АВТОБУСНЫ СОЁЛ: Жолооч нарын "даам” харилцаа

Хуучирсан мэдээ: 2021.12.02-нд нийтлэгдсэн

АВТОБУСНЫ СОЁЛ: Жолооч нарын "даам” харилцаа

АВТОБУСНЫ СОЁЛ: Жолооч нарын "даам” харилцаа

Ньюс агентлаг автобусны соёлыг сайжруулах, тулгарч буй асуудлыг олон талаас нь хүргэх үүднээс цуврал сурвалжлага, нийтлэлийг хүргэж байна. Энэ удаад автобусны жолооч нарын харилцаа, хандлагыг хөндлөө.


07:30 цаг. 3.4 хорооллын эцсийн автобусны буудал. Багагүй хүлээсний эцэст автобус ирлээ. Автобусны хаалга онгойхтой зэрэгцэн иргэд  бие, биетэйгээ уралдаж, түлхэлцсээр орцгооно. Ёстой л нэгийгээ үзэж, нэхий дээлээ тайлахдаа тулж байж арай гэж автобусандаа амжиж суув. Эцсийн буудлаас 40 гаруй хүн сууснаар автобус дүүрлээ. Цаашлаад 2-3 буудал явахад  хүмүүс нэмэгдсээр, автобусанд хөл тавих зай бүү хэл амьсгалах агааргүй болов. 

Автобусны жолооч “Хөөе картаа дараач ээ. Муусайн юмнууд дандаа ингэж туулайчлах юм” гэж чанга дуугаар  орилно. Жолооч улаан нэхийтэй охиныг хувцсаар нь цоллон дуудаж, орилсоор буцаж ирүүлээд картыг нь уншуулав. Оюутан охин ч мөчөөгөө өгөлгүй “Та ямар муухай ааштай юм. Олон хүмүүс дунд хүнийг янз бүрээр хэлээд байх юм. Араас шахаад байсан болохоор картаа дутуу дарчихсан байна” гээд хэлтэл нөгөө жолооч “Эхлээд картаа аятайхан дарж сурчхаад олон юм ярь. Дараагийн автобусанд бас сууж болно шүү” гээд  уурсав.

Цаашлаад автобусны жолооч огцом  тоормослох үед иргэд  урагш ханарч, нэгнийхээ хөл дээр гишгэх, бие биеэ тохойлдсоноос болоод хэрүүл эхэллээ. Тухайн автобусны жолоочид аятайхан явахыг сануулсан 40 гаруй насны эмэгтэй “Тийм их тав тухыг хүсээд байгаа юм бол таксиндаа суу” гэх үгээр амаа таглуулах нь тэр.

Автобусны жолооч нар урт цагаар ажиллаж, олон хүнтэй харилцдаг болохоор бухимдах  үе байдаг л биз. Гэвч хором ч амсхийхгүй үглэж, янших нь үнэндээ залхмаар. Өглөө гэрээсээ  гараад автобусанд суугаад хамаг уур бухимдлаа бардаг нь нууц биш. Автобусны жолооч нар “Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэсэн аятай, зорчигчдоо элдвээр хэлж, хараах нь энүүхэнд. Уг нь автобусан дотроо их л сайхан санамж бичээд наачихсан харагдах, бодит байдал дээрээ түүнийгээ биелүүлж, мөрдөж байгаа юм бараг байдаггүй.

19:20 цаг. МУИС-ийн автобусны  буудал дээр 30-40 орчим хүн унаа хүлээгээд зогсож байв. Автобус ирэхгүй удсаар, хүмүүс хүлээсээр. Цаг явсаар. Хөхөө өвлийн хүйтэнд хөгшин залуу гэлтгүй хөл дороо дэвхцэх нь холгүй зогсож харагдана. Сүүлдээ даарсан, бээрсэндээ автобусны буудлын ойролцоох ТҮЦ-рүү орж дулаацав. Ийнхүү 40 минут хүлээсний эцэст автобус ирлээ.

Арай гэж ирсэн автобусандаа багтах гэж иргэд “алаан” болно. Гэртээ харихын тулд хаалганд нь хавчуулдагдан барин суусан хүмүүст хандаж, автобусны жолооч “Багтахгүй байна, буу” гэж зандрана. Ёстой л овсгоотой, хүчтэй нь автобусаар ажилдаа явдаг, гэртээ харьдаг бичигдээгүй хууль нийтийн тээвэрт үйлчилж байна.

“Мөхөөлдөс” болтлоо автобус хүлээсэн олон хүн арай гэж багтсандаа олзуурхах. Жолооч араас ойрхон автобус ирж байгааг хэлэх ч, үгэнд үнэмшсэн нь цөөн. Үлдсэн хүмүүс дахиад 30-40 минут хүлээх биз ээ. 

Ерөнхийдөө автобусны жолоочид буудлаасаа хол зогсох, явж байх зууртаа хаалгаа онгойлгосноо гялс хаагаад “зугтах” зэргээр олон “мэхийн техник”-ийг гарамгай эзэмшсэн. Тиймдээ ч үүнийг нь андахаа больсон иргэд автобус угтаж, эсвэл араас нь гүйх, хаалгыг нь тогших дайруулахаас ч үл эмээн жолоочийн нүдэнд өртөх гэхчлэн сөрсөн “базаа” хийх нь энгийн үзэгдэл болжээ. Өглөө, оройгүй ийм дүр зурагтай. Автобусны жолооч түгжрэлд уйдсан бололтой утсаар “буу халж” эхэллээ. “Чи хаана явна. Өө манайх тэр буудлаас хөдөлж байна. Чи жаахан хүлээж байгаад хөдөл" гээд л хоорондоо цаг, минут алгасахгүй ярина. 

АВТОБУСНЫ ЖОЛООЧ НАР УУЛ УУРХАЙН САЛБАР РУУ “УРВАХ” БОЛЖЭЭ

Нийслэлд өдөр тутамд 942 автобус иргэдэд үйлчилдэг. Хөдөлмөрийн тухай хуулиар нэг автобусанд өдөртөө хоёр ээлжийн жолоочоос гадна бэлтгэл жолооч бас хэрэгтэй. Ингээд бодвол нийтийн тээврийн үйлчилгээнд дор хаяж 3000 орчим жолооч ажиллах шаардлагатай. Гэвч  жолооч нарын тоо энэ хэмжээнд хүрэхээ больжээ. Учир нь  автобусны жолооч нар цалингаа голж уул уурхайн салбар руу “урвах” болсон байна. Автобусны жолооч нарын нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг 6300 төгрөгөөр тооцдог бөгөөд энэ үнэлгээгээр  хамгийн сайн гүйцэтгэлтэй жолооч гэхэд л сард сая гаруй  төгрөгийн цалин авдаг байна. Тэгвэл  уул уурхайн салбарт жолооч нарын цалин хөлс, ажлын цагийн үнэлгээ эндэхээс хоёр дахин өндөр байдаг гэнэ. Үүнээс үүдэн нийтийн тээврийн салбар хүний нөөцийн дутагдалд оржээ.

Тиймдээ ч нийтийн тээврийн салбарт удаан ажилласан жолооч ховор, жолооч нарын сэлгэлт их байгаа учраас харилцааны алдаа дутагдал гаргаж байгаа гэдгийг албаныхан үгүйсгээгүй юм. 

Ямартай ч нийтийн тээврийн хяналт шалгалтын хэлтсээс зөрчил гаргасан буюу зорчигчтой зүй бус харьцсан, бүхээгтээ тамхи татсан жолооч нарыг давтан сургалтанд суулгадаг гэх хариуг өглөө. 

Холбоотой мэдээ

АВТОБУСНЫ СОЁЛ: Ахмадуудын аархал

АВТОБУСНЫ СОЁЛ: Ахмадуудын аархал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж