"МАН-ын гишүүн хүн, бусад нь хүн биш үү?" | News.MN

"МАН-ын гишүүн хүн, бусад нь хүн биш үү?"

Live"МАН-ын гишүүн хүн, бусад нь хүн биш үү?"

14 : 41
2021-12-2

Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлд “Монгол Улсын Их Хурлаас Далай ашиглах тухай хуулийг анх 1999 онд батлан мөрдөж эхэлснээс хойш 2007 онд нэг удаагийн нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Олон улсын далайн байгууллагаас хийсэн аудитын дүгнэлтээр Монгол Улс далайн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, конвенцид заасан зайлшгүй биелүүлэх хэм хэмжээг үндэсний хууль, тогтоомжиндоо тусгах, бүртгэлтэй хөлөг онгоцны буюу далбааны эзэн улсын хяналтын механизмыг бүрдүүлэх зэрэг зөвлөмж өгчээ.

Эдгээр зөвлөмжийг судлан, Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн хуулийн төслийг боловсруулсан. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Далай ашиглах тухай хууль нь хөлөг онгоцны бүртгэл, далай ашиглах үйл ажиллагаа, хөлөг онгоц болон түүний багийн гишүүдэд тавих шаардлага, техникийн үзлэг шалгалт зэргийг ерөнхийлөн тусгасан, далай дахь аюулгүй байдлыг хангах талаар зохицуулалт оруулаагүй, олон улсын гэрээ конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтгүй, хуулийг практикт хэрэглэх боломж бололцоо сул, цаг үеэсээ хоцрогдмол байсан” гэдгийг онцолжээ.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
 
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
 
-Далай ашиглах тухай хуулийн төслийг харахад хэрэгжүүлэгч агентлагийн хүрээнд буюу яамны түвшинд шийдэхээргүй асуудлуудыг хөндөөд оруулсан байна. Тухайн хөлөг онгоцны байгууламж, хөдөлгүүр бусад тоног төхөөрөмжид техникийн хяналт тавих гэх мэтчилэн. Хэрэгжүүлэгч агентлагийн хэмжээнд хийх ажлыг Зам тээврийн яам руу татаж авчирсанд гайхаж байна. Далайн захиргааг байхгүй болгоод яаман дээр эрх мэдлийг нь татаж авчирч байгаа бололтой. Гэхдээ өнөөдөр төрийн захиргааны төв байгууллага дээр бодлогын асуудлаа хэлэлцэж ярилцах ёстой. Яам бүрт тусгай зөвшөөрөл олгодог, эрх мэдлийг төвлөрүүлдэг, хүнд суртлыг бий болгодог. Үүнээс үүдэн аж ахуйн нэгж байгууллагууд, хувийн хэвшил хөлд нь чирэгддэг.
Би буруу ойлгоогүй бол далайтай холбоотой асуудлаар Зам тээврийн яам далбайн эрхийг олгох зөвшөөрлийг олгодог. Хэчнээн тусгай зөвшөөрөл энд байгаа юм. Бүх яаманд 5-6, зарим том газарт 20-30 тусгай зөвшөөрлийг олгодог. Тэр болгон дээр хүнд суртлыг үүсгэдэг. Үүн дээр бодлогын өөрчлөлтөө хий. Техникийн шинж чанартай асуудлуудыг яагаад яам дээр төвлөрүүлэх гээд байна вэ.
Далайн захиргааг татан буулгалаа гэхэд Зам тээврийн яаманд холбогдолгүй асуудлуудыг байнгын хороон дээр дэмжээд оруулаад ирэх юм. Яам нь бодлого, агентлаг нь хэрэгүүлэх үйл ажиллагаагаа хийдэг.
Хил гааль хаагдсантай холбогдуулж далай болон авто тээвэр хүндэрсэн. Монгол Улс импортоор бүх бараагаа гаднаас авдаг. Гэтэл тээврийн зардал 50-200 дахин нэмэгдсэн. Хуучин 2500 ам.доллараар ачаа ачуулдаг байсан бол бараг 10 мянган ам.доллараар ачуулах болсныг байгууллагууд ярьж байна. Энэ асуудал дээр Зам тээврийн яам, Гадаад хэргийн яам бодлогын ажлаа хиймээр байна.
Илүү, дутуу тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал биш бусад том бодлогын асуудал руу ор оо. Экспортын гарц, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх асуудлыг шийдэхгүй яваад байх юм. Газрын тосны боловсруулах үйлдвэртэй холбоотой 200 гаруй чингэлэг тоног төхөөрөмж Тяньжин дээр гацаад таван сар болсон. Дөнгөж саяхан орж ирсэн. Цаана нь 240-250 чингэлэг хүлээгдэж байна. Боомтын асуудлыг уг нь далайн захиргаа юм уу Зам тээврийн яам хариуцах ёстой.
 
Ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан:
 
-Олон улсын конвенцид аливаа улсын далбаан дор үйл ажиллагаа явуулах эрх бүхий хөлөг онгоцны хувьд захиргаа нь тухайн улсын Засгийн газар байна гэж заасан байдаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газар буюу төрийн захиргааны төв байгууллага нь хариуцаж, хариуцлага хүлээдэг. Тиймээс далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх үүргийн асуудлыг хуульд маш нарийн заасан.
Хөлөг онгоцны хөдөлгөөр, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавихдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн техникийн хяналтын байгууллагуудтай гэрээ хийнэ. Хөлөг онгоцны байршил тогтоох, хянах, алсын хяналт тавих, боловсон хүчин бэлтгэх асуудал нь Зам тээврийн яаманд харьяалагдана. Агентлаг буюу захиргааны асуудлыг Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд үлдээсэн.
Далайн захиргаа гэдэг байгууллага Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн хэлтэст харьяалагддаг. Энэ байгууллага төрөөс цалинждаггүй. Бид далбаагаа мандуулсны төлбөрт жилд 1.2-1.5 сая ам.доллар олдог. Түүгээрээ цалинждаг байгууллага. Дээрээс нь энэ орлогоос Сингапурт байсан төлөөлөгчийн газрыг санхүүжүүлдэг байсан. Мөн тодорхой хэсэг нь Монгол Улсын төсөвт төвлөрдөг.
Олон улсын нэгдэн орсон конвенцууд болон аудитын дүгнэлтээр Засгийн газар далайн захиргааны асуудлаа шийдэж нэг мөр болго гэж байгаа юм. Тиймээс хуулийг шинэчлэх шаардлага үүссэн. 2003 оноос хойш нийт 4,000 гаруй онгоц манай далбааг мандуулсан. Үүнээс яг одоогоор манай бүртгэлд 24 орны 177 онгоц Монгол Улсын далбааны дор үйл ажиллагаа явуулж байна.
 
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
 
-Монгол Улс далайн цөөхөн боомтоос хамааралтай. Тэр нь Тяньжин, Замын-Үүд. Монгол Улсын хувьд том бодлого нь далайд өөр гарцтай болох юм. Далайн захиргааны газрыг зөвхөн хөлөг онгоц тоолсныхоо төлөө мөнгө авдаг газар гэж бодохгүй байна. Далайд гарах ганц гарц нь Бичигт авто замын боомт. Тиймээс далайн захиргааны газрыг Зам тээврийн яаманд биш агентлаг дээрээ үлдээсэн нь дээр. Яам бодлогоо гаргаад, агентлаг хэрэгжүүлэх ёстой.
Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ажил урагшлаагүй. Гэтэл яг ажил хэрэг болгох гэхээр далайн захиргааны газрыг татан буулгаад яамтай нэгтгэхийг буруу гэж бодож байна.
 
Ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан:
 
-Далайн тухай хууль бол ухралт биш дэвшил болсон. Монгол Улс Хятадын долоон боомт, Оросын зургаан боомтыг ашиглах хоёр талын гэрээтэй. Өнөөдрийн байдлаар дөрвөн зуучлагч агенттай гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж байна. Цаашид зургаан агенттай гэрээ байгуулахаар ярилцаж байна. Тиймээс Монгол Улсын далайн тээврийн үйл ажиллагаа идэвхтэй явж байна.
Далайн тээврийн эрхзүйн үйл ажиллагаанд Монгол Улс 22 дах жилдээ оролцож байна. Цаашдаа далайн тээврээс олох боломжуудыг Монгол Улсад авчрахын тулд, олон улсын далайн байгууллагын гишүүн орны хувьд тэдний өгсөн аудитын дүгнэлтийг дотоодынхоо хуульд тусгах хэрэгтэй. Хариуцлагаа сайжруулахын тулд энэ хуулийг шинэчилж оруулж ирсэн.
Далайн салбарын мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх, сургах ажлыг Засгийн газрын гишүүн эрхлэх үүрэгтэй. Тиймээс Засгийн газрыг Зам тээврийн хөгжлийн яам төлөөлөх болж байна.
Далайн захиргааны газрыг татан буулгаагүй. Өмнө нь далайн захиргаа нэртэй компани байсан. Одоо Засгийн газарт эрхийг нь өгөх учраас далайн захиргааны төв байгууллагыг байгуулна.
Татан буулгах, өөрчлөх асуудлыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд нийцүүлэн Засгийн газар шийдвэрлэхээр заасан. Далайн тээврийн эрхийг олгох байдлыг хуульдаа нарийн тусгасан. Өмнө нь Монгол Улсын далбаан дор тээвэр эрхэлж байгаа усан онгоц эзэмшигч орны хөлөгт боомтын улс хариуцлага тооцож, Монгол Улс зөвхөн бүртгэлээсээ хасдаг байсан. Одоо энэ хуулиар Монгол Улс хариуцлага тооцохоор болж байна.
 
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
 
-Агентлаг, яам уу гээд хэрэлдэхээрээ цаана нь хээл хахууль, авлига, албан тушаал эрх мэдлийн зодоон явдаг шүү. Б.Энх-Амгалан гишүүн өмнө нь сайд байсан. Та нэг үг тогтоож ав. Чуулганы танхимд суугаа нөхдүүд “Сайд бол нүүдлийн шувуу. Ирж, явж л байдаг асуудлыг бид шийднэ” гэдэг зарчимтай. Гэхдээ Б.Энх-Амгалан таны үед өргөн барьсан хуулийн төсөл дээр Далайн захиргаа гэж байсныг өнөөдөр Далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэж өөрчлөөд байгаа юм.
Би Зам тээврийн хөгжлийн яаманд хоёр жолоочийн хүсэлтээр очиж уулзсан. Л.Халтар сайд нь юм хийе гэж ярьдаг юм байна лээ. Л.Халтар УИХ-ын гишүүн бас сайд учраас жулдаж, УИХ Л.Халтарыг дарамталж доод нөхдүүд нь “алдаг” юм байна. Энэ нь дан ганц Зам, тээврийн хөгжлийн яам биш бусад бүх газарт л ийм байна.
Өнгөрсөн хугацаанд далайн захиргааны байгууллагаар хэн, хэн ажиллав. Дарга, сайд нарын хүүхдийг тэнд аваачиж томилдогоо болих хэрэгтэй. Та нар энийг завхруулаад цааш явбал би асуудал болгож олон нийтэд гаргаж тавина. Хэн гэдэг сайдын хүүхдийг хэдэн жил ажиллуулав гэдгийг. Монголын төр ямар тоглоом уу. Би бүр гайхаад байна. МАН-ын гишүүн хүн, бусад нь хүн биш үү. Олон жил болсон архаг авлигачдыг зайлуулах хэрэгтэй. Сүүлд нэмж асуухад Сингапурын компани нь дампуурсан юм уу.
 
Ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан:
 
-Далайн эрх зүйн эдгээр баримт бичгийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газар хөлөг онгоцны олон улсын нээлттэй бүртгэл явуулах хамтарсан компани байгуулах хэлэлцээрийг 2001 онд Сингапур улс тай байгуулсан. Бэлтгэл ажлыг ханган Монгол-Сингапурын хамтарсан “Монголын хөлөг онгоцны бүртгэл” компанийг байгуулж, 2003 оны гуравугаар сард анхны хөлөг онгоцоо бүртгэсэн. Тус компани нь 2021 оны арванхоёрдугаар сард татан буугдсан. Компани огт үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа. Монгол, Сингапурын хамтарсан Монголын хөлөг онгоцны бүртгэлийн компани байгуултал хариуцлагыг нь Монгол Улс хүлээх гээд байсан. Тиймээс дээрх компанийг татан буулгасан. Захиргааг л татан буулгаж байгаа болохоос биш цаанаа агентлаг байгуулах, Монголдоо үйл ажиллагаа явуулах эрх нь нээгдэж байна.
 
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
 
-Б.Энх-Амгалан таны үед өргөн барьсан хуулийн төсөл дээр Далайн захиргаа гэж байсныг өнөөдөр Далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэж өөрчилсөн талаар асуусан шүү дээ. Үүний цаана авлига л байгаа. Монголын нийгэмд нуугаад байх зүйлгүй болсон. Та нар хариуцлагаа хүлээгээд наад хуулиа батлаад яваарай. Үүний дараа гарах үр дагаврыг би харж байна. Хэдэн даргыг сольж, хүн хална биз. Тэр үед би дахиж дуугарна. Миний асуултад хариулах дургүй байгаа юм байна. Тиймээс би асуулт асуухаа болилоо.
 
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
 
-Хуулийн анхны хувилбарыг У.Хүрэлсүх сайдын үед өргөн барьсан. Б.Энх-Амгалан таныг сайд байх үед өргөн барьсан хууль дээр Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, далайн захиргааны бүрэн эрх хамт явж байгаа. Та энэ хуулийн төслийг өргөн барьчихаад буцаагаад үгүйсгээд ороод ирлээ. Төрийн захиргааны төв байгууллагынхаа бүрэн эрхийг зааж өргөжүүлж байгаа болохоос биш далайн захиргааг татан буулгана гэсэн үг алга. Хууль ийм давхардсан будлиантай явж болохгүй. Зөвхөн олон улсын конвенцтой холбоотой асуудлыг төрийн захиргааны төв байгууллага руу оруулж болохгүй. Н.Алтанхуяг гишүүний хэлж байгаа зөв шүү дээ. Засгийн газраас оруулж ирж яамнаас боловсруулсан ажлынхаа хөл гарыг тасдуулаад байж таарахгүй.
 
Ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан:
 
-Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэх, онгоцны байгууламж бусад тоног төхөөрөмж,техникийн хяналт тавих асуудал нь олон улсын байгууллагатай хийх гэрээний үндсэн дээр Төрийн захиргааны төв байгууллага хийхээр болсон. Мөн хөлөг онгоцон дээр ажиллах ажилтан, зорчигчдын эрүүл мэндийг мөн хамгаална. Дотоод далай буюу Хөвсгөл, Буйр нууранд явж байгаа хөлөг онгоцыг агентлаг шийдвэрлэж болно. Анхны хэлэлцүүлэг учраас хуулийн төслийг өөрчилж найруулах боломжтой.
 
Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцээд зарчмын зөрүүтэй санал хураав. Улмаар уг хуулийн төслийг гүйцээн боловсруулахаар байнгын хороо руу буцаалаа.
 
УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудал дууссан тул хуралдаан өндөрлөв.
 
14 : 33
2021-12-2

Д.Зүмбэрэллхамыг төрийн албаны зөвлөлийн гишүүнээс чөлөөлөв

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн горимын санал гаргав. Тэрбээр “ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр өглөө Д.Зүмбэрэллхамыг томилсон. Давхар алба хашиж болохгүй учраас төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээс яаралтай чөлөөлөх шаардлага үүссэн. Үдийн завсарлагаанаар төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж энэ асуудлыг шийдвэрлэсэн. Тиймээс хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд оруулах горимын санал гаргаж байна” гэлээ. Гишүүдээс санал хураахад гишүүдийн олонх нь дэмжив. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээс Д.Зүмбэрэллхамыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Түүнийг төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээс чөлөөлөхийг гишүүдийн олонх дэмжлээ.

12 : 51
2021-12-2

Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэхийг дэмжив

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж  байна. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авах гишүүд байсангүй. Байнгын хороо хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ. Тодруулбал, уг хуулийн төслийг эцэслэн батлуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авах гишүүд байсангүй. Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад 41 гишүүний 23 нь зөвшөөрч 56.1 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдав. УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэх асуудал дууслаа.

Үдээс хойших нэгдсэн хуралдаан 14:00 цагт үргэлжилнэ.

11 : 37
2021-12-2

20 жилд чөлөөт бүсийн асуудлаар таван удирдлага солигджээ

УИХ-ын нэгдсэн чуулганаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. “Алтанбулаг“ чөлөөт бүсийг байгуулаад 17 жил, “Цагааннуур” чөлөөт бүсийг байгуулаад 14 жилийн хугацаа өнгөрсөн боловч хашаа хүрээ татах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цөөн тооны худалдааны газар ажиллуулахаас өөр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр дорвитой ажил хийгдэлгүй өнөөг хүрч байгааг дуулгалаа.

Учир нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд чөлөөт бүсийн асуудлаар таван удирдлага солигджээ. Энэ нь бодлогын тогтворой байдлыг хангахад сөргөөр нөлөөлж, тогтвортой үйл ажиллагаа  явуулах боломж бүрдээгүй гэдгийг хуулийн төсөлд онцолсон байна.

Шадар сайд, УИХ-ын гишүүн  С.Амарсайхан:

Чөлөөт бүсийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.11 дэх заалтын “Хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг" гэсэн томъёолол нь найруулгын хувьд зөвхөн хөрш улсынхаа хилийн боомтын нутаг дэвсгэрт чөлөөт бүс байгуулахаар ойлгогдож байна. Агуулгын хувьд Чөлөөт бүсийн тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Чөлөөт бүсийг хилийн боомтын болон Засгийн газрын санал болгосон бүс нутагт байгуулна.”, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт ”Чөлөөт бүсийн газар нь боомтын газар нутагт хамаарахгүй” гэж заасантай зөрчилдөж байна. Түүнчлэн чөлөөт бүсэд гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах цагдаагийн чиг үүргийг дотоодын цэрэг гүйцэтгэхээр заасныг Цагдаагийн албаны тухай хуультай нийцүүлэх шаардлагатай. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар чөлөөт бүсийн хөгжлийн асуудал Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаа тохиолдолд Чөлөөт бүсийн тухай хуулийг хэрэгжүүлэх, “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааг жигдрүүлэх, “Цагааннуур”, “Замын-Үүд” чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан чөлөөт бүсийн үйл ажиллагаанд хамааралтай дүрэм, журмуудыг баталж мөрдүүлэх, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах асуудлыг Монгол Улсын Шадар сайдын шийдвэрээр баталгаажуулах эрх зүйн зохицуулалтгүй буюу хуулийн хийдэл үүсгэж байна.

Замын-Үүд" чөлөөт бүсийн захирагч А.Энхзул:

-2016 онд хийгдсэн урьдчилсан ТЭЗҮ-ээр “Замын-Үүд чөлөөт бүс жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүн 1.6-2.3 хувиар өснө. 2025 он гэхэд 9400, 2030 онд 15 мянга, 2035 онд 18 мянган ажлын байр бий болгоно гэж үзсэн. Гадаадын хөрөнгө оруулалт 2034 он гэхэд 2.9 тэрбум ам.долларт хүрнэ. Замын-Үүд чөлөөт бүсэд 2500 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх боломжтой” гэсэн.

Замын-Үүд чөлөөт бүс нь үйлдвэрийн бүс, тээвэр ложистикийн бүс, худалдаа аялал жуулчлалын бүс гэсэн дөрвөн чиглэлээр хөгжинө. Өнгөрсөн наймдугаар сарын эхээр Замын-Үүд чөлөөт бүс байнгын үйл ажиллагаанд орсон. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд өдөр бүр 300 зорчигч, 120 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна. Байнгын үйл ажиллагаатай гурван дэлгүүр ажиллаж байна. Дээрх дэлгүүрийн хоёр сарын борлуулалт тэрбум төгрөгт хүрсэн. 2015 оноос эхлэн уг бүсэд 66 аж ахуй нэгж 100 га газарт газар эзэмшиж ирсэн. 66 аж ахуй нэгж нийтдээ 323 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр Замын-Үүд чөлөөт бүсийн захиргаатай гэрээ байгуулж, төслөө ирүүлээд байна.

"Алтанбулаг" чөлөөт бүсийн ажлын албаны дарга

-"Алтанбулаг" чөлөөт бүс 2014 оноос эхлэн байнгын үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоогийн байдлаар улсын төсвөөс 26.5 тэрбум төгрөгийн дэд бүтцийн ажлын хөрөнгө оруулалт хийгдсэн. Манай чөлөөт бүсэд 136 аж ахуй нэгжийн 9.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон.

Чөлөөт бүсийн тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар ОХУ-тай Засгийн газрын түвшинд ажиллах нөхцөл бүрдэнэ. 2014 онд Чөлөөт бүс нээгдсэн цагаас хойш нийт 20 аж ахуй нэгж байнгын үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд бараа эргэлт зургаа дахин, зорчигч долоо дахин, тээврийн хэрэгсэл 5-6 дахин ихэссэн. Чөлөөт бүсэд нийт 15 орноос 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн импортолдог.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 26.5, хувийн хэвшлийн 9.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын явцад орон нутагт нийт 716 түр ажлын байр бий болсон. Одоогоор 66 байнгын ажлын байр бий болсон. "Алтанбулаг" чөлөөт бүс улсын төсөвт 1.7 тэрбум төгрөгийн газрын төлбөр хураамж төвлөрүүлсэн байна. Аж ахуй нэгжүүдийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татвараас нийт 2 тэрбум төгрөг оруулсан. Манай чөлөөт бүсээс улсын төсөвт 3.8 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.
Сүүлийн есөн жилийн хугацаанд Улсын төсөвт чөлөөт бүс дээр нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдаагүй учраас цахилгааны хомсдолд орсон. Харин энэ жилийн төсөвт 1 тэрбум төгрөг тусгасан. Цахилгааны өргөтгөлийн асуудал шийдэгдвэл экспортод чиглэсэн үйлдвэрлэл явуулах бүрэн боломжтой. Компани, төсөл нь бэлэн байна.

Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан:

Чөлөөт бүсийг ерөнхийлөн хуульчилсан болохоос биш чөлөөт бүс эдийн засгийн хувьд аль чиглэлд илүү ач холбогдолтой болох, гадаад, дотоод худалдааг өргөжүүлэх нь ямар чухал болохыг мартсан. Өөрөөр хэлбэл, чөлөөт бүс бүх талаар орхигдож ирсэн. Засгийн газар чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, эдийн засгийн хөшүүргүүдийг идэвхжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байна. Тиймдээ ч 6-7 жил Замын-Үүдэд 58 сая ам.доллараар баригдаад  хаягдсан  дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулсан. Дэд бүтцээ энэ хавраас хийнэ. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тэнцвэртэй бөгөөд чөлөөт бүсийн хөгжлийг гадаад зах зээл рүү чиглэсэн дотоодын эдийн засгийн бодлоготой уялдуулж явах шаардлагатай. Цаашдаа үйл ажиллагаа нь тодорхой бус, маш тодорхой бөгөөд нарийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулна. Энэ цаг үед чөлөөт бүсийн ач холбогдол өндөр гэдэг нь улам бүр мэдрэгдэж байна. Замын-Үүдийн гааль хаалттай. Орж, гарч байгаа бүтээгдэхүүн хязгаартай байна. Тиймээс чөлөөт бүсээрээ дамжуулж гадаад худалдаа, экспорт, импортоо нэмэгдүүлж байж улс орон эдийн засгийн хувьд тогтвортой хөгжинө. Одоогийн байгаа захиргааны бүтэц зохион байгуулалт нэр төдий явж ирсэн. Цаашдаа ийм байдлаар явахгүй. Тийм ч цаг үе биш. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг татварын хөнгөлөлтийг эдэлдэг байгууллагууд татваргүй бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг асуудал бий. Үүн дээр онцгой анхаарч хууль хяналтын байгууллагуудар чиглэлийг өгсөн. Тухайн чөлөөт бүсээр орсон үйлчлүүлсэн иргэд бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой. Түүнээс биш хуулиас гадуур худалдааны үйл ажиллагаа явагдах ёсгүй.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Үргэлжлүүлэн ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж  байна.

Зарчмын зөрөөтэй 15 саналыг хэлэлцэв. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

11 : 09
2021-12-2

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр Д.Зүмбэрэллхамыг томилов

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг томилох эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг, Хууль зүйн байнгын хороо, УИХ яаж ажиллаад байгааг ойлгохгүй байна. Нэг хүнийг хоёр удаа оруулж ирлээ. Өмнө нь таван эмэгтэй нэр дэвшигч орж ирсэн. УИХ яагаад  нэгийг нь унагачихдаг юм. Ажил болгоод шийдээд явахын оронд эргэж буцаад явах юм. Энэ нь парламентын нэр хүндийг унагаж байна. Ардын намын олонх болсон нөхдөөс л хамаг юм шалтгаалж байна шүү. Энэ байгууллагыг бүрэн бүтэн болгоод ажилд нь оруулмаар байна. Ажлын хэсгээс асууя. Яагаад  Д.Зүмбэрэллхамыг оруулж ирэв.

Ажлын хэсэг:

-Шүүхийн тухай хуулиар дараагийн нэр дэвшигч орж ирэх ёстой. 2021 оны нэгдүгээр сард баталсан Шүүхийн тухай хуулийн 95.3 дүгээр зүйлд “Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байна. Шүүгч бус гишүүд нь хууль зүйн өндөр мэргэжилтэй. Эрхзүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй. Сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэн байна” гэж заасан. Үүн дээр таны хэлээд байгаа ШЕЗ-д ажиллаж байгаагүй гэсэн заалт байхгүй.

Байнгын хорооноос гуравдугаар сард сонгон шалгаруулах журам баталсан. Тус журмын 2.2-т “Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 95.3, 95.4, 95.8-д заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн байна” гэж заасан. Шүүгч, өмгөөлөгч, шүүхийн захиргааны ажилтан болон ШЕЗ-ийн гишүүнээр ажиллахгүй байгаа гэх заалтыг ажлын хэсгийн журамд нэмж оруулсан. Өөрөөр хэлбэл, хуульд байгаагаас гадна нэмж шалгуур тавьсан. Өөрөөр хэлбэл, ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй биш ажиллахгүй байгаа гэсэн шалгуур бий. Хуульд байхгүй шалгуур нэмж оруулсан. Хууль болон журмын дагуу сонгон шалгаруулалт хийсэн. Үүнд өмнө нь ШЕЗ-д ажиллаж байсан гэдэг хамаарахгүй. Одоо ажиллахгүй байгаа гэдэг нь хамаарна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамын асуудлыг өмнө нь байнгын хороогоор хэлэлцсэн. Гэхдээ дүгнэлт гараагүй юм байна лээ. УИХ-ын дэгийн хуулиар нэгдсэн хуралдаанд зөвхөн байнгын хороогоор хэлэлцэж дүгнэлт гаргасан асуудлыг оруулах ёстой юм байна. Д.Зүмбэрэллхамын талаар хэлэлцсэн боловч дүгнэлт гараагүй учраас  таван нэр дэвшигчийн  дүгнэлт гараад танилцуулсан. Тиймээс  байнгын хороо дахин хуралдаж дүгнэлт гаргаад дэгийн дагуу оруулж ирж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-“Монголын наадмаар ардын хүү түрүүлж болдоггүй. Ноёны бөх түрүүлдэг” гэдгийг МАН сэргээж байгаа юм байна. Би Шүүхийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Та нартай мөр зэрэгцэн үг үсгээр нь хөөцөлдөн хуулийн төслийг уншсан шүү Ц.Мөнх-Оргил оо. Ганц хоёр үг үсгийг нь уншилгүй орхисон. Гэтэл ноёны бөх унаж болдоггүй гэх жишгээр үг үсэг өөрчлөөд оруулаад иржээ. Анх хуулийн төсөлд ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй гэж ярьсан шүү дээ. Гэтэл энэ хуулийг хэн зассан юм мэдэхгүй. ШЕЗ-ийн гишүүнээр одоо ажиллахгүй байгаа гэх агуулгатай болгож өөрчилсөн. Ингэж хулгай хийдэг юм байна л даа. Хуулийн үг үсгийг ингэж өөрчилдөг юм байна. Та нар ямар муухай юм. Танай дотор мөнгөтэй том бүлэглэл байгаа. МАН дотроо мөнгөтэй бүлэглэлээ дийлэхгүй бол Монгол Улс мөхнө. Шүүхийн шинэчлэл явахгүй. Монгол Улсад шударга ёс тогтохгүй юм байна.

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр Д.Зүмбэрэллхамыг томилохыг гишүүдийн олонх дэмжив. Тодруулбал, 40 гишүүнээс 29 нь дэмжлээ.

10 : 08
2021-12-2

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг горимын санал гаргав. Тэрбээр  "Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 4-нд Улсын төсвийг ярьж байх үеэр сүүлийн 15 жилийн төсвийн бодлогод дүн шинжилгээ хийж, УИХ-аар хэлэлцэх санал гаргасныг УИХ-ын дарга дэмжсэн. Улмаар ажлын хэсэг төсвийн байнгын хороон дээр байгуулагдсан. Үүнээс хойш нэг жил өнгөрлөө. Энэ хугацаанд дараачийн төсөв батлагдсан. Ер нь дампуу төсөв баталсан. Тиймээс ажлын хэсгийн дүгнэлтийг ярих хэрэгтэй.

Төсөв мөнгөн дээр онцгой анхаарал хандуулахгүй бол юм бүр хэрээс хэтэрлээ шүү. Татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж болохгүй. 2005 онд  тойргийн мөнгө гэх зүйл анх таван сая төгрөгөөс эхэлсэн. Одоо энэ мөнгө 1000 дахин өсч таван тэрбум төгрөг болжээ. Зарим тойрогт бүр арван тэрбум байх жишээний.  Энэ маягаараа Монгол Улс ард иргэдийн биш 76 гишүүний улс болох нь ээ.

Сонгуулийн хуулийг та нар олонхоороо хүч нийлж өөрчилсөн. Энэ их мөнгийг үр ашиггүй тарааж байснаас Дарханы замаа явуулсан бол илүү дээр байх байж. Та нар энэ талаар бүлэг дээрээ нэг яриач. Улс орныхоо тухай ярьдаггүй юм уу. Албан тушаал, мөнгө л ярих юм. Улсын төсвийн алдагдал 800 орчим сая ам.доллар.  Гадаад зээл 2012 онд гурван тэрбум байсан бол өнөөдөр найман тэрбум болжээ. Гадаадаас зээл авж болно. Гэхдээ ашиглахаасаа илүү үрэн таран хийж байна. Covid-19 нэрийдлээр хичнээн тэрбум төгрөг үрэв.  Үүнд хариуцлага тооцохгүй юу. Covid-19-ийн хуулиар улсын төсвийг УИХ мэддэг байсан чинь Засгийн газар мэддэг болгож өөрчлөөд талаар нэг тараасан" гэлээ. 

УИХ үргэлжлүүлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийг хэлэлцэж байна. 

УИХ Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар байнгын хороонд шилжүүлэв. Учир нь асуулт асууж, хариулт авах гишүүд байсангүй.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

C ,BAYAR 2021-12-02 174.192.140.200

MAH = b**s

Avatar

Зочин 2021-12-02 185.220.101.139

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-02 202.179.26.43

N.Altanhyag populist. Zugeer ch neg populist bish arhag populist.

Avatar

Зочин 2021-12-02 192.82.67.139

Ene avilgachin nuhur yamar yam oruulj ireed budiluulaad bn daa Enhamgalan gua

Avatar

Зочин 2021-12-02 192.82.67.154

Арай унацтай руу нь зүтгэж байна шүү, ийм үед л тэр хүний мөн чанар тодордог доо

Avatar

Хотын уугуул иргэн 2021-12-02 66.181.178.113

Эрүүл биш хүний хэлсэн элдэв долоон юмыг өлгөж авч гарчиг болгоод л. Тарвагдорж оо, чи одоо болоо юм биш үү Наад сурвалжлагч нэртэй утсан хүүхэлдэйнүүд нь гэж үзэг барьсан толгойгүй хүмүүс байна.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Миний таамаг зөв бол Зүмбэрэллхамын оронд томилогдох хүн ТАЗ-ийн дарга болно. 2021-12-02 192.82.68.8

Зүмбэрэллхам МАН-ын ч, АН-ын ч засаглалын үед ТАЗ-ын дарга байхдаа хууль бус томилгоотой тэмцэж байсансан.АН түүнийг чөлөөлсөн. Сүүлийн үед ТАЗ хууль бус томилгоотой сайн тэмцэж байгаа.Үүнд Зүмбэрэллхамын оролцоо байж таараа. МАН-ын хувьд цар тахалын хуулийн далбаан дор түр томилгоо их хийсэн.Ирэх оны эхнээс хууль ёсны сонгон шалгаруулалт явагдана.Энэ л МАН-нхны хувьд сорилт.Тэрнээс Алтанхуяг нарын хэлээд байгаа шиг олигархийг дэмжих гэж ШЕЗ-ийн гишүүн болж байгаа юм биш.ТЭГЭХ Ч ХҮН БИШ.

Avatar

зочин 2021-12-02 202.21.120.66

Зүмбэрэллхамыг хууль зөрчиж томилсон шүү одоо наад нөхөр чинь хуучин сурсанаа л хийнэ

Avatar

mgl 2021-12-02 217.91.200.22

Namuud hatuu gishuunchlelgui bolbol ene balai baidal alga boldog bolov uu?

Avatar

Зочин 2021-12-02 115.131.143.87

Замын үүд Алтанбулаг гэж огт хөгждөггүй газрууд байх юм. Алтанбулагт чөлөөт бүс байгуулна гэж 13 тэрбумыг улсаас аваад жаахан хашаа барьсанаас өөр юм юу ч хийгээгүй таг алга болсон. Тэрбум тэрбумаар хусаад таг дарагддаг ямар агуу луйварчид вэ? Жирийн иргэн 10 мянган төгрөг хулгайлбал 8-10 жилийн хорих ял авч байхад 340 тэрбумыг хулгайлсан улстөрч 40 саяаар торгуулаад зүв зүгээр мултардаг. Ямар гээч хуулийн тогтолцоотой улс вэ

Avatar

зочин 2021-12-02 43.242.242.6

шинэчлэгдсэн үндсэн хууль батлагдсаны ой байлгүйдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж