"Хохирогч охин, ар гэрийнхнийг нь хамгаалалтад авах шаардлага тавьсан"

Хуучирсан мэдээ: 2021.12.02-нд нийтлэгдсэн

"Хохирогч охин, ар гэрийнхнийг нь хамгаалалтад авах шаардлага тавьсан"

"Хохирогч охин, ар гэрийнхнийг нь хамгаалалтад авах шаардлага тавьсан"

НЭМЭЛТ:

БНСУ-д амьдардаг монгол охин хүчирхийлэлд өртсөн асуудлаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр өнөөдөр (2021.12.2) тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамныхантай уулзсан байна.

Тэрбээр “Ийм хэрэг гарсныг би өнөөдөр л мэдэж байна. Өмнөд Солонгосын талд гурван шаардлага тавьж байна.

1. Хохирогч охины ар гэрийнхэн манай улсад битгий мэдэгдээч гэж хүссэн гэдэг мэдээлэл өгсөн. Хэдийгээр тийм ч яагаад нууж, мэдэгдээгүй вэ гэдэг асуудлыг бид солонгосын талд тавьж байна.
2. Хохирогч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, охиныг болоод түүний ар гэрийнхнийг хамгаалалтад авахыг шаардаж байна. Мөн хэргийг хурдан шуурхай шийдэхийг, шийдвэрийн хариуг мэдэгдэхийг шаардаж байна.
3. Цаашид аливаа хэргийг цаг алдалгүй мэдэгдэж байх шаардлага тавьж байна. Та бүхэнтэй яг адил бид энэ хэрэгт санаа зовж байна.
Ийм аймшигтай хэргийг бид зориудаар мэдэхгүй, эрх ашгийг нь хамгаалахгүй байгаа үйлдэл биш. Мөн охины ар гэрийнхэн “хүүхэд сэтгэлзүйн хувьд дарамттай байгаа учраас хүүхдийн нэрийг, хувийн мэдээллийг бүү ил гаргаач гэсэн хүсэлт тавьж байгаа. Охиныг хүчирхийлсэн хүүхдүүдийн хоёр нь насанд хүрээгүй учраас хариуцлагаас мултарсан байна. Нөгөө хоёр хүүхэд нь анхан шатны шүүхээр буруутай нь тогтоогдсон ч давж заалдахаа мэдэгдээд байгаа юм байна" гэв.


МОНГОЛ УЛСААС БНСУ-ЫН ПУСАН ХОТОД БАЙГАА КОНСУЛЫН ГАЗРААС ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Өмнөд Солонгост суралцдаг охиныг сургуулийнх нь хүүхдүүд зодсон хэрэгтэй холбоотойгоор Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа тодруулга өглөө.

Тэрбээр "БНСУ-ын өмнөд Кёнсан мужийн Янсан хотын нэгэн дунд сургуулийн монгол сурагч охиныг дээд ангийн солонгос сурагчид нийлэн зодсон, хүчирхийллийн хэргийн талаар арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн тус улсын хэвлэл мэдээллээр цацагдаж эхэлсэн. Энэ хэрэгтэй холбогдуулан Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод байгаа Консулын газраас шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ хэрэг энэ оны долдугаар сарын 3-ны өдөр гарсан. Хэрэг гарсны маргааш буюу долдугаар сарын 4-нд хохирогч охины ар гэрийнхний зүгээс Янсан хотын цагдаагийн газарт мэдүүлж, хэрэг бүртгэлтийг нээж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн.

Энэ хэрэгт өөр сургуулийн дөрвөн сурагч холбогдсон бөгөөд хоёрынх нь хувьд аравдугаар сарын 1-нд хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Үлдсэн хоёр сурагчийн хувьд хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн хэмээн үзэж, прокурорын байгууллагад аравдугаар сарын 28-нд шилжүүлсэн байна.

Консулын газрын зүгээс хохирогч охины ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллага, түүний сурдаг сургууль болон хүүхдийн эрхийн байгууллагуудтай хамтран байнгын холбоотой ажиллаж байна.

Хохирогч охины ар гэрийнхний зүгээс шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаа тул давж заалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн хэвлэл мэдээллээр гарч, шуугиж байгаа асуудал нь хохирогч охины сэтгэл зүй болон ар гэрийнхний нэр хүндэд хүнд болон бусад асуудалд эмзэг тусаж байгаагаа илэрхийлсэн. Консулын газар хохирогч охины асуудалд анхаарал хандуулан ажиллана" гэлээ.


ЦАГДАА НАР ОХИНЫ МИНЬ ХЭРГИЙГ АВЧ ХЭЛЭЛЦЭЭГҮЙ, ОДОО Ч ОХИНЫГ МИНЬ ТЭД СҮРДҮҮЛЖ БАЙНА

Хохирогчийн ээж:

-Миний охиныг зургаан цагийн турш зодож, хүчирхийлсэн. БНСУ-д дунд, ахлах сургуульд ангийн дамжааны ялгарал их байдаг юм билээ. Над руу шөнө яриад охиныг чинь энд ингээд зодсон байна. Ийм хэрэг болсон гээд мессэж бичсэн. Өмнө нь бид охиноо алга болсон, гэртээ ирэхгүй байна гэж цагдаад дуудлага өгч байсан юм. Дуудлага өгснөөс хоёр хоногийн дараа охин минь олдсон. Энэ хугацаанд тэр хүүхдүүдийн гэрт охиноо хайгаад очиход байхгүй, юу гэж танай охин энд байх юм гэж уурлаж байсан. Гэтэл тэднийд охин байсныг сүүлд мэдсэн.

Охиныг оллоо гээд холбогдсоны дараа очиж авсан. Амны хаалтыг нь авахад хацар нь хавдчихсан, танихын аргагүй болсон байсан. Гэртээ ирээд биеийг нь харахад аймшигтай тамласан байсан. Тамхи татаж байсан ишээрээ түлээд, архи албаар уулгаж, зодсон. Охин минь шоконд орчихсон учраас юу ч хэлээгүй. Ямар нэгэн зүйл хэлбэл ална гэж тэр охидууд сүрдүүлсэн байна лээ.

Солонгос цагдаа нар энэ хэргийн тухайд авч хэлэлцэхгүй байсан. Танай охин мэдээлэл өгөхгүй бол хэрэг үүсэхгүй гэх мэтчилэн биднийг үл тоосон. Би охиноо юу болсон талаар ярихыг ятгаж, хамгаалалтад авна гэж гуйж байж хэлүүлсэн.

Тухайн хүчирхийлсэн охидууд 14-16 насныхан. Бичлэг нийтэд тавигдсанаас хойш сургуулийнх нь бүх хүүхдүүд миний охиныг ялгаварлах болж, охин минь сэтгэл санааны гүн хямралд орсон. Одоо ч тэд миний охиныг сүрдүүлсэн хэвээр байна. Маш их гомдолтой байна.


Өмнөд Солонгосын дунд сургуулийн сурагч охид нийлж сургуулийнхаа монгол охиныг гар хөлийг нь хүлж байгаад зургаан цагийн турш зодож тамалсан хэргийн бичлэг тус улсын хэвлэлүүдээр цацагдлаа. Хэрэг өнгөрсөн долдугаар сард гарсан ч саяхан олон нийтэд ил болсон нь энэ. Энэ хэргийн талаар Гадаад харилцааны яаманд мэдээлэл ирсэн эсэхийг асууж, хэрэгт ямар хариуцлага тооцсоныг тодруулахад "Манайд энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл ирээгүй. Өмнөд Солонгос улсад суугаа Монгол Улсын Элчин сайдаас тодруулаад хариу өгье" гэлээ.

Өмнөд Солонгосын MBC телевизийн мэдээлснээр “Дунд ангийн дөрвөн охин нийлж, 13 настай монгол охиныг хүчирхийлсэн. Тухайн үедээ бичлэг хийж дараа нь олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлж, охиныг сэтгэл санааны гүн хямралд оруулжээ. Үүнээс болж тухайн хүүхэд сургуульдаа явахаа больжээ. Тухайн хохирогч хүүхэд арван жилийн өмнө Өмнөд Солонгост эцэг, эхийн хамт очсон бөгөөд уг сургуулийн нэгдүгээр дамжааны сурагч аж. Хохирогчийг хүчирхийлсэн хүүхдүүдийн зарсан бичлэгийг цагдаа нар шалгаж байгаа бөгөөд хэргийг өнгөрсөн аравдугаар сард прокурорт шилжүүлжээ. Харамсалтай нь, тухайн хүүхдүүдийг тэнсэн харгалзахаар суллаж, эрүүгийн ялаас чөлөөлсөн” гэжээ.

Тодруулбал, 13 настай монгол охины ам руу нь архи хүчээр цутгах, духан дээр нь хараалын үг бичээд хувцасыг нь тайлуулж бичлэг хийж, хийсэн бичлэгээ хүүхдүүдэд таван мянган воноор худалдаж тараасан зэргээр доромжилсон хэрэг гарсан тухай Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ. Хохирогчийн ээж охиноо хайгаад очиход тагтан дээрээ нууж байгаад явхаар нь үргэлжлүүлж зодсон хэмээн мэдээлсэн байна.

Бид тус хэргийн талаар тодруулаад дэлгэрүүлж мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
338
БурууБуруу
56
ХарамсалтайХарамсалтай
21
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
11
ХахаХаха
7
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж