Олон нийтийн анхаарал Богд Зонховын хөшөөн дээр “төвлөрөх” хойгуур МАН-ынхан илүү том “асуудлаа” шийдэхээр Ардчилсан намын бүлгийн гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нараар Үндсэн хуулийн цэцэд захиалга хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, өөрсдийн хийсэн Үндсэн хуулийн реформоо Үндсэн хуулийн Цэцэд өөрсдөө өгөхөөс ичгүүртэй санагдсан бололтой, сөрөг хүчний хоёр нөхрийг нохойд барьдаг мод болгосон нь энэ. Өнөөдүүл нь ч өөрийн толгойгүй, эзэн юу тушаана, тушаалаар нь хөдөлдөг хүмүүс. Өнгөрсөн хавар Х.Баттулгын даалгавраар өлсгөлөн хүртэл зарлаж байсан удаатай.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар Үндсэн хуулийг Үндсэн хуулийн цэцэд өгсөн асуудал нь давхар дээл. “Өмсөх эзэд” нь биш үнэмлэхүй олонход хяналт тавих ёстой сөрөг хүчний хоёр гишүүн “Үндсэн хуулийн өөрчилж, Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байх боломжоор хангаж өгөх хэрэгтэй” гээд хээв нэг зогсож байгаа нь үнэндээ шившиг юм.
Өнгөрсөн 2019 онд МАН дангаараа хэлэлцэж, баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно гээд зааж өгсөн. Үндсэн хуулийн 39.1 дэх энэхүү заалт МАН-ын бүлгийнхэнд огт таалагдахгүй байгаа. Үндсэн хуульд баригдаад байгаа болохоос 62-ын бүдүүн бүлгийнхэн дан дээлтэй сайд нараа засгаас хөөж явуулаад давхар дээл өмсөх сонирхол нэн их бий. Эхнээсээ ч үүнийгээ нууж хаалгүй илэрхийлдэг.
Тэгэхээр АН-ынхан МАН-ынхны давхар дээлэнд тийм их санаа зовоод байгаа юм бол ядаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа өөрчилж байж “Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байх боломжоор хангаж өгөх хэрэгтэй”.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхдээ МАН дутуудуулсан, орхигдуулсан зүйл цөөнгүй. Тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгаас “айхдаа” МАН-ынхан Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бараг тэр чигээр нь үлдээчихсэн нь худлаа биш.
Үнэхээр сонгодог парламентын тогтолцоотой болохыг хүсч байвал МАН зөвхөн “давхар дээл”-ийг онцлох биш Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог хуульчлах асуудлыг Үндсэн хуульд суулгаж өгөх хэрэгтэй.
Сонгодог парламентын засаглалын хуваарилалтыг зөв хийе гэвэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох ёстой гэж Ардчилсан намынхнаас Ардын намынханд хоёр жилийн өмнө сануулж байсан. Тэдний үгийг МАН “гөлөөг” гэж тоогоогүй болохоос.
МАН хоёр жилийн өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмсэн ч хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын тогтолцоо нь хэвээр үлдсэн. Өнөөдрийн хувьд хүссэн ч эс хүссэн ч У.Хүрэлсүх Монголын улс төрийн нэг номер болсон. Гэхдээ Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог тогтолцоонд шилжихийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрөө дэмждэг. Тэгэхээр эрх баригчид АН-ын хоёрыг “ашиглах” шаардлагагүй.
Хэдийгээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “найман жилийн хугацаанд гар дүрэхгүй” гэж хатуу заалт оруулж өгснөө МАН-ынхан засч залруулаад, өөрчлөөд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад явчих асуудал.
Ингэж байж эрх мэдлээ булаацалдсан институци хоорондын зөрчил арилна. Иргэдийн санал гээгдэхээ болино. Засгийн газар илүү тогтвортой ажиллана. УИХ-ыг Засгийн газар нь худалдаж авдгаа байна. Товчхондоо, гишүүдийн тоог нэмбэл парламент хэн нэгний нөлөөнд автах нь багасна гэсэн үг.
Түүнээс Үндсэн хуулийг манах ёстой манаачид нь захиалга өгөөд Цэцээр “давхар дээл”-ийн асуудлаа шийдвэрлүүлнэ, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ сольж, хална гэж байгаа бол энэ нь эргээд Үндсэн хуулийн гамшиг дагуулна. Үндсэн хуулийг Цэцэд өгөөд өөрсдийнхөө хүссэн хөгжмөө захиалах байсан юм бол Үндсэн хууль гэж байхын хэрэг юун.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 1.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гээд заачихсан байгаа. Тэгэхээр Цэц Үндсэн хуулийн манаач байх эсвэл МАН-ын мануухай болох нь эндээс харагдана гэсэн үг.
Учир нь 2019 онд УИХ-аас баталж, 2020 оны тавдугаар сарын 25-наас улс даяар даган мөрдөж эхэлсэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн адил хүчинтэй. Харамсалтай нь, манай Цэц манаж байгаа хуулиа машинаар “арилжчихдаг” хүмүүс шүү дээ.
Үндсэндээ, Үндсэн хуулийн цэц хэдэн тэтгэвэртээ гарсан хөгшчүүлийг очдог, орогнодог газар болж хувирсан. Иймээс Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 2.1-д заасан “Цэц нь хараат бус байх, Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах, гишүүд эрх тэгш байх, асуудлыг шударга шийдвэрлэх, үйл ажиллагаа нь ил тод байх үндсэн зарчмыг баримтална” гэсэн ердөө цагаан дээр хараар бичсэн хоосон үг болсон доо.
Холбоотой мэдээ