Эгэл монголчуудын амьдрал хүнд байна. Дундаж давхаргынхны дунд хоёр идэхгүй, хоосон хонохгүй өрхийн тоо буурсан бол амьдралын боломж тааруу иргэд хатуухан хэлбэл “өлбөрөх”-ийн даваан дээр байгаа нь нууц биш юм.
Хүн төрөлхтөнийг барьц алдуулсан цар тахал нүүрлэхээс өмнө Монгол Улсад бөөрөнхий талхаа хувааж, тосоо граммлаж авдаг байсан айл өрх цөөнгүй байв. Өнөөдөр байдал улам дордож, ядуусын тоо улам нэмэгдэж, дэлгүүрийн “өрийн дэвтэр” зузаарсаар байна. XXI зуунд, хотын захын гэр хороололд амьдарч буй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд ходоодондоо хийх хоолгүй, дулаан хувцасгүй, түлэх түлшгүй, өдөр хоногийг өлөн зэлмүүн, “зутарч” өнгөрүүлж буй нь үнэн.
Төр засаг цар тахал дэгдсэнээс хойш ганц магтууштай, дорвитой арга хэмжээ авсан нь иргэн, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг хөнгөлсөн явдал.
Монгол Улсын Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг хөнгөлөх шийдвэр гаргасан. Цар тахлын хүнд нөхцөл байдлын улмаас тус шийдвэр хэрэгжих хугацааг энэ оныг дуустал сунгасан. Энэ арга хэмжээ иргэдэд бодит дэмжлэг болсныг хэлэх хэрэгтэй.
Дэлхийн эдийн засгийн форумын эрсдэлийн шинжээчид Covid-19-ийн тархалтаас улбаатай энэ удаагийн нийгэм, эдийн засгийн хямралыг дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн хохирол ихтэй хямралд тооцож буй.
Монгол Улсын хувьд 1990 оны системийн уналтаас хойших хамгийн том эдийн засгийн хямрал 2020 онд цар тахлын улмаас бий болж, хямралын нөхцөл байдал үргэлжилсэн хэвээр байна. Энэхүү хямралын улмаас 2020 онд Монгол Улсын ДНБ 5.3 хувиар агшсан. Хямралд гүнзгий өртсөн бизнесийн 80 гаруй хувь нь 1-9 хүртэлх ажилтантай, ЖДҮ эрхлэгч нар байгаа юм.
2020 онд Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул, уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлсэн бөгөөд ДНБ 5.3 хувиар, ажилгүйдлийн түвшин 4.3 хувь болж буурсан. Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 2020 онд 94.4 тэрбум төгрөг болж, өмнөх оноос ойролцоогоор хоёр дахин өссөн нь ажилгүйдлийн тэтгэмж хүртсэн хүмүүсийн тоо нэмэгдсэнийг харуулсан.
Бизнес итгэлийн индекс өнгөрсөн онд -0.28 гарсан нь гадаад зэх зээлд таагүй хандлагатай, экспортын өсөлт саарсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан 2015 оны индекстэй ойролцоо дүн болсон.
Эрх баригчид өнгөрсөн хугацаанд ард түмний мөнгийг “их наядтанууд” мэт баруун, солгойгүй цацалсныхаа горыг амсч, одоо ёстой мөнгөгүй "гурайтаж" буй юм. Ямар сайндаа л эмнэлэгт хандсан иргэддээ эрүүл мэндийн даатгалыг нь нөхөн төлүүлж байж үйлчилгээ үзүүлнэ гэх вэ. Даатгалаа нөхөн төлж чадахгүй бол “өнөө, маргааш”-гүй болсон байсан ч хамаагүй тухайн иргэн эмнэлгийн тусламж авч чадахгүй буцаж байгааг иргэд хэлж байна.
Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын байрыг дэмжих зорилт бүхий жилийн 3 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх зээлийг банкyудын чөлөөт эх үүсвэрээр олгож эхэлсэн. Энэ зээл жинхэнэ эзэндээ очихгүй, банк танил тал, авлига өгсөнд нь зээл олгож байгаа гэсэн шүүмжлэл дагуулсан.
Гэвч гаднын экспертүүд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхлэхтэй холбоотойгоор Монгол Улсын эдийн засаг өснө гэсэн өөдрөг таамаглал дэвшүүлж байна.
Олон улсын валютын сан дүрмийнхээ IV зүйлийн дагуу гишүүн орнуудтай хийдэг хоёр талын хэлэлцүүлгийг Монгол Улстай арваннэгдүгээр сарын 29-нд зохион байгуулсан. Энэ үеэр цар тахлын үеийн бодлого зохих ёсны дэмжлэг болсон ч зорилтот бус, тэвчиж болох санхүүгийн дэмжлэг, төсвийн бодлогыг УИХ-аас үргэлжлүүлсээр буй. Энэ нь макро эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлсний үр дүнд улсын өр огцом өсч, төлбөрийн тэнцэл улам суларч, Монголбанкны үйл ажиллагааны хараат бус байдал алдагдаж буйг анхааруулав.
ДНБ 2020 онд 4.6 хувиар буурсан ч 2021 оны эцэст 4.5 хувь өснө хэмээн таамагласан. Ирэх 2022-2023 онд Монгол Улсад экспортод тулгуурласан өсөлт үргэлжлэх бөгөөд экспортын гарцууд бүрэн нээгдэж, Оюутолгойн зэсийн уурхайн бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаандаа дуусвал эдийн засгийн өсөлт 6.5-7 хувьд хүрэх төлөвтэйг онцолсон юм.
Мөн мөчлөг дагасан бодлого макро түвшний санхүүгийн тогтвортой байдал, өрийн тогтвортой байдлыг алдагдуулж, бусад томоохон эрсдэлүүдийг шийдвэрлэх бодлогын орон зайг хумьж, Монгол Улсын сэргэлтийг сааруулж болзошгүйг анхааруулав.
Дэлхийн банк Монгол Улсын бодит ДНБ 2021 онд 6.8 хувиар, 2022 онд 7.2 хувиар тэлнэ гэж таамагласан бол Азийн хөгжлийн банк Монгол Улсын 2021 оны эдийн засгийн өсөлтийг 4.8 хувиар, 2022 онд 5.7 хувиар тус тус өснө гэж төсөөлсөн.
Хэдийгээр манай эдийн засгийг ийнхүү өөдрөгөөр төсөөлж буй ч монголчууд бидний хувьд бүсээ чангалах жинхэнэ хямрал тун удахгүй эхэлнэ. Наад зах нь Засгийн газраас үзүүлсэн хөнгөлөлт энэ сард дуусгавар болж, иргэд цахилгаан, дулаан, эрчим хүчний төлбөр, ипотекийн зээлээ үргэлжлүүлэн төлөх билээ.
Холбоотой мэдээ