Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд томчуудын хүчирхийлэл, буруутай үйлдлийн золиос болсон тохиолдлын тоо тоймгүй. УИХ-ын эмэгтэй гишүүд энэ талаар мэдсэн ч дүлий дүмбэ оргиод, нүдэн балай, чихэн дүлий байсаар өнөөдөртэй золгосон. Харин П.Анужин гишүүн “хэлд орж” буй бололтой, хүүхдүүдийн төлөө овоо дуугарсан байх юм.
Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд “Ундны сайн ус эрүүл мэндийн үндэс!" гээд, “Сургууль дээрээ маш сайн чанарын усыг хүссэн хэмжээгээрээ хүртэж буй хүүхдүүдийг хараад сэтгэл сэргэлээ. Сайн усыг зөв горимоор ганц хоног уухад л эрүүл мэндэд том өөрчлөлт гардаг. Туршаад үзнэ биз ээ! Гишүүнээр сонгогдсон дайруйдаа нэгэн ажлыг санаачлан, өөрийн хөрөнгөөр хийсэн юм. Сонгинохайрхан дүүргийнхээ 1000 хүүхэдтэй лаборатори 151 дүгээр сургуулийн сурагчдад зориулан дээд зэргийн цэвэр, сайн ус уух нөхцлийг шийдэж өгсөн. Давхар бүрт олон давхарт дээд зэргийн шүүлтүүр байрлуулсан. Хүүхдүүд маань ус ууж хэвшиж” хэмээн нүүр номдоо бичжээ.
П.Анужин мөн тус сургуулийн үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжилт, хоол хүнсний чанартай танилцсан байна. Тэрбээр “Сургуулийн хүүхдүүдийн биеийн тамирын хичээл орж буйтай таарч, гайхамшгийг харлаа. Хичээж мэрийвэл болохгүй зүйл алга. Шинжлэх ухаанд суурилсан, дэлхийн стандартад нийцсэн биеийн тамирыг төгс хичээл энд орж байна. Хүүхдүүд хичээлийн завсарлагаанаар шагай харваж байв. Өв соёлыг энгийн байдлаар ийнхүү дэлгэрүүлж буйд бахархал төрлөө” гэжээ.
Холбоотой мэдээ