Хятад их өрөөрөө барьцаалан төмөр замаа өргөтгөв

Хуучирсан мэдээ: 2021.12.03-нд нийтлэгдсэн

Хятад их өрөөрөө барьцаалан төмөр замаа өргөтгөв

Хятад их өрөөрөө барьцаалан төмөр замаа өргөтгөв

Хятад, Вьетнам, Тайланд улсуудын дунд орших долоон сая хүн амтай Лаос улс нь Хятадын барьж өгсөн 5.9 тэрбумын өртөгтэй төмөр замаа нээлээ. Уг төмөр зам нь Хятадын ядуу буурай баруун өмнөд бүс нутгийг гадаад зах зээлтэй холбож байгаа хэдий ч, Лаосын хувьд маш эрсдэлтэй байж болох өрөнд унаад байна.

Лаосын нийслэл Вьентьнаас Хятадын Куньмин хүртэл халуун орны уулсын дундуур тавигдсан уг төмөр зам нь Ази, Африк, Номхон далай хоорондын худалдааг өргөжүүлэх зорилгоор Бээжингээс хэрэгжүүлж буй “Бүс ба зам” санаачилгын нэг хэсэг юм.

Нийт 1035 км урттай Лаос – Хятадын төмөр зам цар тахлын хоригоос шалтгаалаад одоохондоо зорчигч тээвэрлэхгүй боловч ачаа тээврийн шугамаар энэ долоо хоногоос явж эхэллээ. Галт тэрэгний хурдны хувьд цагт 160  км хурдтай буюу Хятадын энгийн галт тэрэгтэй харьцуулбал хоёр дахин удаан гэсэн үг юм.

Буурай орнууд Хятадын “Бүс ба зам” санаачилгыг сайшаалтай хүлээж авч байна. Гэвч энэхүү санаачилгын дагуу хийж буй ажлууд нь Хятадын төв банкнаас санхүүжилттэй бөгөөд эргэн төлөх нөхцөлтэй зээл юм. Төсөл хэрэгжүүлсэн зарим орнуудын зүгээс уг санаачилгыг хэт өндөр зардалтай, хэт их өртэй үлдээж байна гэсэн гомдол ч байна.

Вьентьян ба Куньминыг холбож буй төмөр зам нь ирээдүйд Хятад улсыг Тайланд, Вьетнам, Мьянмар, Малайз, Сингапуртай холбох гүүр болно. Цаашлаад Хятадын өмнөд хэсэгт илүү олон боомт, экспортын зах зээлийг бий болгох юм.

Лаосын удирдагчид Хятад болон Европтой холбогдсоноор алслагдсан эдийн засаг нь сэргэнэ гэдэгт найдаж байна. “Гэхдээ Хятадын худалдааны суваг болсноор Лаост яг ямар ашигтай вэ гэдэг тодорхойгүй байна. Хэтэрхий өндөр зардалтай юм” гэж гадны мэргэжилтнүүд дүгнэв.

“Энэ төмөр зам Хятад болон холбогдох бусад орнуудад “эдийн засгийн маш таатай эргэлт”-ийг авчирна. Харин Лаосын эдийн засагт хэрхэн сайнаар нөлөөлөх вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Лаос улсад ердөө 21 өртөөтэй энэ шугам гадаад боомтуудтай хурдан холбогдох Хятадын хүсэл зорилгыг л биелүүлэхэд чиглэжээ. Лаосын хөдөө тосгонууд руу чиглэсэн бол тариачид болон захуудыг холбохын тулд илүү олон өртөөтэй байх учиртай байсан. Үнэндээ энэ нь бусад гадаад улсуудад ч харагддаг Хятадын дэд бүтцийн төсөл гэдэг нь ойлгомжтой” гэж Вашингтон дахь Дэлхийн хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Скотт Моррис хэлжээ.

Лаос-Хятадын төмөр замаас гадна Тайландын нийслэл Бангкокоос Лаосын хилийн зүүн хойно байрлах Нонгкай хот хүртэл өндөр хурдны төмөр зам тавих ажил одоо ч явагдсаар байна. Энэ ажил 2028 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

Вьентьян-Куньмины төмөр замын Лаос дахь 418 км хэсгийн үйл ажиллагааг Лаос-Хятадын хамтарсан төмөр замын компани хариуцан ажиллана. Уг компанийн хувьцааны 70 хувийг Хятадын засгийн газрын өмчит хоёр компани, 30 хувийг Лаосын төрийн өмчит компани эзэмшдэг байна. Хоёр улсын засгийн газраас мэдэгдсэнээр, зээлж авсан мөнгө нь төмөр замын нийт хөрөнгийн 60 хувийг бүрдүүлж байна гэжээ.

“Ийм төрлийн өрийн дарамт тун хэцүү. Тэр чинээгээрээ эргэн төлөлт нь ч эрсдэл өндөртэй” гэж "S&P Global Ratings" санхүүгийн компанийн мэргэжилтэн Лаура Ли хэлсэн байна.

Хэрвээ ямар нэг байдлаар гэрээгээ зөрчих юм уу, Хятадын талаас илүү хөрөнгө оруулалт хийхгүй гэж шийдвэл Лаос төмөр замын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд 3.5 тэрбум ам.долларын өр төлөх ёстой болно. Энэ нь өнгөрсөн оны Лаосын эдийн засгийн гарцын тавны нэгтэй тэнцэх хэмжээ юм.

Лаос улсын нийт төлөгдөөгүй өр нь тус улсын эдийн засгийн жилийн гарцын гуравны хоёртой тэнцэнэ. Өрийн ихэнх нь Бээжинд төлөх өр юм. Лаос нь буурай орнууд дундаа өрийн өндөр эрсдэлтэй оронд тооцогддог.

Аливаа төмөр зам хөдөө орон нутгийг хот суурин газар, экспортын зах зээлтэй холбох замаар ашиг орлогоо өсгөдөг. Гэхдээ тоног төхөөрөмж, газар, бүтээн байгуулалт зэрэгт маш их хөрөнгө зарцуулдаг учраас ашиг олох хүртлээ хэдэн арван жил болдог талтай. Лаос улсын хувьд төмөр зам ашигтай ажиллаж чадахгүй бол өрийн асуудал хурцаар тавигдах болоод байна гэж Австралийн их сургуулийн мэргэжилтэн Грег Рэймонд хэлжээ.

Сүүлийн арваад жилийн хугацаанд Лаосын эдийн засаг асар хурдацтай өсч байгаа боловч хамгийн буурай улсуудын нэг хэвээрээ байсаар. Тодруулбал, улсын дундаж эдийн засгийн гарц 2010 оноос хойш хоёр дахин нэмэгджээ. Хэрэв худалдаа, бизнесийн салбарт сайжруулалт хийж чадвал урт хугацаандаа төмөр замын ашиг 21 хувиар өсөх боломжтой гэж Дэлхийн банкнаас өнгөрсөн жилийн тайландаа дурдаж байв.

Төмөр зам Лаосыг газар зүйн хувьд тааламжгүй байрлалд байдаг нөхцлөөс нь гаргаж чадна. Төмөр зам барихаар гэрээсээ хол ажилласан хүмүүсийн хувьд маш бага цалин авсан гэж гомдолложээ. Мөн байгаль орчны мэргэжилтнүүд төмөр зам бүтээн байгуулалтын ажлыг байгаль орчинд хохиролтой, Лаос дахь ховордсон амьтдад аюул учруулсан гэж дүгнэсэн байна.

Эх сурвалж: АР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж