Хилийн чанадад 13-хан настай монгол охин бусдад зодуулж, зургаан цагийн турш хүчирхийлүүлсэн сэтгэл эмзэглэмээр мэдээлэл Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр цацагдав. Өмнөд Солонгосын "MBC" телевизийн мэдээлснээр “БНСУ-ын дунд ангийн дөрвөн охин нийлж, 13 настай монгол охиныг хүчирхийлсэн. Тухайн үедээ бичлэг хийж дараа нь олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлж, охиныг сэтгэл санааны гүн хямралд оруулжээ. Үүнээс болж тухайн хүүхэд сургуульдаа явахаа больжээ. Хохирогч охин арван жилийн өмнө Өмнөд Солонгост эцэг, эхийн хамт очсон бөгөөд дунд сургуулийн сурагч аж. Хохирогчийг хүчирхийлсэн хүүхдүүдийн зарсан бичлэгийг цагдаа нар шалгаж байгаа бөгөөд хэргийг өнгөрсөн аравдугаар сард прокурорт шилжүүлжээ. Харамсалтай нь, тухайн хүүхдүүдийг тэнсэн харгалзахаар суллаж, эрүүгийн ялаас чөлөөлсөн” талаар цацагдсаны дараа л Гадаад харилцааны яам, Өмнөд Солонгост суугаа Элчин сайд нь энэ хэргийг мэдсэн бололтой.
Хэрэг өнгөрсөн долдугаар сард гарсан бөгөөд ар гэрийнхэн нь цагдаад хандсан боловч солонгос цагдаа нар тоож үзээгүй талаар ээж нь уйлаад ярих нь сэтгэл өвтгөм. Гэтэл хүний газарт иргэдийнхээ эрхийг хамгаалах ёстой Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яамнаас "Энэ хэргийн талаар мэдээлэл ирээгүй" гэх хариултыг өгөөд сууж байгаа нь ичгэвтэр. Ийм нөхцөлд монгол хүнийг, монгол иргэнийг хэн хамгаалах юм бэ. Иргэдийнхээ эрхийг хамгаалж чадахгүй бол Элчин сайдын яам ажиллуулаад татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулах шаардлага юун.
Түүнчлэн энэ оны есдүгээр сард /2021.09.04/ БНСУ-ын Инчон хотын Бүпён дүүрэгт хоёр жил гаруй буудалд ажиллаж байсан монгол эмэгтэй солонгос захиралдаа зодуулсан хэрэг гарсан. Солонгос захирал нь түүнийг хүчирхийлэхийг завдахад хохирогч эмэгтэй эсэргүүцсэнээр эрүүл мэндээрээ хохирч үлдсэн. Хохирогч эмэгтэй амьд гарахын тулд буудлаас өмссөн хувцастайгаа хөл нүцгэн зугтаж, ойролцоох элгүүрт байсан хүмүүсээс тусламж хүссэнээр аврагджээ.
Гэвч хэсгийн цагдаа хохирогчийг хууль бусаар оршин сууж байсан гэх шалтгаанаар эмнэлгийн анхан шатны тусламж ч үзүүлэлгүй шууд саатуулах байр руу шилжүүлсэн. Хохирогч эмэгтэй хоол ч идэж чадахгүй хүнд буй тухай БНСУ дахь "Монгол нийгэмлэг" ТББ-аас мэдээлж байв.
Өмнөд Солонгост 50 орчим мянган монгол хүн амьдарч, суралцаж байгаа талаарх албан бус мэдээлэл бий. Тэдний хэд нь ийнхүү хүний газар бусдад шоглуулж, хүчирхийлэлд өртөж, гэмт хэрэгт холбогдож, амь насаа алдаж байгаа талаарх мэдээлэл Элчин сайдын яаманд хомс. Гадаадад Монгол Улсыг төлөөлж суугаа Элчин сайдуудыг, тэнд ажиллаж байгаа хүмүүсийг зугаалаад, зугаацаад ир гэж томилоогүй. Иргэдийнхээ эрхийг хамгаал, монгол хүний төлөө ажилла, зүтгэ гэх үүрэг даалгавар өгдөг. Гэтэл манай томилогдсон элчингүүдийнх нь байж байгаа царай энэ.
Энэ мэт кэйс дээр тус улсын Элчин сайдын яам анхаарч, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж дуугарах цаг болжээ. Монгол бол туурга тусгаар улс. Гэтэл иргэнээ өмөөрөх эх орон байна уу. Эх орныг нь төлөөлж суугаа Элчин сайд нь хаачив?!
Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нь Н.Эрдэнэтуяа. Эх хүний хувьд, эмэгтэй хүний хувьд энэ хэрэгт тэр хамгаас илүү анхаарлаа хандуулах ёстой. Харамсалтай нь, дээрх хоёр кэйс дээр Элчин сайд ямар ч тусламж, дэмжлэг үзүүлээгүйгээр үл барам мэдээгүй сууж байгаа нь Монголоос томилогдож очсон дарга нар иргэдийнхээ төлөө хэр ажилладгийн тод жишээ энэ болов.
Холбоотой мэдээ