Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна
УИХ-ын нэгдсэн чуулганаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлд “Монгол Улсын Их Хурлаас Далай ашиглах тухай хуулийг анх 1999 онд батлан мөрдөж эхэлснээс хойш 2007 онд нэг удаагийн нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Олон улсын далайн байгууллагаас хийсэн аудитын дүгнэлтээр Монгол Улс далайн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, конвенцид заасан зайлшгүй биелүүлэх хэм хэмжээг үндэсний хууль, тогтоомжиндоо тусгах, бүртгэлтэй хөлөг онгоцны буюу далбааны эзэн улсын хяналтын механизмыг бүрдүүлэх зэрэг зөвлөмж өгчээ.
Эдгээр зөвлөмжийг судлан, Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн хуулийн төслийг боловсруулсан. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Далай ашиглах тухай хууль нь хөлөг онгоцны бүртгэл, далай ашиглах үйл ажиллагаа, хөлөг онгоц болон түүний багийн гишүүдэд тавих шаардлага, техникийн үзлэг шалгалт зэргийг ерөнхийлөн тусгасан, далай дахь аюулгүй байдлыг хангах талаар зохицуулалт оруулаагүй, олон улсын гэрээ конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтгүй, хуулийг практикт хэрэглэх боломж бололцоо сул, цаг үеэсээ хоцрогдмол байсан” гэдгийг онцолжээ.
Далайн захиргааны газрыг татан буулгаагүй. Өмнө нь далайн захиргаа нэртэй компани байсан. Одоо Засгийн газарт эрхийг нь өгөх учраас далайн захиргааны төв байгууллагыг байгуулна.
Д.Зүмбэрэллхамыг төрийн албаны зөвлөлийн гишүүнээс чөлөөлөв
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн горимын санал гаргав. Тэрбээр “ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр өглөө Д.Зүмбэрэллхамыг томилсон. Давхар алба хашиж болохгүй учраас төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээс яаралтай чөлөөлөх шаардлага үүссэн. Үдийн завсарлагаанаар төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж энэ асуудлыг шийдвэрлэсэн. Тиймээс хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд оруулах горимын санал гаргаж байна” гэлээ. Гишүүдээс санал хураахад гишүүдийн олонх нь дэмжив. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээс Д.Зүмбэрэллхамыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Түүнийг төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээс чөлөөлөхийг гишүүдийн олонх дэмжлээ.
Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэхийг дэмжив
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авах гишүүд байсангүй. Байнгын хороо хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ. Тодруулбал, уг хуулийн төслийг эцэслэн батлуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авах гишүүд байсангүй. Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад 41 гишүүний 23 нь зөвшөөрч 56.1 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдав. УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэх асуудал дууслаа.
Үдээс хойших нэгдсэн хуралдаан 14:00 цагт үргэлжилнэ.
20 жилд чөлөөт бүсийн асуудлаар таван удирдлага солигджээ
УИХ-ын нэгдсэн чуулганаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. “Алтанбулаг“ чөлөөт бүсийг байгуулаад 17 жил, “Цагааннуур” чөлөөт бүсийг байгуулаад 14 жилийн хугацаа өнгөрсөн боловч хашаа хүрээ татах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цөөн тооны худалдааны газар ажиллуулахаас өөр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр дорвитой ажил хийгдэлгүй өнөөг хүрч байгааг дуулгалаа.
Учир нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд чөлөөт бүсийн асуудлаар таван удирдлага солигджээ. Энэ нь бодлогын тогтворой байдлыг хангахад сөргөөр нөлөөлж, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдээгүй гэдгийг хуулийн төсөлд онцолсон байна.
Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
–Чөлөөт бүсийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.11 дэх заалтын “Хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг" гэсэн томъёолол нь найруулгын хувьд зөвхөн хөрш улсынхаа хилийн боомтын нутаг дэвсгэрт чөлөөт бүс байгуулахаар ойлгогдож байна. Агуулгын хувьд Чөлөөт бүсийн тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Чөлөөт бүсийг хилийн боомтын болон Засгийн газрын санал болгосон бүс нутагт байгуулна.”, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт ”Чөлөөт бүсийн газар нь боомтын газар нутагт хамаарахгүй” гэж заасантай зөрчилдөж байна. Түүнчлэн чөлөөт бүсэд гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах цагдаагийн чиг үүргийг дотоодын цэрэг гүйцэтгэхээр заасныг Цагдаагийн албаны тухай хуультай нийцүүлэх шаардлагатай. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар чөлөөт бүсийн хөгжлийн асуудал Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаа тохиолдолд Чөлөөт бүсийн тухай хуулийг хэрэгжүүлэх, “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааг жигдрүүлэх, “Цагааннуур”, “Замын-Үүд” чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан чөлөөт бүсийн үйл ажиллагаанд хамааралтай дүрэм, журмуудыг баталж мөрдүүлэх, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах асуудлыг Монгол Улсын Шадар сайдын шийдвэрээр баталгаажуулах эрх зүйн зохицуулалтгүй буюу хуулийн хийдэл үүсгэж байна.
Замын-Үүд" чөлөөт бүсийн захирагч А.Энхзул:
-2016 онд хийгдсэн урьдчилсан ТЭЗҮ-ээр “Замын-Үүд чөлөөт бүс жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүн 1.6-2.3 хувиар өснө. 2025 он гэхэд 9400, 2030 онд 15 мянга, 2035 онд 18 мянган ажлын байр бий болгоно гэж үзсэн. Гадаадын хөрөнгө оруулалт 2034 он гэхэд 2.9 тэрбум ам.долларт хүрнэ. Замын-Үүд чөлөөт бүсэд 2500 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх боломжтой” гэсэн.
Замын-Үүд чөлөөт бүс нь үйлдвэрийн бүс, тээвэр ложистикийн бүс, худалдаа аялал жуулчлалын бүс гэсэн дөрвөн чиглэлээр хөгжинө. Өнгөрсөн наймдугаар сарын эхээр Замын-Үүд чөлөөт бүс байнгын үйл ажиллагаанд орсон. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд өдөр бүр 300 зорчигч, 120 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна. Байнгын үйл ажиллагаатай гурван дэлгүүр ажиллаж байна. Дээрх дэлгүүрийн хоёр сарын борлуулалт тэрбум төгрөгт хүрсэн. 2015 оноос эхлэн уг бүсэд 66 аж ахуй нэгж 100 га газарт газар эзэмшиж ирсэн. 66 аж ахуй нэгж нийтдээ 323 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр Замын-Үүд чөлөөт бүсийн захиргаатай гэрээ байгуулж, төслөө ирүүлээд байна.
"Алтанбулаг" чөлөөт бүсийн ажлын албаны дарга
-"Алтанбулаг" чөлөөт бүс 2014 оноос эхлэн байнгын үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоогийн байдлаар улсын төсвөөс 26.5 тэрбум төгрөгийн дэд бүтцийн ажлын хөрөнгө оруулалт хийгдсэн. Манай чөлөөт бүсэд 136 аж ахуй нэгжийн 9.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон.
Чөлөөт бүсийн тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар ОХУ-тай Засгийн газрын түвшинд ажиллах нөхцөл бүрдэнэ. 2014 онд Чөлөөт бүс нээгдсэн цагаас хойш нийт 20 аж ахуй нэгж байнгын үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд бараа эргэлт зургаа дахин, зорчигч долоо дахин, тээврийн хэрэгсэл 5-6 дахин ихэссэн. Чөлөөт бүсэд нийт 15 орноос 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн импортолдог.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 26.5, хувийн хэвшлийн 9.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын явцад орон нутагт нийт 716 түр ажлын байр бий болсон. Одоогоор 66 байнгын ажлын байр бий болсон. "Алтанбулаг" чөлөөт бүс улсын төсөвт 1.7 тэрбум төгрөгийн газрын төлбөр хураамж төвлөрүүлсэн байна. Аж ахуй нэгжүүдийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татвараас нийт 2 тэрбум төгрөг оруулсан. Манай чөлөөт бүсээс улсын төсөвт 3.8 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.
Сүүлийн есөн жилийн хугацаанд Улсын төсөвт чөлөөт бүс дээр нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдаагүй учраас цахилгааны хомсдолд орсон. Харин энэ жилийн төсөвт 1 тэрбум төгрөг тусгасан. Цахилгааны өргөтгөлийн асуудал шийдэгдвэл экспортод чиглэсэн үйлдвэрлэл явуулах бүрэн боломжтой. Компани, төсөл нь бэлэн байна.
Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
–Чөлөөт бүсийг ерөнхийлөн хуульчилсан болохоос биш чөлөөт бүс эдийн засгийн хувьд аль чиглэлд илүү ач холбогдолтой болох, гадаад, дотоод худалдааг өргөжүүлэх нь ямар чухал болохыг мартсан. Өөрөөр хэлбэл, чөлөөт бүс бүх талаар орхигдож ирсэн. Засгийн газар чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, эдийн засгийн хөшүүргүүдийг идэвхжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байна. Тиймдээ ч 6-7 жил Замын-Үүдэд 58 сая ам.доллараар баригдаад хаягдсан дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулсан. Дэд бүтцээ энэ хавраас хийнэ. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тэнцвэртэй бөгөөд чөлөөт бүсийн хөгжлийг гадаад зах зээл рүү чиглэсэн дотоодын эдийн засгийн бодлоготой уялдуулж явах шаардлагатай. Цаашдаа үйл ажиллагаа нь тодорхой бус, маш тодорхой бөгөөд нарийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулна. Энэ цаг үед чөлөөт бүсийн ач холбогдол өндөр гэдэг нь улам бүр мэдрэгдэж байна. Замын-Үүдийн гааль хаалттай. Орж, гарч байгаа бүтээгдэхүүн хязгаартай байна. Тиймээс чөлөөт бүсээрээ дамжуулж гадаад худалдаа, экспорт, импортоо нэмэгдүүлж байж улс орон эдийн засгийн хувьд тогтвортой хөгжинө. Одоогийн байгаа захиргааны бүтэц зохион байгуулалт нэр төдий явж ирсэн. Цаашдаа ийм байдлаар явахгүй. Тийм ч цаг үе биш. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг татварын хөнгөлөлтийг эдэлдэг байгууллагууд татваргүй бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг асуудал бий. Үүн дээр онцгой анхаарч хууль хяналтын байгууллагуудар чиглэлийг өгсөн. Тухайн чөлөөт бүсээр орсон үйлчлүүлсэн иргэд бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой. Түүнээс биш хуулиас гадуур худалдааны үйл ажиллагаа явагдах ёсгүй.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Үргэлжлүүлэн ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.
Зарчмын зөрөөтэй 15 саналыг хэлэлцэв. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр Д.Зүмбэрэллхамыг томилов
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг томилох эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг, Хууль зүйн байнгын хороо, УИХ яаж ажиллаад байгааг ойлгохгүй байна. Нэг хүнийг хоёр удаа оруулж ирлээ. Өмнө нь таван эмэгтэй нэр дэвшигч орж ирсэн. УИХ яагаад нэгийг нь унагачихдаг юм. Ажил болгоод шийдээд явахын оронд эргэж буцаад явах юм. Энэ нь парламентын нэр хүндийг унагаж байна. Ардын намын олонх болсон нөхдөөс л хамаг юм шалтгаалж байна шүү. Энэ байгууллагыг бүрэн бүтэн болгоод ажилд нь оруулмаар байна. Ажлын хэсгээс асууя. Яагаад Д.Зүмбэрэллхамыг оруулж ирэв.
Ажлын хэсэг:
-Шүүхийн тухай хуулиар дараагийн нэр дэвшигч орж ирэх ёстой. 2021 оны нэгдүгээр сард баталсан Шүүхийн тухай хуулийн 95.3 дүгээр зүйлд “Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байна. Шүүгч бус гишүүд нь хууль зүйн өндөр мэргэжилтэй. Эрхзүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй. Сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэн байна” гэж заасан. Үүн дээр таны хэлээд байгаа ШЕЗ-д ажиллаж байгаагүй гэсэн заалт байхгүй.
Байнгын хорооноос гуравдугаар сард сонгон шалгаруулах журам баталсан. Тус журмын 2.2-т “Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 95.3, 95.4, 95.8-д заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн байна” гэж заасан. Шүүгч, өмгөөлөгч, шүүхийн захиргааны ажилтан болон ШЕЗ-ийн гишүүнээр ажиллахгүй байгаа гэх заалтыг ажлын хэсгийн журамд нэмж оруулсан. Өөрөөр хэлбэл, хуульд байгаагаас гадна нэмж шалгуур тавьсан. Өөрөөр хэлбэл, ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй биш ажиллахгүй байгаа гэсэн шалгуур бий. Хуульд байхгүй шалгуур нэмж оруулсан. Хууль болон журмын дагуу сонгон шалгаруулалт хийсэн. Үүнд өмнө нь ШЕЗ-д ажиллаж байсан гэдэг хамаарахгүй. Одоо ажиллахгүй байгаа гэдэг нь хамаарна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамын асуудлыг өмнө нь байнгын хороогоор хэлэлцсэн. Гэхдээ дүгнэлт гараагүй юм байна лээ. УИХ-ын дэгийн хуулиар нэгдсэн хуралдаанд зөвхөн байнгын хороогоор хэлэлцэж дүгнэлт гаргасан асуудлыг оруулах ёстой юм байна. Д.Зүмбэрэллхамын талаар хэлэлцсэн боловч дүгнэлт гараагүй учраас таван нэр дэвшигчийн дүгнэлт гараад танилцуулсан. Тиймээс байнгын хороо дахин хуралдаж дүгнэлт гаргаад дэгийн дагуу оруулж ирж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-“Монголын наадмаар ардын хүү түрүүлж болдоггүй. Ноёны бөх түрүүлдэг” гэдгийг МАН сэргээж байгаа юм байна. Би Шүүхийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Та нартай мөр зэрэгцэн үг үсгээр нь хөөцөлдөн хуулийн төслийг уншсан шүү Ц.Мөнх-Оргил оо. Ганц хоёр үг үсгийг нь уншилгүй орхисон. Гэтэл ноёны бөх унаж болдоггүй гэх жишгээр үг үсэг өөрчлөөд оруулаад иржээ. Анх хуулийн төсөлд ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй гэж ярьсан шүү дээ. Гэтэл энэ хуулийг хэн зассан юм мэдэхгүй. ШЕЗ-ийн гишүүнээр одоо ажиллахгүй байгаа гэх агуулгатай болгож өөрчилсөн. Ингэж хулгай хийдэг юм байна л даа. Хуулийн үг үсгийг ингэж өөрчилдөг юм байна. Та нар ямар муухай юм. Танай дотор мөнгөтэй том бүлэглэл байгаа. МАН дотроо мөнгөтэй бүлэглэлээ дийлэхгүй бол Монгол Улс мөхнө. Шүүхийн шинэчлэл явахгүй. Монгол Улсад шударга ёс тогтохгүй юм байна.
Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр Д.Зүмбэрэллхамыг томилохыг гишүүдийн олонх дэмжив. Тодруулбал, 40 гишүүнээс 29 нь дэмжлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг горимын санал гаргав. Тэрбээр "Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 4-нд Улсын төсвийг ярьж байх үеэр сүүлийн 15 жилийн төсвийн бодлогод дүн шинжилгээ хийж, УИХ-аар хэлэлцэх санал гаргасныг УИХ-ын дарга дэмжсэн. Улмаар ажлын хэсэг төсвийн байнгын хороон дээр байгуулагдсан. Үүнээс хойш нэг жил өнгөрлөө. Энэ хугацаанд дараачийн төсөв батлагдсан. Ер нь дампуу төсөв баталсан. Тиймээс ажлын хэсгийн дүгнэлтийг ярих хэрэгтэй.
Төсөв мөнгөн дээр онцгой анхаарал хандуулахгүй бол юм бүр хэрээс хэтэрлээ шүү. Татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж болохгүй. 2005 онд тойргийн мөнгө гэх зүйл анх таван сая төгрөгөөс эхэлсэн. Одоо энэ мөнгө 1000 дахин өсч таван тэрбум төгрөг болжээ. Зарим тойрогт бүр арван тэрбум байх жишээний. Энэ маягаараа Монгол Улс ард иргэдийн биш 76 гишүүний улс болох нь ээ.
Сонгуулийн хуулийг та нар олонхоороо хүч нийлж өөрчилсөн. Энэ их мөнгийг үр ашиггүй тарааж байснаас Дарханы замаа явуулсан бол илүү дээр байх байж. Та нар энэ талаар бүлэг дээрээ нэг яриач. Улс орныхоо тухай ярьдаггүй юм уу. Албан тушаал, мөнгө л ярих юм. Улсын төсвийн алдагдал 800 орчим сая ам.доллар. Гадаад зээл 2012 онд гурван тэрбум байсан бол өнөөдөр найман тэрбум болжээ. Гадаадаас зээл авж болно. Гэхдээ ашиглахаасаа илүү үрэн таран хийж байна. Covid-19 нэрийдлээр хичнээн тэрбум төгрөг үрэв. Үүнд хариуцлага тооцохгүй юу. Covid-19-ийн хуулиар улсын төсвийг УИХ мэддэг байсан чинь Засгийн газар мэддэг болгож өөрчлөөд талаар нэг тараасан" гэлээ.
УИХ үргэлжлүүлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийг хэлэлцэж байна.
Холбоотой мэдээ