг. Энэ нь цагдаа, иргэд хооронд зөрчилдөөн үүсэх шалтгаан болдог. Мөн өлсгөлөн зарлах эрхзүйн зохицуулалт, үзэл бодлоо илэрхийлэх шинэлэг арга хэмжээг хэрэгжүүлэх хуулийн зохицуулалт байхгүй” гэдгийг онцоллоо. 

ИРГЭД ЭРХЭЭ ЭДЭЛЖ ЖАГСАХАД НЬ  ТӨР ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОДОГ БАЙХ ЁСГҮЙ

УИХ-ын гишүүн Н.Учрал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөль оруулах тухай хуулийн төслийг боловсруулж буй. Тэрбээр “Өнөөдөр жагсч  цуглах, үзэл бодлоо илэрхийлэхдээ заавал Засаг даргад мэдэгдэж, бүртгүүлдэг. Улмаар гурав хоногийн дотор Засаг дарга үндэслэлийг нь нягтлаад зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэдэг. Энэ нь зөвхөн бүртгүүлж байгаа болохоос зөвшөөрөл олгох зохицуулалт биш. 2015 онд батлагдсан хуулийн энэхүү заалт нь маш том ухралт юм. Тиймээс энэ хуулийн өөрчлөлтөөр  иргэд жагсаал цуглаан зохион байгуулахдаа тухайн шатны Засаг даргаас зөвшөөрөл авах бус мэдээлэл хүргүүлж, бүртгүүлдэг болно. Иргэд жагсаал цуглаан зохион байгуулж байгаа тохиолдолд төр тэдний аюулгүй байдлыг л хангаж ажиллах ёстой. Иргэд эрхээ эдэлж жагсахад нь  төр зөвшөөрөл олгодог байх ёсгүй” гэв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж