Хараат байдлаас гаръя гэвэл цахилгаан станцуудаа барь!

Хуучирсан мэдээ: 2021.12.02-нд нийтлэгдсэн

Хараат байдлаас гаръя гэвэл цахилгаан станцуудаа барь!

Хараат байдлаас гаръя гэвэл цахилгаан станцуудаа барь!

Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарах боломж нь цахилгаан станцуудаа яаралтай барих. Дэлхийн жишгээр цахилгаан станцуудын насжилт дунджаар 30 жил байдаг. Гэтэл одоо ажиллаж буй дулааны цахилгаан станцуудын насжилт дуусч,  хүчин чадал хэрээс хэтэрч ачааллаа дийлэхгүйд хүрсэн. Тухайлбал,  “ДЦС-4” 37 жил, “ДЦС-3” 46 жил, “ДЦС-2” 52 жилийн настай. Цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулах  талаар өнгөрсөн жилүүдэд хангалттай ярьсан ч урагшилсан ажил алга. Хэрэв нэг л станцад доголдол үүсвэл нийтээрээ цахилгаан, дулаангүй өвөлдөө осгох бодит эрсдэл нүүрлэхийг үгүйсгэхгүй тул   том төслүүдээ хөдөлгөж эхлэх цаг нь болжээ.

БАГАНУУРЫН ЦАХИЛГААН СТАНЦ 2017 ОНООС ХОЙШ ГАЦСАН

"Багануурын цахилгаан станц"-ын төслийн бүтээн байгуулалт 2017 онд эхэлсэн ч өдий хүртэл сураг төдий байна. Уурхайг түшиглэн Багануурт баригдах 700 МВт-ын хүчин чадал бүхий шинэ дулааны цахилгаан станцыг барих ажлыг эрчимжүүлэхийг  Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн хоёрдугаар сард үүрэг болгож байв. Үүний дараа “Багануурын цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх концессын дагалдах гэрээ болох Цахилгаан эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээг өнгөрсөн долдугаар сард /2021.07.23/ байгуулсан. Уг нэмэлт гэрээнд 200 МВт-ын хоёр блокоос бүрдэх буюу нийт 400 МВт хүчин чадалтай байхаар тусгажээ. Эхний ээлжид нэгдүгээр блокийг 2026 оны долдугаар сарын 1, хоёр дахийг нь мөн оны аравдугаар сарын 1-нд багтаан ашиглалтад оруулахаар тусгажээ.

Гэвч, уг цахилгаан станцын төсөл бодит байдал дээр хүлээлт үүсгэсэн урагшгүй төслийн нэг болоод байна.

Уг цахилгаан станцыг хэзээ ашиглалтад оруулах тухай Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А. Тлейхан дараах хариултыг өгсөн. “Багануурын уурхайг түшиглэн баригдах 700 МВт-ын дулааны цахилгаан станцын хүчин чадлыг бууруулсан. Тус станц 2023 оны сүүлээр ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа. Концессын гэрээ дууссаны дараа энэ станцыг Монголын талд үнэ төлбөргүй шилжүүлж өгөх юм” гэж байв. Уг нь цахилгаан станыг барихаар энэ онд  8.1 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтын ажлуудыг хийхээр төлөвлөсөн байжээ.

Монгол Улс 1 кВт цаг цахилгааныг ОХУ-аас 9.3 центеер худалдан авч буй тухай Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлсэн. Хэрэв Багануурын уурхайг дахин царцаахгүй бол бид 1 КВ-т цаг цахилгааны үнийг импортын үнээс 30 гаруй доогуур буюу 6.36 центээр худалдан авах боломжтой гэх тооцоо бий.

 Үүнээс харахад л гадагшаа урсах мөнгөн урсгалыг бид дотооддоо хэмнэж, эрчим хүчний хэрэглээгээ айлаас гуйх шаардлагагүй болно.

ЭГИЙН ГОЛЫН ЦАХИЛГААН СТАНЦ ДАХИН ЦАРЦАХ УУ?

Сүүлийн үед анхаарал татаж буй уг төслийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Эгийн голын цахилгаан станцыг барих асуудлаар Монголын тал үеийн үед ОХУ-ын талд саналаа хүргүүлж байна. Оросын талаас байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийсний дараа хамтран ажиллах боломжтой гэсэн хариуг өгч байгаа. Энэхүү олон улсын үнэлгээ, судалгааны ажил ирэх оны долдугаар сард дуусна. Үүний дараа асуудлыг эргэн ярина" гэж саяхан хэвлэлийнхэнд мэдэгдсэн билээ. Үүнээс харахад Эгийн голын цахилгаан станцын төсөл бас л хэзээ баригдах нь тодорхойгүй.

Уг төсөл нь 30 жилийн настай. Анх 1991 онд Эгийн голын цахилгаан станц барих тухай шийдвэр гарснаас хойш өнөөдөр ч гацсан, гацаасан байдалтай байна. Үе үеийн Засгийн газар уг төслийг эхлүүлэх оролдлого хийж байсан ч бүтэлгүйтлээр дууссан. Тухайлбал, 1996-1997 онд Монголын Засгийн газар төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан ч бодит ажил хэрэг болж чадаагүй.  Мөн л хоёр дахь удаагаа 2006 онд оролдлого хийсэн байдаг. Эгийн голын усан цахилгаан станцыг УИХ-аас баталсан Монгол-Хятадын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх хэлцэл хийгдэж, 2007 онд тендер зарлан, Хятадын компаниуд шалгарсан байдаг. Гэвч засаг солигдсоноор төсөл зогссон. Түүнээс хойш 2013 оны арваннэгдүгээр сард Төслийн нэгж байгуулагдсанаар төслийг хэрэгжүүлэх гурав дахь удаагийн оролдлого эхэлсэн ч мөн л урагшлаагүй. Олон арван жил маргаан дагуулсан Эгийн голын цахилгаан станцыг гацаалгүй, ашиглалтад оруулбал  оргил ачааллын үед ОХУ-аас  эрчим хүч өндөр үнээр импортолж амиа аргацаах шаардлагагүй болох юм.

 ДЦС-5 ТӨСЛИЙГ ЦАРЦААСАН НЬ 

Улс төрчдийн бай болсоор эцэст нь “мартагдаж” царцсан  төслийн нэг нь ДЦС-5. Уг төслийг анх 2011 онд эхлүүлснээс хойш огт бүтээн байгуулалт өрнөөгүй. Сүүлийн найман жил цаасан дээр царцаж байгаа юм.  Уг нь  “ДЦС-5” төслийн шинэ байршил болох Хөлийн голын хөндийд 43 га газрын эзэмшлийн гэрчилгээг авч байв. Улмаар Монгол Улсын Засгийн газар 2012 онд “ДЦС-5”-ыг барих бүх нөхцлийг хангасан тогтоол гаргаж чадсан ч хэрэгжилтийг үзэж чадалгүй УИХ-ын сонгуулийн ялагдалтай золгосон билээ. Үүний дараагийн Засгийн газар энэ талаар ахицтай ажиллаж байсан. Тухайлбал, 2015 оны долдугаар сарын 29-нд Энжие (хуучнаар Жи-Ди-Эф Суез, 30%-ийг эзэмшигч), Сожиц  корпораци  (30%-ийг эзэмшигч), Поско энержи  (30%-ийг эзэмшигч), Ньюком ХХК (10%-ийг эзэмшигч) компаниудаас бүрдсэн Концесс эзэмшигч нь Монгол Улсын Засгийн газрыг  төлөөлж буй байгууллагууд болох Диспетчерийн үндэсний төв ХХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-тай ДЦС-5 (Дулааны тавдугаар цахилгаан станц) төслийн Цахилгаан худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Харамсалтай нь, одоогийн төрийн эрхийг Засгийн газар уг төслийг “мартах”-аар болж царцсан төслүүдийн жагсаалтыг нэгээр нэмсэн юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар 2019 онд ДЦС-5 барих төслийг үргэлжлүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн билээ. Шалтгаан нь, уг цахилгаан станцыг барихаар концессийн гэрээ байгуулсан консорциум нь задарч хөрөнгө оруулагчгүй  болсон гэх. Уг консорциумд БНСУ, Франц, Япон, Монгол дөрвөн орон оролцож байсан юм.

ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦ ДЦС-5 ТӨСЛИЙН ТҮҮХИЙГ ДАВТАХ УУ

 Тавантолгойн ордыг түшиглэн барих 300 МВт цахилгаан станц ч мөн адил төслөөс хэтрэлгүй, саатсаар өнөөдрийг хүрлээ.  Долоо дахь Засгийн газартайгаа нүүр тулж байгаа тус  цахилгаан станцыг дараагийн шатанд ахиулахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа ажиллаж байв. Тэрбээр "Тавантолгойн ДЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг дуусгахын төлөө шаргуу ажиллана" гэж амлаж байсан. Энэ ч үүднээс Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажлыг энэ оны долдугаар сарын 1-ээс эхлүүлэх тухай яригдаж байв. Мөн эрчим хүч худалдан авах гэрээг байгуулж, цахилгаан станцыг дөрвөн жилийн дотор багтаан ашиглалтад оруулна гэж байлаа.  Ирэх 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн уг төслийн бүтээн байгуулалт эхэлснийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байсан ч өнгөрсөн хугацаанд уг төслийн ажил урагшилсангүй. Барилгын ажлыг эхлүүлэх нь бүүхэл  гүйцэтгэгч компанийг ч сонгон шалгаруулаагүй гэх. Тендер зарласнаас хойш материал хүлээн авна, сонгон шалгаруулна гээд багагүй хугацаа зарцуулах нь тодорхой.  Угтаа Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэсэн Тавантолгой дулааны цахилгаан станц ашиглалтад орвол  Оюутолгойн уурхайгаас цахилгаан эрчим хүчний төлбөрт гадагшаа чиглэсэн валютын урсгалыг Монголдоо үлдээх боломжтой болно.  Мөн эрчим хүчний салбарт биеллээ олоогүй олон төслийн ирээдүйд эергээр нөлөөх мессежийг гадаадын хөрөнгө оруулагчдад өгөх нь дамжиггүй. 

                          ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ЦААСАН ДЭЭРЭЭ ӨТЛӨХ НЬ 

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг зургаан жилийн дараа ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй. Үеийн үед Засгийн газар, улс төрчдийн хэрүүлийн "алим"  болсон уг төслийн  барилга угсралтын ажлын гүйцэтгэгчтэй Эрчим хүчний яам өнгөрсөн есдүгээр сарын 17-нд гэрээ байгуулсан. Талууд  ийнхүү гэрээнд гарын үсэг зурснаар 61 сар үргэлжлэх төсөл ирэх 2022 оны дөрөвдүгээр сард эхлэхээр тогтжээ. Ийнхүү сүүлийн 50 гаруй жил яригдаж байгаа уг төсөл сая л гараанаас хөдөлж байгаа нь энэ. Удтал хүлээлгэсэн Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын гол онцлог нь станцын хөндлүүр /боомт/-ийн зүүн талын дундуур 4835 метр урттай 7.5  метрийн диаметртэй туннелийг байгуулах явдал юм. Энэхүү туннелийн байгууламж нь усан цахилгаан станцын түрэлтийг 37 метрээс 86.5 метр хүртэл нэмэгдүүлж байгаагаараа онцлог. Үүнийг дагаад нэгж чадалд оногдох хөрөнгө оруулалт буурч хүчин чадал нэмэгдэж үр ашиг өсч байгаа юм.

Мөн эх үүсгүүр талаасаа Монгол Улсад баригдаж байгаагүй том чадлын усан цахилгаан станц, дотоодын горим тохируулгын эх үүсвэртэй болж байна гэдгээрээ онцлог" гэсэн юм. Түүний хэлснээр уг төслийг БНХАУ-ын засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр гүйцэтгэхээр болж байна. Техник эдийн засгийн үндэслэлээр энэ төслийн өртөг нь 288 сая ам.долларын өртөгтэй.  Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр сөрөг нөлөөлөлгүй гэж гарсан тул хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр болсныг мэдэгдсэн.  Уг төсөл нь хэрэгжвэл 800-1000 хүнийг ажлын байраар хангах боломжтой. Дашрамд дурдахад, хоёр жилийн өмнө Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих зорилгоор Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрийн 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн. Баруун бүст 390 мянга гаруй хүн оршин суудаг бөгөөд  эрчим хүчний хэрэглээнийхээ 75 хувийг Орос, Хятадаас импортоор авч байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг дөрвөн жилийн дотор барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэхүү усан цахилгаан станц баригдснаар баруун бүсийг дотоодын хямд үнэтэй эрчим хүчээр хангах боломж бүрдэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж