Ерөнхийлөгчийн тэтгэлгийн талаарх нэвтрүүлэг өнөөгийн бидний байгаа царай, ирээдүйгээ хэрхэн доромжилж, бас дарамталдаг вэ гэдгийг яг таг харуулаад өглөө. Айлгасан, дарамталсан, гэнэн томоогүй сэтгэхүйг нь өөрсдийнхөө өмнө бөхөлзөх зэвсэг болгон ашигладаг, хуучны хоцрогдсон арга барилаасаа сургуулийн удирдлагууд, сэтэртнүүд салаагүйн дээр энэ салбарын удирдлагууд өөрсдөө хөгжлийн чөдөр болсон гэдгийг хандлагаараа харуулчихлаа. Боломжгүй хүүхдэд боломж олгох нэг хэрэг. Тэглээ гээд тэднийг олны өмнө улалзуулж, бүлтэлзүүлэх нь өнөөгийн нийгэмд байж боломж үзэгдэл. Гэтэл байхаар барахгүй бат нот оршсоор буйг харуулчихлаа.
Уламжлал ёс заншлаа хөхиүлэн дэмжих гэсэн “Дээлтэй Монгол” жинхэнэ мөн чанараа гээж, ялгаварлан гадуурхах уралдаан болсон тухай салбарын сайд Л.Энх-Амгалан жиргэжээ. “Дээлтэй Монгол нэрийн дор гоё торгон дээлтэй хүүхэд шалгаруулж өргөмжлөл өгөхөө зогсоо захирал, удирдлагуудаа. Дээл өмсөх нь зөв. Гэхдээ дээлний сайхан, муугаар нь бүү уралдуул. Хүүхдийг багаас нь дутуугийн зовлон эдлүүлэхээ больцгооё одоо. Гоё дээлгүй байгаа нь хүүхдийн буруу биш” гэж… Үнэн үг, шар тос. Гэхдээ боловсролын салбарт хэзээний ялгаварлан гадуурхах явдал нүүрлэсэн төдийгүй түүнийг хамгийн түрүүнд олж харах ёстой сайд асуудлыг төдийлөн ярихгүй байгаа нь хачин.
Монголын 2-3 насны хүүхдүүд цэцэрлэгт хүмүүжих эрхээ хасуулаад хоёр дахь жилтэйгээ золгож байна. Статистикаас харвал 2020-2021 хичээлийн жилд хоёр настай 77 мянга 235 хүүхэд цэцэрлэгт явах эрхээ хасуулсан юм.Тэдний 30 гаруй мянга нь хоёр настнууд бол 40 орчим мянга нь гурван настнууд юм.
Энэ жил ч тэд мөн эрхээ хасуулсан. Шалтгаан нь, хамгийн эрсдэлтэй бүлэг гэж буй. Д.Нямхүү эмчийн хэлсэн шиг цар тахлын вирус тэднийг онилж буйг манай эрдэмтэд сонссон биз. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "2-3 настай хүүхдүүд халдварын хамгийн эрсдэлтэй бүлэг учраас вакцинжуулалтын явцыг харж байж, эрсдэлийн үнэлгээг дахин хийж цэцэрлэгт хамруулах эсэхийг эцэслэн шийднэ. 2-3 насны хүүхдүүдээ хэзээнээс цэцэрлэгт хамруулах талаар аравдугаар сарын эхээр тусгай төлөвлөгөө гаргаж танилцуулна” гэсэн ч арванхоёрдугаар аль хэзээний гарсан билээ.
Хамгийн гол нь энэхүү шийдвэр хүүхдүүдийн сурч, боловсрох эрхийг хэдэн мянгаар нь хөсөрдүүлсэн төдийгүй, эцэг, эхийн аль нэг нь ажлаасаа гарч хүүхдээ харахад хүргэж, эдийн засгийн том дарамт болжээ.
Одоо харин 4-5 настнуудыг басхүү цахимжуулах аж. Энэ талаар “Цэцэрлэгүүд амардаггүйг та бүхэн мэдэж байгаа. Гэхдээ арванхоёрдугаар сарын 10-наас Цагаан сар хүртэл цахимаар хичээллүүлж магадгүй. Эцсийн шийдвэрийг эрсдэлийн үнэлгээ дахин хийж байж гаргана” гэж мэдээлсэн нь гайхшруулсан юм. Томуугийн дэгдэлтийн улирал ирсэнтэй холбоотойгоор ийм санал гарч буй аж. Цэцэрлэг цахимаар хичээллэнэ. Будаач будаач гэхэд сахлаа будав гэгчээр сургуулиас ялгаатай нь цэцэрлэгийн багш нар хүүхдийг аюулгүй байдал, асран хамгаалагчийн үүргийг оногдсон цагтаа гүйцэтгэдэг онцлогтой. Цахимаар гэхээр яана гэсэн үг вэ? Хэрэвзээ энэхүү санал албажих аваас 2-3 настнуудаас гадна 4-5 настнуудын эцэг, эхчүүдийн аль нэг нь ажлаа орхих сургуулийн насны хүүхэдтэй бол хүүхдэдээ хүүхдээ даатгаад цоожлохоос өөр аргагүй болох нь. Энэ хичээлийн жилд 4-5 насны 230 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдсан. Тэгэхээр монголын ажиллах хүчний 1/5 орчим нь хүүхдээ харах эсвэл ажлаа сонгох сонголтой нүүр тулах нь.
Бид өнгөрсөн хугацаанд агаар дуслаар халддаг цар тахлыг хөл хориогоор тогтоон барих боломжгүй гэдгийг бүгдээрээ харлаа.
Хэчнээн өөрсдийгөө өмгөөлж, үгээ хэлэх эрхийг нь хөсөрдүүлсэн ч үнэн гэвэл эрх баригчдын буруу бодлогын улмаас халдварын тоо өссөн. Хамгийн гол нь халдвар, хамгааллын дэглэмээ сайтар барих гэдгийг тахлын үеийн алдаа, оноо харуулаад өглөө.
Өнөөдөр хоёрдугаар ангийн хүүхдүүд 35 үсгээ гүйцэд сураагүй байгаа нь цахим сургалтын чанар ямаршуухан байгааг хэлээд өгнө. Хичээлийн хоцрогдлыг үнэлэх шалгалтыг улсын хэмжээнд явуулж дууссан ч нэгтгээгүй байгаа талаар албаныхан хэлж байна.
Гэтэл дахиад цэцэрлэгийг цахимаар орно ч гэх шиг утга учиргүй зүйл ярьж буй нь цаанаа ямар их эрсдэл бий болгох вэ?
Өрхийн орлого багасна. Өрхийн орлого багассанаас үүдэн шаардлагатай хүнс, хэрэгцээгээ хангаж чадахгүйн дээр өмнө нь эдэлж байсан үнийн хөнгөлөлт, чөлөөлөлт дуусах тэр мөчтэй давхцана.
Дээр нь сургуулиа төгсөх, шинээр их, дээд сургуульд элсэн суралцагчид төлбөрөө төлөөд чанаргүй боловсролын золиос болж байна.
Ийнхүү боловсролын салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээ үнэндээ бүхэл бүтэн цонх үеийг бий болгож байгаа ч түүнийг нь улам бүр тэлэх бодлого бариад байх шиг.
Цахим, танхим хосолсон байдлаар хичээллэх нь дан танхимын сургалттай харьцуулахад тэнгэр газар шиг ялгаа гарч буйг багш нар сануулж буй. Гэтэл танхимын сургалтандаа аль болох эртхэн шилжихийн оронд цахимд шилжиж, улмаар цэцэрлэгийг хүртэл зогсоох тухай яриад эхэлжээ.
Ганц тодорхой зүйл гэвэл ерөнхий боловсролын улсын сургууль, хувийн сургуульд суралцагчдын сурлагад маш том зөрүү бий болсон талаар хэн хүнгүй мэднэ.
Үүнийг ч батлах мэт 45 хүний бүрэлдэхүүнтэй баг 6 сарын турш 174 сурах бичигт дүн шинжилгээ хийжээ. Боловсролын салбар нь өндөр түвшинд хөгжсөн улс орнуудад сурагч олж авсан мэдлэгээ амьдралд ашиглаж чаддаг бол Монгол Улсын тухайд цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал болохыг анхааруулжээ.
Тэгэхээр бидний ойлгоод буй шиг гар утас эсвэл компьютертай хичээл заасан болж, даалгаварт түүнийгээ цээжлүүлэх бус тэрхүү олж авсан мэдлэгээ амьдралд ашиглах бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх чиглэлд шинэчлэл хийх шаардлагатай буй аж.
Өнөөгийн боловсролын салбарт хэрэглэж буй сурах бичгийн хувьд,
-Сурагчид бие даан ажиллаж, өөрөө мэдлэг бүтээх талд илт хоцрогдсон
-Байгалийн ухаан, мэдээлэл зүйн хичээлүүд шинжлэх ухаан, технологийн өнөөгийн хөгжлийн түвшнээс хоцорсон
Сурах бичигт тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, жендэрийн болон монгол уламжлал, зан заншил харьцангуй бага тусгасан
Сурах бичгийн сэдэв, дэд сэдвүүд болон түвшин хоорондын, хичээл хоорондын логик холбоо алдагдсан гэж дүгнэжээ. 1990-ээд оны эхэн үеийн сургуульд элссэн сурагчид боловсролын тогтолцооны гажуудлын золиос болсон. Гадаад хэл байтугай эх хэлээ эрэмзэгдэг, зэрэмдэг эзэмшсэн тэдний бичгийн боловсрол гэж тэг. Өнөөдөр төрийн чухал албан бичиг сэлт, одон, тэмдэгт бичсэн хэдхэн үгний алдаа хэрээс хэтэрч нүд сохлом болсон нь магадгүй тэдний үе ирсэнийг илтгээд байх шиг. Тэгвэл хоёр жилийн хугацаанд хоцрогдол ирээдүйн хэдэн үеийг хорлохыг бодоход ч бэрх.
Ийм байтал цахим сургалт ярьж цухал бардгаа байчихмаар байна.
Л.ХАЛИУ
Холбоотой мэдээ