ЭМЯ: Монголд тохиолдлын тоо 70 хувь, нас баралт 4.5 хувь буурсан

Хуучирсан мэдээ: 2021.12.03-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Монголд тохиолдлын тоо 70 хувь, нас баралт 4.5 хувь буурсан

Эүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх Баасан гаригийн ээлжит мэдээллээ хийж байна. 


ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:

-Улс орнууд шинэ хувилбарын эсрэг хариу арга хэмжээг харилцан адилгүй авч байна. Монгол Улсын тухайд нэмэлт тунг идэвхжүүлэх, хил дээр шинжилгээ хийх арга хэмжээг авч буй. Сүүлийн хоёр хоногт өдөртөө 15 мянгаас дээш хүн вакцинд хамрагдлаа. Израиль, Англи зэрэг улсууд нэмэлт тундаа хамрагдвал шинэ хувилбараас хамгаалагдах бүрэн боломж гэж үзэж байна. Шинэ хувилбартай холбоотой улс орнууд хязгаарлалт, хориглолт хийж байна. Тиймээс манай иргэд гадаад руу зорчихоо хязгаарлаарай гэж зөвлөж байна. Омикрон хувилбарын улмаас зарим орнууд гадаадаас ирж буй хүмүүсийг 10 хоног тусгаарлаж байгаа. Хуучны дүр зураг руу орох эрсдэлтэй байна. Та бүхэн гадаадад очоод гацах эрсдэл мөн бий. ДЭМБ-аас вакцингүй болон ахмад настай хүмүүсийг гадаад руу явахгүй байхыг зөвлөж байна. Шинэ жилтэй холбоотойгоор гадагшаа явахаар төлөвлөж байгаа бол эрсдлээ тооцоорой гэж та бүхнээс хүсч байна.

Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр:

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын нийслэл болон бусад найман мужид энэ шинэ хувилбар арваннэгдүгээр сарын 26-нд бүртгэгдсэн. Энэ улсад бетта хувилбарыг мөн анх илрүүлж байсан. Шинэ хувилбарын талаарх халдварлах чадвар, вакцины нөлөө, эмчилгээ, оношилгоо, хүндрэл эсэх нь тодорхой бус байна. ДЭМБ-аас энэ хувилбарыг анхаарал татах хувилбар гэсэн ангилалд оруулж, омикрон гэх нэрийг оноосон. Улс орнуудыг геномийн судалгаагаа эрчимжүүлэх уриалгыг хүргүүлсэн. Өмнөд Африкийн эрдэмтэд геномийн судалгааг тогтмол хийж, ДЭМБ болон бусад орнуудад хуваалцаж, мэдээллийг хүргэж байгааг ДЭМБ сайшаасан.

Өмнөд Африкт арваннэгдүгээр сарын эхээр өдөрт 250 орчин тохиолдол бүртгэгдэж байсан бол 26-наас хойш өдөрт 2500 орчим болон өссөн. Өчигдрийн байдлаар өдөрт 4500 орчим тохиолдол бүртгэгдэж байна. Тохиолдлын тоо өсч байгаа шалтгаан нь мутацитай холбоотой. Мөн тус улсад вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан иргэдийн тоо дөнгөж 24 хувьдаа хүрчээ. Өмнөд Африкийн судлаачид дельта хувилбараар өвдсөн хүмүүс омикрон хувилбараар дахин өвдөх эрсдэлтэй байгааг анхааруулсан. Мутаци бол дархлаа султай хүний биед үүсдэг. Энэ хувилбар ч дархлаа султай хүний биед үүссэн байх магадлалтай гэж Өмнөд Африкийн эрдэмтэд оношилсон.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 25 улсад Омикрон бүртгэгдээд байна. Үүнд, Өмнөд Африкаас гадна Ботсванад 19 тохиолдол, Нигерь улсад гурав тохиолдол, Их Британид 22 тохиолдол, Бельгид нэг тохиолдол, Бразилд гурван тохиолдол, Чех, Францад нэг тохиолдол, Хонг Конгт дөрөв тохиолдол, Германд ес тохиолдол, Израильд дөрвөн тохиолдол, Италид ес тохиолдол, Японд хоёр тохиолдол, Голландад 16 тохиолдол, Норвеги, Испанид хоёр тохиолдол, Португалд 13 тохиолдол, Шведэд гурав тохиолдол, Канадад зургаа тохиолдол, Данид дөрөв тохиолдол тус тус бүртгэгджээ. Монголчууд өргөнөөр аяладаг Дубай хот, Саудын Араб улсад халдвар илэрсэн.

Норвеги улсад зул сарын арга хэмжээнд оролцсон 40 гаруй хүн омикрон хувилбарын халдвар авсан гэх мэдээлэл байна.

ДЭМБ-аас эрсдэлт суурилсан хорио хийхийг зөвлөж байна. Европын холбооны зүгээс вакцин үйлдвэрлэгчдийг шинэ хувилбар руу анхаарал хандуулахыг уриалсан бол "Модерна", "Файзер" компаниуд энэ хувилбарт зориулсан вакцины судалгаа хийж эхэлснээ мэдэгдсэн. Омикроны халдвараас сэргийлэх судалгаануудын эхний ээлжийн үр дүн гарсан. Оксфордын их сургуулийн “Cov-Booster” багийн хийсэн судалгаагаар нэмэлт тун нь дархлааны Т эсийн идэвхжлийг эрс нэмэгдүүлж, хариу урвалыг эрчимжүүлж байгаа нь омикроны эсрэг нэмэлт тун үр дүнтэй байхыг нотолжээ. Израилийн эрүүл мэндийн яамны судалгааг харвал хоёр тун "Файзер" вакцин хийлгэсэн хүн болон гурав дахь тунгаа саяхан хийлгэсэн хүмүүс омикроноос хамгаалагдахад чадвар 90 хувь байна гэжээ.

Монголын тохиолдлын тоо өнгөрсөн хоёр сартай харьцуулахад 70 орчим хувиар буураад байна. Нийт хүн амын 22 хувь нь, зорилтот буюу 18-аас дээш насны иргэдийн 37 хувь нь нэмэлт тундаа хамрагджээ. Гэрээр хянагдаж байгаа өвчтний тоо оргил үетэйгээ харьцуулагдахад 66 мянгаас 10 мянга руу, эмнэлэгт хэвтэгсэд 22 мянгаас 5 мянга руу, нэн хүнд өвчтөний тоо 400-аас 111 руу, нас баралтын тоо 4.5 дахин тус тус буурчээ. Вакцинд хамрагдаагүй жирэмсэн эхчүүд болон 12-оос доош насны хүүхдийн өвчлөл 2-3 дахин буурсан.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан:

-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-ноос эхлэн хилийн тандалт эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 10 гаруй нислэгээр 1000 гаруй зорчигч ирсэн. Эдгээр зорчигчоос түргэвчилсэн шинжилгээ авахад дөрвөн эерэг тохиолдол бүртгэгдсэн. Дөрвөн тохиолдлыг тусгаарлаж, PCR-аар шинжилгээгээр баталгаажуулахад хоёр нь эерэг гарсан. Баталгаажсаны дараа вирусийн ямар хувилбар вэ гэдгийг нь тандан судалдаг. Энэ хувилбарын тандалтыг хийхэд хоёулаа дельта хувилбар байсан.

Мөн бусад Алтанбулаг, Цагааннуур, Боршоо, Дорнодын хоёр хил дээр үндэсний төвүүдийн багууд, хилийн мэргэжлийн хяналт, гаальтай хамтран хяналт шалгалт хийж байна. 2021 он гарсаар бид гурван давалгаатай нүүр туулсан. Эхний давалгаан дээр B-1.1.294 гэх зэрэг өөрийн нэршилгүй вирусууд илэрсэн. Хоёрдугаар давалгаан дээр альфа вирусийн хувилбар гол нь байсан бол гуравдугаар давалгаан дээр дельта вирус голлох халдварыг үүсгэж байсан. Бид ийм л хувилбарын тандалтыг хийдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж