Монгол Улсын төв банкны хараат бус байдалд заналхийлж буй хэд хэдэн асуудалд Олон улсын валютын сангаас санаа зовж байгаагаа илэрхийллээ. Тодруулбал, Олон улсын валютын сангаас арваннэгдүгээр сарын 29-нд гаргасан тайлан мэдээнд “Монгол Улсын төв банкыг Засгийн газрын шаардлагаар үнэ тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлснийг дурдаж, "Монголбанкны үйл ажиллагааны бие даасан байдал алдагдаж байна” гэж дүгнэжээ.
Түүнчлэн тус тайланд мэдээлснээр, Одоо үргэлжилж буй цар тахлын хямралыг эс тооцвол Монголын эдийн засаг сүүлийн арван жилийн хугацаанд хамгийн гүн уналтад ороод эргэн сэргэж байна. Энэ нь дэлхий дахины эдийн засаг ч сэргэж буй болон бусад суурь хүчин зүйлстэй холбогдох бөгөөд үндсэндээ экспортод тулгуурлаж байна гэж дүгнэв. Гэвч эдийн засгийн сэргэлт болон амжилттай вакцинжуулалтын хөтөлбөрийн нөгөө талд цар тахлаас шалтгаалан дотоодын үйл ажиллагаа харьцангуй идэвхгүй төлөвт байсаар байна.
Импортын үнэд нөлөөлсөн түр зуурын хүчин зүйлсээс шалтгаалаад инфляци өслөө. Парламентаар шийдвэрлэсэн томоохон хэмжээний, зорилтот бус, төсвийн болоод хагас төсвийн, санхүүгийн арга хэмжээнүүд нь макро санхүүгийн хувьд эмзэг байдлыг үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, улсын өрийн хэмжээ огцом нэмэгдсэн, банкнуудын тэнцвэртэй байдал алдагдсан, тэр дундаа Монголбанкны үйл ажиллагааны бие даасан байдал ганхсан зэрэг нь үүнд орно.
Дэлхийн санхүүгийн нөхцөл байдлыг давуу тал болгон ашиглаж, 2022-2023 онд төлөх ёстой байсан евро бондыг илүү таатай нөхцөлөөр амжилттай шилжүүлэв.
Эдийн засгийн хэтийн төлөв тодорхойгүй байгаа ч, харьцангуй сайн ирээдүй харагдаж байна. ДНБ-ий хэмжээ 2020 онд 4.6 хувиар буурч байсан бол 2021 онд 4.5 хувиар өсөх төлөвтэй байна. Хэрвээ экспортын гарц бүрэн нээгдэж, Оюутолгойн зэсийн уурхайн ажил төлөвлөсөн хугацаандаа дуусч чадвал ДНБ 7 хүртэл хувиар өсөх боломжтой юм.
Цар тахал улам даамжирч, улс орнууд хилээ хаан, дэлхий дахинд санхүүгийн нөхцөл байдал хүндэрч буй нөхцөлд валютын нөөц бага, гадаад өр өндөр байгаа нь Монгол Улсад томоохон эрсдэл дагуулж байна. Цар тахлаас үүдэлтэй санхүүгийн салбарын доройтол нь төр, хувийн хэвшлийг гаднаас зээл авахад хүргэж, Монгол Улсыг гадны орнуудаас улам хамааралтай болгож байна. Зээлийн хэмжээ болон эрсдэл эрс нэмэгдэж байгаа нь банкны хөрөнгөнд нөлөөлөөд зогсохгүй, эдийн засгийн эргэн сэргэлтийг удаашруулах юм. Эцсийн дүндээ, зардлыг нэмэгдүүлж татварыг бууруулах бодлого нь макро санхүүгийн тогтвортой байдлыг ганхуулж, өр зээлнээс салах боломж олгохгүй. Ингэснээрээ Монгол Улсын эдийн засгийг сэргээхэд саад болж буй бусад гол эрсдлүүдийг шийдвэрлэх орон зай олгохгүй байна.
ЭХ СУРВАЛЖ: IMF.ORG
М.НАРАНЖАРГАЛ
Холбоотой мэдээ