Пэн Шуайгийн эргэн тойронд: Хятадын эсрэг WTA

Хуучирсан мэдээ: 2021.12.03-нд нийтлэгдсэн

Пэн Шуайгийн эргэн тойронд: Хятадын эсрэг WTA

Пэн Шуайгийн эргэн тойронд: Хятадын эсрэг WTA

Сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй талбайн теннисний тамирчин Пэн Шуай болон түүнтэй холбоотой мэдээллийг багцлан хүргэе.


ҮҮСЭЭД БУЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ

WTA буюу Эмэгтэйчүүдийн теннисний холбооны зүгээс цагтаа дэлхийн чансааг тэргүүлж байсан Пэн Шуайтай холбоотой бэлгийн хүчирхийллийн дуулианыг бүрэн шалгахыг Хятадаас шаардлаа. Өдгөө 35 настай Хятад бүсгүйн хувьд гурван долоо хоногийн өмнө төрийн өндөр албан тушаалтан асныг өөрт нь үзүүлсэн бэлгийн дарамтын талаар сошиал хуудсандаа мэдээлсний дараа сураггүй болсон.

WTA-ийн зүгээс өнгөрөгч Пүрэв гаригт мэдэгдэл хийн Хятадын Ерөнхий сайдын орлогч асан Жан Гаолиг бүрэн шалгаж дуустал, Хятадад тэмцээнээ зохион байгуулахгүй гэдгээ мэдэгдэв. Тус холбооны Ерөнхийлөгч Стив Саймон ярихдаа “Пэн Шуай бусадтай чөлөөтэй харилцах эрхгүй, бэлгийн хүчирхийлэлд өртөж, дарамтлуулсан байдалтай байхад бид яаж тамирчдаа тэмцээнд оролцуулах юм бэ? Хэрэв 2022 онд Хятадад тэмцээн уралдаанууд зохион байгуулбал тамирчид болон холбогдох албаны хүмүүст эрсдэл учирч болзошгүй гэж би ихээхэн санаа зовж байна” гэжээ.

WTA ЯМАР ХОХИРОЛ АМСАХ ВЭ?

Эмэгтэйчүүдийн теннисний холбоо Хятадад зохион байгуулах арга хэмжээнүүдээ зогсоосноор тус холбоо болон тамирчид нь телевизийн шууд дамжуулалтын орлого, ивээн тэтгэгчийн дэмжлэг, шагналын мөнгөнөөс хэдэн зуун сая ам.доллар алдах эрсдэл үүсчээ.

Хятад улс жил бүр WTA-ийн 10 орчим тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд үүний дотор WTA-ийн улирлын төгсгөлийн финал багтдаг аж.

2018 онд Хятадын тал болон WTA хоёр Шэньжэнь хотод 10 жил тэмцээн зохион байгуулах гэрээ байгуулж, үүний ачаар тамирчид өмнө нь хүртэж байгаагүй өндөр  шагналын мөнгөө авч байв. WTA-ийн шаардлага тун тодорхой. Пэн Шуайгийн аюулгүй байдал дээр баталгаа гаргуулж, түүнд бэлгийн дарамт үзүүлсэн гэх Жан Гаолигийн хэргийг үнэн шударгаар мөрдөн шалгах. Тус холбоо нь ашгаас илүү зарчим баримталж, шударга ёсны төлөө зогсч байна гэж олон хүн харж байна.

ТАЛУУДЫН БАЙР СУУРЬ

Олон улсын олимпийн хороо/ОУОХ/ дундын шугамыг баримталж байгаа бөгөөд WTA-ийг Хятад руу дайрахаас илүүтэйгээр дипломат аргаар асуудлаа шийдэхийг уриалж байна. ОУОХ-ны зүгээс одоогийн байдлаар хоёр удаа Пэнтэй цахимаар холбогдоод байна. Пэн ч энэ үеэрээ аюулгүй байгаагаа мэдэгдэж, зүгээр л олон нийтээс зай барих хэрэгтэй болсноо дуулгажээ.

Гэхдээ л WTA энэ бүгдэд итгэхгүй байгаа бөгөөд Пэнтэй холбоо тогтоож, түүний хэргийг мөрдөн шалгана гэсэн баталгааг нэхсээр байна.

Энэ долоо хоногт Европын холбоо Хятадад хандан Пэн Шуайн аюулгүй байдал, одоогийн нөхцөл байдал, хаана байгааг нь нотлох баримт өгөхийг хүсч, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргийг бүрэн, шударга, ил тод мөрдөн шалгахыг уриалжээ. Өнгөрсөн сард НҮБ мөн хүний эрхийн албаны төлөөлөгчөөрөө дамжуулан ийм уриалга гаргасан бол АНУ-ын төрийн департмент нөхцөл байдлыг хянаж байгаа гэж мэдэгдэв.

ХЯТАД БУУЛТ ХИЙХ ҮҮ?

Пэнгийн гэртээ байгаа бичлэг, зураг цахим сүлжээнд тарж байгаа ч Хятад улс гадны шахалтад автсан шинж тэмдэг бага байна. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч дээрх хэргийг барууны хэвлэлүүдийн хорлон сүйтгэх ажиллагаа гэж тодорхойлсон. Хятад улс WTA-ийн мэдэгдэлд ач холбогдол бага өгч байгаа бөгөөд тэд өмнө нь NBA тэргүүтэй олон улсын байгууллагуудтай холбоотой асуудлууд дээр хатуу арга хэмжээ авч байсан.

WTA-ийн энэ долоо хоногт хийсэн мэдэгдлийн дараа Хятадын засгийн газрын зүгээс спортыг улстөржүүлсэн үйлдлийг эрс эсэргүүцнэ гэдгээ хэлсэн.

Жан Гаоли

Харин бэлгийн дарамт үзүүлсэн гэх Жан Гаолиг Хятадын улс төрд удаан оршихгүй гэж шинжээчид үзэж байна. Өдгөө 75 настай, Хятадын Ерөнхий сайдын орлогч, улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн байсан түүнийг өвлийн олимпоос өмнө улс төрөөс зайлуулна гэж харж байгаа аж. Жан Гаолиг гурван жилийн өмнө Пэн Шуайд бэлгийн дарамт үзүүлсэн гэж үзжээ. Хамгийн хачирхалтай нь, Жан өдийг хүртэл олон нийтийн өмнө гарч, хэвлэлд тайлбар, залруулга өгөөгүй явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж