Дэлхийн шилдэг сургууль байгуулах мөрөөдөлтэй Д.Батчунаг | News.MN

Дэлхийн шилдэг сургууль байгуулах мөрөөдөлтэй Д.Батчунаг

Дэлхийн шилдэг сургууль байгуулах мөрөөдөлтэй Д.Батчунаг

"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор Японд амжилттай ажиллаж, амьдарч буй залууг онцолж байна. Түүнийг Д.Батчунаг гэдэг. Тэрбээр ажил хайгч хэрэглэгчийн тоогоороо дэлхийд нэгт ордог Indeed.com компанийн Япон дахь охин компанид вэб хөгжүүлэгчээр ажилладаг.  Тэрбээр эх орондоо дэлхийн шилдэг их сургууль байгуулах хүсэл мөрөөдөлтэй тухайгаа хуваалцсан юм. 

Д.Батчунаг "Суралцахаа хэзээ ч зогсоож болохгүй шүү гэж залуустаа хандаж хэлмээр байна. Их дээд сургуульд дөрвөн жил суралцаад л боллоо гэж өөрсдийгөө хязгаарлах хэрэггүй. Өөрийгөө хөгжүүлэх боломж хэзээд байдаг. Ер нь залуу нас тэр чигээрээ боломжоор дүүрэн. Тиймээс тэрхүү боломж нь ирэхэд хүлээж авах бэлтгэлтэй байх нь чухал" гэдгийг зөвлөсөн юм. Ингээд түүний сонирхолтой ярилцлагыг хүргэе.


ДАШДЭМБЭРЭЛ БАТЧУНАГ 

Төгссөн сургууль:

Улаанбаатар хот дахь Монгол-Туркийн хамтарсан сургууль
Токиогийн Технологийн Институт
Токиогийн Технологийн Институт, Ахисан түвшний сургууль
Мэргэжил:

Компьютерийн шинжлэх ухаанч

Одоо эрхэлж буй ажил:

Вэб хөгжүүлэгч

Сошиал хуудас: 

Batchunag Dashdemberel  https:/фэйсбүүк, инстаграм/

ХҮҮХЭД НАСНЫХАА ТУХАЙ ЯРИХГҮЙ ЮУ?

-Би хотын унаган хүүхэд. Миний бага нас Жуковт өнгөрсөн. Хүүхэд байхдаа их олон зүйл сонирхдог байлаа. Байрны хүүхдүүдийн адилаар гадаа тоглох, ялангуяа сагсан бөмбөг,  хөл бөмбөг их тоглодог байсан. Хичээлийн хувьд багаасаа тоонд дуртай, дунд сургуульд ороод математикаас гадна хими, физикийн хичээл сонирхож олимпиадад орж эхэлсэн. Ахлах ангид орохдоо компьютер дээр програм бичиж болдог гэдгийг анх мэдэж авсан юм. Тэрнээс хойш илүү программчилал талаас компьютерийг сонирхох болсон доо. 

Тухайн үед мэдээлэл зүйн олимпиад зохион байгуулдаг байлаа. Дунд ангийн мэдээлэл зүйн хичээл дээр компьютер асаах унтраах, файл яаж нээх вэ гэх мэт хичээл заадаг байсан. Компьютер тодорхой хэмжээнд ашиглаад сурчихсан байсан болохоор мэдээлэл зүйн хичээл сонирхолтой санагддаггүй байв. Харин тоо бодоод байгаа юм шиг мөртлөө алгоритм зохиогоод программ бичиж, компьютерээр хариугаа гаргаад байгаа нь надад сонирхолтой санагдаж эхэлсэн юм.

АНХНЫ АМЖИЛТ

-Намайг ерөнхий боловсролын сургуульд сурч байхад дүүрэг, хотын олимпиад гэж болдог байсан. Тухайн үед 2007 онд мэдээлэл зүйн улсын олимпиадаас хүрэл медаль авсан. Тэндээсээ Хорват улсын нийслэлд зохион байгуулсан олон улсын олимпиадад Монголоос очсон дөрвөн хүүхдийн нэгээр оролцож байв. Энэ бол миний анхны том амжилт. 

Тэр үед улсаас медаль авбал их сургуульд орох урилга өгдөг байсан. Миний хувьд тэр үеийн МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуульд урилгаар элсч орсон. Тэнд суралцаж байгаад хоёрдугаар курсээс Япон улсад ирсэн. Монголд мэдээллийн технологийн инженер мэргэжлээр сурч байсан бол Японд очоод компьютерийн шинжлэх ухаан, онолын мэдээлэл зүйн чиглэлээр суралцсан. Математик нь хэрэглээний, онолын гэж байдаг шиг комьютерийн шинжлэх ухааныг бас тэгж ангилдаг юм. 

ТАНЫ ХУВЬД ТОКИОГИЙН ТЕХНОЛОГИЙН ИНСТИТУТЭД КОМПЬЮТЕРИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ МАГИСТРААР СУРАЛЦСАН. ХУВЬ ХҮН ТАЛААСАА ОЛЖ АВСАН ТУРШЛАГААСАА ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?

– Би 2014 онд бакалавраа төгсч, Токиогийн технологийн их сургуулийн шинжлэх ухааны магистраар суралцсан. Энэ чиглэлээр гадаадад суралцаж, судалгаа хийж буй ганц нэг монгол залуус бий. Монголд цөөн тооны багш  байдаг ч бараг одоог хүртэл онолын компьютерийн шинжлэх ухааны анги гэж байхгүй байх.

Сургуульд хичээлээс гадна нэг сэдвээр гүнзгий судлах арга барилд суралцсан гэж бодож байна. Мөн хэцүү ч гэсэн ажлаа бага багаар ч хамаагүй урагшлуулаад байвал ард нь гарч чадах юм байна гэж ойлгосон. Мөн бакалаврт байхдаа оюутны программчлалын олимпиад, магистрт байхдаа аппликейшн, вэб хийх хакатон тэмцээнүүдэд ордог байсан нь том туршлага болсон гэж бодож байна. 

Түүнээс гадна оюутан байхдаа оюутны холбоогоор дамжуулж сайн дурын ажил хийх, хүмүүстэй харилцах, бусадтай хамтарч ажиллах чухал чадвараас сурсан.

ТА ЯПОНД УДААН ХУГАЦААНД АМЬДАРЧ БАЙГАА. АНХ ЯПОН ХЭЛ СУРАХАД ЯМАР БЭРХШЭЭЛ ГАРЧ БАЙВ?

-Миний хувьд наймдугаар ангиа төгсөөд тухайн үеийн нэрээр Монгол-Туркийн хамтарсан сургуульд сурсан. Анх ороход нэг жил хэлний бэлтгэл гээд англи, турк хэл заадаг байсан. Тэнд турк хэлийг анхан шатнаас нь сурсан юм. Өмнө нь орос, англи хэлийг хичээлээрээ үздэг байсан ч яг сонирхож байгаагүй. Харин турк хэл ойролцоо үг олонтой,  өгүүлбэрийн бүтэц нь адилхан, мөн турк багш нар олон байсан учраас их сонирхолтой, сурахад амархан санагдаж байсан. Тэнд англи хэл, турк хэл дажгүй сураад Японд ирсэн. Япон хэл өгүүлбэр зүйн хувьд монгол хэлтэй бас адилхан. Харин ханз нь сурахад мэдээж хэцүү байсан. Гайгүй сурсан ч одоо бол дан компьютерээр шивээд, ханз бичихээ эргээд мартаж байна. 

Япон хэл сурахад өмнө нь сурч байсан турк хэл нь түлхэц болсон гэж боддог. Гэхдээ бүтцийн хувьд төсөөтэй болохоор заримдаа үгээ хольж андуурах  хөгтэй тохиолдол гарч байсан. Анх дөрөвдүгээр сард Японд ирсний дараа, тавдугаар сард нь сургуулийн турк багш нар японд ирж таарсан. Тэр үед нэг сарын турш япон хэлээр "бөмбөгдүүлж" байсан нөхөр, багш нартайгаа уулзахад сонсоод ойлгоод байгаа хэрнээ турк хэлээр ярьж чадахгүй, цээжилсэн хэдэн япон үгнүүд л толгойд эргэлдээд байсан.

Бас хоёр жилийн дараа япон хэл гайгүй сурчихаад турк найзуудтайгаа өөр хот руу явах үед тохиолдсон түүх байна. Уг нь гурав хоног машинтай  яваад турк хэлээ сайхан сэргээж авсан юм. Буцаж Токиод ирээд галт тэрэгний зогсоол дээр нэг хүнээс юм асуусан чинь намайг ойлгодоггүй. Тэр хүнээс салсныхаа дараа бодсон чинь өөрөө ч мэдэлгүй турк хэлээр яриад байсан юм билээ.

ЯПОНД ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР МОНГОЛ ЗАЛУУС СУРАЛЦДАГ. ЭРГЭЭД ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ ЧАДДАГ УУ?

-Японд их сургууль төгсөөд ажилгүй хүн ховор гэж бодож байна. Монголоос ялгаатай нь бакалавраа төгссөн хүмүүс мэргэжлээсээ хамааралгүй сонирхлоороо ажилд ордог. Компаниуд нь ч гэсэн шинэ ажилтан сургаад авна гэсэн сэтгэлгээтэй байдаг болохоор хүлээлтийн зөрүү байхгүй. Магистр, доктороо төгссөн хүмүүс мэргэшсэн учраас ажлын байр нь байж байдаг. Японд залуучууд нь цөөн учраас хийх ажил олон, хүн хүч нь дутагдалтай байгаа. Миний ажиллаж буй инженерийн салбарт Японд ажлын байр олон байгаа ч технологийн хувьд АНУ тэргүүтэй бусад хөгжингүй орноос харьцангуй удаашралтай санагддаг. Гэхдээ энд сурч байгаа хүмүүс харьцангуй нэмэгдсэн. Салбар хамааралгүй бүгд л интернэтэд холбогдсон учраас программ бичиж чаддаг хүн эрэлттэй байгаа. Тэр утгаараа хөрвөх чадвартай мэргэжил. Яваандаа хүн бүрийн сурах ёстой л нэг чадвар болно. Анх гар утас нэвтэрч хүн бүр мессеж бичиж сурсан гэдэг шиг хүн бүр программ бичиж чаддаг болно. 

Энд ихэнх хүмүүс их сургуулиа төгсөөд шууд, эсвэл хэсэг ажиллаж байгаад буцдаг. Монголд амжилттай яваа хүмүүс олон байгаа. Японд ч хувиараа компани байгуулаад амжилттай явж байгаа залуус ч бий.

ОДОО ЯПОНЫ INDEED JAPAN КОМПАНИД ВЭБ ХӨГЖҮҮЛЭГЧЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ГЭСЭН ҮҮ. КОМПАНИА ТАНИЛЦУУЛЖ БОЛОХ УУ. ӨӨР МОНГОЛ ЗАЛУУС АЖИЛЛАДАГ УУ?

-Манайх ер нь бол Indeed.com гээд ажил хайлтын вэб сайт. Ажил хайгч хэрэглэгчийн тоогоороо дэлхийд нэгт ордог. Бараг л бүх ажлын байрыг манайхаас олох боломжтой гэсэн үг. Гүүглээс хүн дуртай зүйлээ хайж байгаа шиг шинэ ажлын байр олох боломжтой сайт юм. Төв нь АНУ-ын Техаст байдаг. Гэхдээ Японы компанийн охин компани гэж явдаг. Дэлхий даяараа 10 мянга гаруй ажилтантай.

Миний мэдэж байгаагаар Монгол хоёр л ажилтан байдаг. Бид хоёр хамт Япон дахь салбарт нь инженэрээр орсон. Ялангуяа инженерийн салбарт нь өөр монгол хүн байхгүй байх гэж бодож байна. Гадаад хүмүүс ихтэй. Японд ажилладаг инженерүүдийн 1/3 нь л япон хүн байх. Бусад нь гадаадад ажилтан. Ажил нь бүгд англи хэл дээр харилцдаг. Олон улсад үйл ажиллагаа явуулдаг гэдэг утгаараа хувь хүний мэдээллийн нууцлал, хүртээмжтэй байдал, нийтлэг дүрэм журам зэрэг зүйл сурах хэрэгтэй байдаг. Миний хувьд компаниудын хуудас хариуцдаг багт ажилладаг. Дэлхий даяарх компаниудын цахим хуудсууд гэсэн үг. Харамсалтай Монгол ороогүй л байна.

ЯПОНД ОЧООД ЮУ ХАМГИЙН ИХ ТААЛАГДСАН БЭ. ЭХ ОРНОО САНАЖ БАЙНА УУ?

-Анх очиход янз бүрийн технологи, эмх цэгцтэй байдал их таалагдсан. Японд метро цагаа сайн баримталж явдаг. Японд хуй салхи бороо цас гээд байгалийн гамшигт үзэгдэл болсон ч ард иргэд нь ажлаа алддаггүй. Урьдчилаад бүх ажлаа төлөвлөчихдөг. Суралцах хэрэгтэй юм шиг санагддаг. Нэг талаасаа соёл юм даа. 

Гадаадад хэчнээн удсан ч бүх л монголчууд хувьд эх орон руугаа харихыг хүсдэг гэж бодож байна. Би Монголд ойролцоогоор хоёр жилд нэг удаа очиж байгаа. Даанч одоо цар тахлаас болоод ирж очих хэцүү болоод байна.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Миний хувьд багаасаа сагс, хөл бөмбөгт дуртай. Одоо бол байгальтай харьцаж, өөрийгөө сорих спортоор хичээллэх болсон. Жишээлбэл, тогтмол гүйж эхлээд 2020 онд 2020 километр гүйх зорилго тавиад гүйж чадсан. Одоо бодоход бас л чанга байж. Энэ жил, сардаа 50 км гэсэн зорилготой гүйж байна. 

Бас хананд авирах спортод дуртай. Сүүлийн үед сүрфинг буюу усан гулгалт сонирхон хичээллэж байна. Цар тахлаас болоод манайх алсаас ажиллах боломжтой болсон ба одоо би байнгын гэрээсээ ажиллаж байгаа. Тиймээс 12 жил амьдарсан Токиогоос нүүж, сонирхлоо дагаад Японы зүүн эрэгт байдаг Хитачи гэдэг хотын хөдөө газар ирчихсэн байна. 

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Би хийх ажлуудаа сар сараар нь төлөвлөдөг. Ойрын төлөвлөгөө гэвэл өөрийгөө хөгжүүлэх зорилтыг тавьсан. Нэгдүгээрт, ажил мэргэжилдээ эзэн болохын тулд сурах зүйл маш их байна. Ер нь ажлаа гартаа оруулах зорилготой. Хувь хүн талаасаа хүмүүстэй харилцах харилцаандаа анхаарахыг хичээж байна. 

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ

-Дэлхийн топ 100 их сургуулиудаас Монголд байдаг болоосой гэж боддог. Боломж нь байвал тэр хэмжээний их сургууль байгуулах мөрөөдөлтэй. Эсвэл одоо үйл ажиллагаа явуулж буй их сургуулийн боломжийг нь дээшлүүлж, топ 100 их сургуулийн нэг болгоно. Үүнд, гадаадаас чадварлаг багш, оюутнуудыг татах бодлого зайлшгүй гэж боддог.

Бас нэг мөрөөдөл нь Монгол Улсын иргэн гадаад паспортоороо дэлхийн хаана ч хүссэн газраа зорчдог болохыг хүсдэг. Энэ нь Монгол Улс хөгжиж байгаагийн нэг илрэл болох юм болов уу. Учир нь би өмнө нь Алтанбулагийн хилээр машинаар хил гарах гэтэл машины бичиг баримтанд нэг үсгийг гаргацгүй бичсэн гээд хилээр гаргаагүй. Тэгээд дараа нь вагоноор хил гарсан. Тухайн үед монголчуудыг хүндлэхгүй, үл тоож байгаа нь мэдэгдэж байсан. Сүүлд цар тахлын үеэр АНУ-руу явахад намайг “харлах гэж байна” гээд түр саатуулсан. Миний зүгээс “Японд ажил төрөлтэй хүн” гэж хэлээд ч авч хэлэлцэхгүй байсан.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Суралцахаа хэзээ ч зогсоож болохгүй шүү гэж залуустаа хандаж хэлмээр байна. Их дээд сургуульд дөрвөн жил суралцаад л боллоо гэж өөрсдийгөө хязгаарлах хэрэггүй. Өөрийгөө хөгжүүлэх боломж хэзээд байдаг. Ер нь залуу нас тэр чигээрээ боломжоор дүүрэн. Тиймээс тэрхүү боломж нь ирэхэд хүлээж авах бэлтгэлтэй байх нь чухал. Мөн боломж бололцоо нь таарвал гадаадад сонирхсон мэргэжлээрээ суралцах, эсвэл ажиллаж амьдраад үзэх хэрэгтэй гэж бодож байна. 

Миний хувьд одоогоор ажил мэргэжлээ өөрийн болгох зорилтыг тавиад байгаа. Дэлхийн топ компанид ажиллаж байгаагийн хувьд энэ боломжийг алдалгүй сурах зүйл их байна. Мөн янз бүрийн соёл үзэл бодолтой хүмүүстэй хамтарч ажиллаж буй гэдэг утгаараа байнга суралцаж байдаг. Ажлаасаа гадна "Ants community" гэдэг нэртэй, хамтдаа суралцаж хөгжицгөөе гэсэн уриатай бүлэг найзуудтайгаа байгуулаад би өөрөө ч гэсэн суралцаад явж байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2021-12-03 77.205.41.3

Delxiigeer tarsan medleg bolovsrolooroo manlailj amidarch ajillaj baigaa bux mongol zaluuchuuddaa amjilt xusie Xunii nutagt erdem suraad mergejil chadvaraaraa ajillaj amidarna gedeg xuvi xunii xvid aguu tom yalalt shuu

Avatar

Зочин 2021-12-03 94.177.118.76

Чунагтаа амжилт хүсье! Эргэн тойрны хүмүүстээ үлгэр дууриалал болсон мундаг залуу шүү!

Avatar

Доржоо 2021-12-03 66.181.174.94

Өвөр монгол царайтай залуу байншд

Avatar

Зочин 2021-12-03 115.140.180.135

Ar Uvur yamar ch yalgaa bhgui sh dee. Tegj yarih yum bol Hyatad Mongolchuud yalgah argagui adilhan l bdg

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж