Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Энэ талаар нийслэлийн Прокурорын газраас тодруулахад "Н.Түвшинбаярт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Хан-Уул дүүргийн прокурорын газарт хянаж байна" гэв.
Н.Түвшинбаяр нь дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан. Э.Энхбат Өмнөд Солонгост эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь дээрдэхгүй эмчилгээний зардал нь хүрэхгүй байгаа тул эмчилгээ нь зогсонги байдалд орсон гэж өмгөөлөгч нь мэдээлж байсан удаатай.
Харин Э.Энхбат начны эхнэр Б.Нандинцэцэг өөрийн цахим хуудаснаа өнгөрсөн наймдугаар сарын 11-нд "Н.Түвшинбаяр теннис тоглоод хүүхдүүдээ эрхлүүлээд юу ч болоогүй мэт явж байхад миний гурван хүүхэд өдөр бүр бурхнаас аавыгаа ухаан орохыг хөл дээрээ босохыг чин сэтгэлээсээ уйлаад гуйж байна. Тэд маань бяцхан биендээ байхгүй тэвчээр ухааныг гаргаж, аавыгаа утасны цаанаас хараад "Аав минь одоо босоод ирээч" гээд гуйгаад, ээжийгээ уйлахаар нулимсыг минь арчиж аргадаж байна. Тэднийгээ хараад шүд зуугаад аль болох сайхан зүйл бодож өдөр хоногийг өнгөрөөж байна. Яагаад хүний муу нь жаргаж, хүний дээд сайн хүн нь зовох ёстой гэж. Миний хань бол зүгээр хорхойд хоргүй хавь ойрын бүх хүнд түшиг болдог сайн залуу. Заримдаа гомдох л юм” гэж бичиж байв.
Н.Түвшинбаярын хувьд өнгөрсөн тавдугаар сарын 20-ны өдөр суллагдаж, гадуур байцаалт өгч байсан. Гадуур байцаалт өгөх хугацаандаа тэрбээр Монголын үндэсний олимпийн хороогоор орж, ажилдаа эргэн орсноо мэдэгдэж, түүний нарийн бичгийн дарга олимпийн хорооны тамгыг авч зугтсан хэрэг гарсан. Гэвч МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хуралдаж, Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн юм. Удалгүй Н.Түвшинбаяр нь авч явсан тамгаа эргүүлэн өгснийг мэдэгдсэн.
Түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хориглосон юм.
Холбоотой мэдээ