АНУ гадаадаас ирсэн бүх хүнийг 7 хоног тусгаарлана гэв

Хуучирсан мэдээ: 2021.12.02-нд нийтлэгдсэн

АНУ гадаадаас ирсэн бүх хүнийг 7 хоног тусгаарлана гэв

АНУ гадаадаас ирсэн бүх хүнийг 7 хоног тусгаарлана гэв

Цар тахлын “омикрон” хувилбар гарснаас үүдэн олон улс хилийн хориг, хязгаарлалтаа сэргээх болсон. Тэгвэл АНУ-ын засаг захиргаанаас бүрэн судлагдаагүй шинэ хувилбарын халдвар Нэгдсэн улсад орж ирэхээс сэргийлэн гадаадаас ирэх бүх аялагчдад тавих шаардлагаа өндөрсгөхөөр төлөвлөжээ. Үүнд АНУ-ын иргэд ч хамаарч байна. Covid-19-ийн эсрэг өвлийн стратегийн хүрээнд Жо Байдены захиргаанаас дараах шалгууруудыг тогтоохоор ярилцаж байгаа аж. Тодруулбал, вакцинд хамрагдсан байдал, аль улсаас ирж байгаагаас үл хамааран бүх аялагчид нисэх онгоцонд суухаас нэг хоногийн өмнө PCR шинжилгээ өгч, сөрөг хариу авсан байх. Мөн АНУ-д ирснийхээ дараа 3-5 хоногийн дотор бүх аялагчид давтан шинжилгээ өгөхийг журамлахаар болжээ. Түүнчлэн гадаад, дотоодын бүх аялагчдыг АНУ-д ирсний дараа шинжилгээний хариу сөрөг гарсан байсан ч долоо хоногийн хугацаанд тусгаарлах асуудалд санал зөрөлдсөн талаар эх сурвалжууд мэдээлэв. Үүгээр ч зогсохгүй хэрэв хилийн хатуу журмыг зөрчвөл торгох болон ял шийтгэх асуудал ч мөн яригдаж байна.

АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн боловсруулсан олон нийтийн эрүүл мэндийн журамд хоёр шинжилгээний арга хэмжээг нарийвчлан тодорхойлсон бөгөөд тус улсын Эрүүл мэнд, иргэний үйлчилгээний яам болон Цагаан ордонд хянуулахаар өргөн барьжээ. Жо Байдены захиргаа энэ долоо хоног гарсаар цар тахлын шинэ хувилбараас хэрхэн сэргийлэх, ямар арга хэмжээ авах талаарх асуулт, шахалтад дарагдсан аж. “Омикрон” хувилбар арваннэгдүгээр сарын 26-нд ДЭМБ-д албан ёсоор бүртгэгдсэнээс хойш дэлхийн 20 орчим оронд илэрсэн юм.

Санаа зовоосон энэ хувилбар АНУ-д өнөөдөр бүртгэгдсэн. Тухайн хүн нь вакцины бүрэн тунтай бөгөөд саяхан Өмнөд Африкаас ирсэн байв.

“Омикрон”-ыг бүрэн судлагдах хүртэлх хэдэн долоо хоногийн хугацаанд урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар хангах хэрэгтэй гэж АНу-ын хууль тогтоогчид үзжээ.

Одоогоор АНУ нь агаараар тус улсад ирэх аялагчдаас нисэх онгоцонд суухын өмнө вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран шинжилгээ өгөх шаардлагыг тавьж буй. Ингэхдээ вакцинд хамрагдсан иргэд нислэгээс 3 хоногийн дотор шинжилгээ өгч, сөрөг хариу авсан байх, дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүс нислэгийн өмнөх өдөрт багтаан шинжилгээ өгөх ёстой. Харин шинэ журмаар АНУ-д ирэх бүх хүн нислэгээс өмнөх өдөрт багтаан шинжилгээ өгөх шаардлагыг тавих аж. Мөн одоо мөрдөж буй журмын дагуу ирснийхээ дараа 3-5 хоногт багтаан давтан шинжилгээ өгч, вакцинд хамрагдаагүй иргэд багадаа 7 хоног тусгаардлах шаардлага тавьж байна. Хэрэв Жо Байдены захиргаа өнөөдөр шинэ журмаа баталбал 7-14 хоногийн дотор хэрэгжиж эхлэх аж.

Цагаан ордны цар тахлын талаарх мэдээлэлд дурдахдаа нислэгийн өмнөх, дараах шинжилгээ, тусгаарлалтын журам нь бүх америкчуудын эрүүл мэндийг хамгаалах алхам гэдгийг тайлбарлажээ. Түүнчлэн АНУ-д ирсний дараах шинжилгээг хүмүүс өөрсдөө түргэвчилсэн шинжилгээгээр хийж болох эсэх нь тодорхойгүй байна. Мөн АНУ-д ирснийхээ дараа тусгаарлалтын журам зөрчсөн хүнийг хэдэн ам.доллараар торгох, ямар ял шийтгэх нь мөн л бүрэн шийдэгдээгүй.

АНУ нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын 9-нд хилээ нээснээс хойш өдөрт 200 мянга гаруй аялагч хүлээн авсан талаар албаныхан мэдээлжээ. Тиймээс гадаадаас ирж буй хүмүүсийг тусгаарлан ажиглахгүй бол халдвар тархах магадлал өндөр гэж зарим хууль тогтоогчид үзэж байна. АНУ нь Өмнөд Африк болон Африк тивийн олон орны эсрэг хилийн хориг тавьсан. Гэхдээ Хятад шиг гадаадын бүх иргэнийг хориглож, бусад орнуудад хориг тавих бодолгүй байгаа аж. Өвлийн олимпийн наадмыг зохион байгуулахтай холбоотойгоор Хятад нь хатуу арга хэмжээ авч байгаа бөгөөд 14 хоногийн тусгаарлалтыг 28 болгон сунгах эрхийг орон нутгийн удирдлагуудад өгчээ.

Шинэ хувилбарын халдвар бүртгэгдсэн Их Британи өнгөрсөн баасан гаригаас эхлэн Африкийн орнуудыг “улаан жагсаалтад” оруулж, тус бүсээс ирж буй өөрийн орны иргэдийг вакцинжуулалтад хамрагдсан эсэхээс үл хамааран 10 хоног тусгаарлах шийдвэр гаргажээ. Харин гадаадын иргэд тус бүсээр дайран өнгөрсөн л бол Их Британид нэвтрэхийг хориглосон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж