Хууль төрөхийн өмнө буландаа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг онцолж байна. Уг хуулийг энэ сард УИХ-аар хэлэлцэх билээ.
Монгол Улс 2005 онд тамхины эсрэг хуультай болж, 2012 онд Тамхины хяналтын тухай хуулийг шинэчилж баталсан байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр тамхины хэрэглээ дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрч жил бүр тамхидалтын улмаас найман сая гаруй хүн амь насаа алдаж байгаа бол эдгээрийн 1.2 сая нь дам тамхидалтын шалтгаантай байна. Дээрх тохиолдлын ихэнхийг хөгжиж буй улс орны хөдөлмөрийн насны 30-69 нас хүн ам эзэлж буй. Тиймээс монголчуудын эрүүл мэндийг тамхинаас хамгаалах зорилгоор АН-ын үед Тамхины хяналтын тухай хуулийг баталсан.
Манай улсын хувьд Тамхины хяналтын тухай хууль гарсан ч тамхины цэгүүдэд бус гудманд ил задгай тамхи татах, сургууль цэцэрлэгийн орчим гээд уг хуулийн хэрэгжилт хангалттай бус байгаа юм. Иймээс Монгол Улсын Засгийн гарын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил тусгагдсан бөгөөд энэхүү ажлыг Эрүүл мэндийн яамнаас тэргүүлэн хийж байна.
Монгол Улсын хүн амын 24.2 хувь нь тамхи татаж байгаа бол тэдгээрийн 96.8 хувь нь тамхийг өдөр бүр тогтмол татаж байна. Мөн 10 хүн тутмын гурав нь гэртээ, дөрвөн хүн тутмын нэг нь ажлын байрандаа дам тамхидалтад өртөж байна.
2019 онд тус хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Улаан УИХ-д өргөн барьсан юм. Гэвч өргөн барьсан хуулийн төсөлд зөвхөн тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох журам батлах, жилд импортлох тамхины нэр төрөл, тоо хэмжээгээр хязгаарлах талаар л тусгаснаас биш одоогийн хэрэгжиж буй хуулийг сайжруулах өөр санал ороогүй аж.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Тамхины хяналтын тухай хуулийн хамгийн чухал заалт нь тамхи татах газруудыг хязгаарлах замаар хяналт тогтоох байдаг. Тодруулбал, хуулийн 9 дүгээр бүлэгт "Утаат тамхийг хориглосон" газруудыг тодорхой заасан бий. Гэвч автобусны буудал, тоглоомын талбай, сургуулийн орчинд хэнэггүйхэн татаж зогсох нь хэвийн үзэгдэл болоод буй. Сүүлийн үед электрон тамхины хэрэглээ өсвөр үеийнхэн дунд дэлгэрч байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнд зориулсан хууль байдаггүй тул УИХ-ын гишүүд, ЭМЯ-аас гарсан ажлын хэсэг онцгой анхаарч байна.
Электрон тамхины хувьд хоргүй, утаат тамхинаас гарахын тулд хэрэглэнэ гэсэн ташаа ойлголт байдаг. Гэтэл утаат тамхитай харьцуулахад никотины үйлчилгээ нь хэд дахин их, химийн аргаар гаргаж авсан учир эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь ч их байна.
Үүнээс гадна тамхины онцгой албан татварыг 2021 оноос эхлэн 2024 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэх, халаах болон ууршуулах технологи бүхий электрон төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэглэгддэг тамхи, никотин агуулсан шингэн тамхины импорт, үйлдвэрлэлийг хуулийн зохицуулалт, стандарттай болгож, онцгой албан татвар ногдуулахаар хуулийн төсөл боловсруулсан байна.
Хуулийн төсөлд онцгой албан татвар ногдуулах бүтээгдэхүүнд халаадаг болон электрон тамхийг нэмж оруулан, халаадаг тамхинд онцгой албан татвар ногдуулах биет нэгжийг 100 ширхэгээр, электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах биет нэгжийг 10 миллиграммаар тус тус тогтоож, онцгой албан татварын хэмжээг 3180 болон 1000 төгрөгөөр тогтоосон. Онцгой албан татварыг ийнхүү тогтоосноор халаадаг тамхинаас жилд 1,9 тэрбум, электрон тамхинаас жилд 288 сая төгрөгийн орлого олох боломжтой гэж урьдчилан тооцоод байна.
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай холбогдуулан “халаадаг тамхи”, “электрон тамхи”, “тамхи” гэсэн нэр томьёог шинээр тодорхойлон Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулахаар холбогдох хуулийн төслийг боловсруулав.
Уг нэмэлтээр “тамхи” гэсэн нэр томьёонд “утаат тамхи”, “халаадаг тамхи”, “электрон тамхи” аль аль нь хамаарах бөгөөд энэхүү өөрчлөлтийн үр дүнд халаадаг болон электрон тамхины импорт, үйлдвэрлэл, худалдаа хуулийн зохицуулалт, стандарттай болох юм.
Холбоотой мэдээ