Сурвалжлага: Сарын цалингаараа ганц гацуур авах уу?

Хуучирсан мэдээ: 2021.12.02-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Сарын цалингаараа ганц гацуур авах уу?

Сурвалжлага: Сарын цалингаараа ганц гацуур авах уу?

Шинэ жилийн баяр дөхөж, албан байгууллагууд ганган ногоон гацуураа засч, хотын гудамжинд өнгө нэмжээ. Өнгөрсөн жил цар тахлын улмаас хөл хорионд шинэ оноо угтсан монголчууд энэ жил баяраа нижгэр тэмдэглэх шинжтэй. Хэдийгээр дөнгөж арванхоёрдугаар сар эхэлж байгаа ч гацуур болон шинэ жилийн гоёл чимэглэл үнэд орох нь орж, дуусах нь дуусчээ.


"СОНГОЛТ МУУ УЧИР САЙН ХАРЖ БАЙГААД Л АВНА ДАА"

"Дүнжингарав" худалдааны төвд гацуур зарж буй ердөө гуравхан лангуу байх аж. Лангуунууд нь ч сонголт муутай, үйлчлүүлэгч багатай, яг шинэ жилийн төрөлжсөн худалдаагаар дагнасан ганцхан лангуу байлаа. Үлдсэн хоёр лангуу нь гэр ахуйн бараа зардаг. Үүнийхээ хажуугаар өнгөрсөн жил аваад зарж чадаагүй бололтой хэдэн гацуураа энэ жил дахиад дэлгэжээ. Тус төвд гацуур зарж байсан худалдагч ярихдаа “Манайд 1.8 метртэй ганц л төрлийн канад гацуур зарж байна. Үнэ нь 700 мянган төгрөг. Хил нээгдвэл шинэ моднууд ирэх байх. Өөр газар мод зарахгүй л байна ш дээ” гэв.

Гацуур сонирхож байгаа иргэд ч цөөхөн. Ерөнхийдөө гэрлэн чимэглэл, гацуурын тоглоом, гоёлын буга, асдаг жижиг гацуур гэх мэт зүйлс сонирхож буйгаас харвал энэ жилдээ шинэ мод авахгүй, өрхийн төсвөө хэмнэх гэснийх бололтой. "Дүнжингарав" төвөөр үйчлүүлж байсан иргэний хэлснээр тэднийх энэ жил зөвхөн гацуурын тоглоом, гэрэл авч, хуучин гацуураа засч, хэмнэлт хийх гэнэ. Тэр хэлэхдээ “Энэ жил хуучин гацуураа засна. Чимэглэл, гэрэл л хайж явна. Тун цөөхөн газар л ийм төрлийн худалдаа байх шиг байна. Хил хаачихсан болохоор тийм байгаа байх. Энд гэхэд гуравхан газар л гацуур, чимэглэл зарж байна. Сонголт муу учир сайн харж байгаад л авна даа. Гацуур 500-600 мянган төгрөг орчим байх шиг байна. Ер нь бүх барааны үнэ өссөн учир гоёл чимэглэлийн үнэ ч өссөн байх” гэлээ.

"БАРАГ САРЫН ЦАЛИНГААРАА ГАНЦ ГАЦУУР АВАХ НЬ БАЙНА"

Ийнхүү "Дүнжингарав"-ын гурван лангуугаар тойрсны дараа "Соёолж" төвийг зорилоо. Үйлчлүүлэгч арай олон, сонголт өргөн байх аж. Тус төвийн заал зохион байгуулагчийн хэлснээр арваннэгдүгээр сарын дундуур иргэдийн худалдан авалт, эрэлт их байжээ. Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд хүн ихтэй байсан. Өнгөрсөн жил хүмүүс шинэ жил тэмдэглээгүй болохоор энэ жил цөм тэмдэглэх юм шиг байна. Одоо моднуудын сонголт ч багасч байна. Моднууд 400 мянга төгрөгөөс эхэлж байгаа” гэж ярив.

Гацуурын тоглоомууд хэмжээ, тоо ширхэгээсээ хамааран 8 мянган төгрөгөөс 50 мянган төгрөгийн хооронд зарагдаж байгаа бол гоёлын гэрлүүд урт, чанараасаа хамааран үнэ нь 16 мянган төгрөгөөс эхэлж байна.

"Соёолж" төвөөр үйлчлүүлж байсан иргэн О.Золцэцэг “Сонголт олон биш үнэ нь өндөр байна. Хил хаасан болохоор тийм байгаа байх. Өмнө нь дээд талдаа 300 мянган төгрөгөөр гацуур авчихдаг байсан бол одоо гайгүй гацуур нь 400 мянган төгрөгөөс эхэлж байна. 1.5 метртэй үнэ гайгүй гацуур нь тачирхан их сонин харагдах юм” гэв. Тэрбээр онлайнаар гацуур мод авахыг хүссэн ч үнэ нь дэлгүүр, захынхтай ялгаагүй байсныг онцолж, боломжийн үнэтэй гацуур байсан ч хувь хүнээс авахаар зураг шигээ ирэхгүй байх гэж болгоомжилжээ.

Бүсгүй цааш ярихдаа “Өөрийн нүдээр харж, харьцуулж байгаад авах гээд л явж байна. Гэхдээ л үнэтэй байна. Томоохон сүлжээ дэлгүүрүүдээр чимэглэл, тоглоомын худалдаа өргөн сонголттой гарчихсан учир үнэ нь боломжийн байгаа байх. Яг гацуур гэвэл үнэндээ сонголт алга. Бараг сарын цалингаараа ганц гацуур авах нь байна. Энэ мод л гэхэд 1.8 метр үнэ нь 750 мянган төгрөг байна. Өнгөрсөн жил шинэ жил тэмдэглээгүй учир хүн бүр л гэрээ, ажлаа чимэглэх гээд хичээж байгаа харагдана” гэлээ.

 

Өнгөрсөн хөл хорионд орж, шинэ жилийн баяраа тааваараа тэмдэглэж чадаагүй иргэд энэ жил бут авъя гэсэн ч тэдний хүсэл, шаардлага, боломжид нийцэх гацуур мод, гоёл чимэглэл, тоглоомууд алга байна. Удахгүй Эрээн-Замын-Үүдийн авто замын хилийн үйл ажиллагаа жигдэрч, бараа бүтээгдэхүүн элбэг дэлбэг болж, үнэ буурах болов уу гэж хэн хүнгүй битүүхэндээ горьдож сууна. Эс бөгөөс иргэд маань сарын цалингаараа ганц гацуур авч, хэтэвч хоосон шинэ онтойгоо золгох болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж