Монгол охин БНСУ-д 14-16 насны дөрвөн охинд зодуулж, хүчирхийлэлд өртсөн талаар мэдээлсэн. Тус хэрэгтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид гомдол гаргах сайтад хохирогчийг зодож, гэмтээсэн охидод хариуцлага тооцож, нүүр царайг нь ил болгохыг шаардаж одоогоор 60 мянга гаруй хүн санал өгчээ. Энэ санал 300 мянгад хүрвэл хэргийг тус улсын ерөнхийлөгчийн зүгээс яаралтай анхааралдаа авдаг аж.
Өмнөд Солонгос улс дахь монголчуудын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагаас 13 настай монгол охин зодуулсан хэргийн талаар тодрууллаа. Учир нь тус байгууллага хэргийг шийдвэрлэхэд оролцоо үзүүлэх үүднээс тухайн охины ар гэрт очиж, уулзаж нөхцөл байдлыг олон нийтэд дамжуулан хүргэж байгаа юм.
"ОХИН ӨӨРӨӨ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ГОМДОЛ ГАРГАЖЭЭ"
-Одоогоор охины биеийн байдал сайн биш байна. Сэтгэл санааны цочролд орж гадаад орчингоос аль болох хөндий байгаа. Мэдээлэл хэвлэлээр гарсны дараа энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа цагдаа нарын харилцаанд ч дэвшил гарч, өөрчлөгдсөн. Өнгөрсөн Баасан гаригт хэргийн талаар хохирогчийн ээж бидэнд хандаж мэдээлсэн. Энэ хэрэг долдугаар сарын сүүлд гарсан. Тиймээс охины эрхийг хамгаалж, туслъя гэдэг шийдвэр гаргасан. Бямба гаригт нь Бусан хотод очиж охин болоод ээжтэй нь уулзаж, ярилцсан. Өмгөөлөгч авах, хууль зүйн тусламж авах боломж бага учир хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж, эцэг эхийн зөвшөөрлийн дагуу мэдээлэл бэлтгэсэн. Охин бидэнд хэлэхдээ бичлэг яаж задарсан талаар мэдэхгүй. Дээд ангийнх нь хүүхдүүд ирж, бичлэгийг чинь үзсэн гэж дарамталсан гэсэн.
Хохирогчийн эцэг эхийн хувьд визгүй учир хууль хяналтын байгууллагад очих боломжгүй. Тиймээс хохирогч охин өөрөө цагдаагийн байгууллагад гомдол нэхсэн өргөдлөө өгсөн байсан. Гэтэл цагдаа нар нотлох баримт байхгүй бол ямар ч хариуцлага тооцох боломжгүй гэх хариулт өгсөн байна лээ. Охин зодуулж байхдаа үхсэн нь дээр гэж хүртэл бодож байснаа хэлсэн. Тэр охидууд хохирогчийн сэтгэл санаанд маш том дарамт үзүүлсэн. Одоо ч охин айдастай байна.
Хэргийн талаар мэдээллийн сувгаар гарснаас хойш цагдаагийн байгууллага мөрдөх ажиллагааг идэвхтэй хийж байна. Хэрэгт холбогдсон дөрвөн охины хоёр нь 14-өөс доош насных болохоор шийтгэл авахааргүй өнгөрөх гээд байгаа. Тэр охидын нэгийг нь хохирогч охин сайн таньдаг байсан. Хэрэг гарах шалтгаан нь таньдаг эгчийндээ очихоор тэд хамт явсан. Очиход нь тухайн байранд насанд хүрсэн хүн байгаагүй. Тэр байрыг нь түрээслэдэг болж таарсан. Тэнд охидууд архи ууж, тамхи татаж, бусдыг дээрэлхэж, дарамталдаг байсан гэж харж байгаа. Тухайн үед хийсэн бичлэг задарсан талаар сургуулийнх нь хүүхдийн эцэг эх мэдээд анх цагдаад мэдээлэл өгсөн байсан. Тэгэхэд нь цагдаа нар хэрэг хаагдсан гэж хэлсэн. Хэрэгт холбогдсон дөрвөн охины ар гэрээс өнөөдрийг хүртэл хохирогчийн талтай холбогдоогүй. Ямар ч байсан хохирогч биш хэрэгтнүүд хариуцлага хүлээх хүртэл тэмцэж ажиллана.
Холбоотой мэдээ