"Яармаг Улаанбаатарын шинэ төв болж, хөнгөн галт тэргээр зорчино"

Хуучирсан мэдээ: 2021.12.01-нд нийтлэгдсэн

"Яармаг Улаанбаатарын шинэ төв болж, хөнгөн галт тэргээр зорчино"

"Яармаг Улаанбаатарын шинэ төв болж, хөнгөн галт тэргээр зорчино"

Улаанбаатар хот 2040 он гэхэд 2.8 сая хүн амтай, 667 мянган өрхтэй, хоёр хотын шинэ төв, таван дэд төв, 26 олон нийтийн төвтэй, сургуулийн тоог 84, цэцэрлэгийн тоог 425-аар нэмэгдүүлсэн, 1738 километр зам шинээр тавьж, 14 уулзвар, 30 гүүр, есөн нүхэн гарц байгуулж, оргил цагийн хөдөлгөөний дундаж хурдыг 22.5 километр цаг болгон нэмэгдүүлсэн байх талаар өнөөдөр (2021.12.01) зохион байгуулсан "Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага" форумын үеэр хотын дарга Д.Сумъяабазар онцоллоо. 


УЛААНБААТАР ОСОЛ, АВААР ГАРАХ ХАМГИЙН ИХ ЭРСДЭЛ ӨНДӨРТЭЙ ХОТ”

Нийслэлийн Засаг дарга Д.СУМЪЯАБАЗАР:

-Хөнгөн галт тэргийг нийтийн тээвэрт нэвтрүүлэхийн тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Гэр хорооллын замыг Туул голын хурдны замтай холбож, Улаанбаатар хот олон төвт хот руу орно. Толгойт, Сэлбэ, Баянхошуу, Улиастай, Хайлааст дэд төв гэсэн төвүүдийг хурдны замаар холбож, хотын төвлөрлийг задална. Тэнд давхар ажлын байр бий болгох шаардлагатай. Ялангуяа жил болгон 35 мянган шинэ иргэн нэмэгдэж байна. Энэ бол нэг аймгийн төвийн дайтай хүн амаар өргөжиж байна гэсэн үг. Тэгэхээр хотын иргэн болох гэж байгаа бол төлбөрөө төлөх хэрэгтэй. Дараагийн асуудал бол тээврийн хэрэгслийн тоо. Монгол Улсад жилд 90 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж, үүний 70 мянга нь Улаанбаатарт байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд тодорхой хугацаанд хил гаалиар оруулж ирэхийг хязгаарлах ёстой. Хоёрдугаарт, тодорхой хугацаа өгч байгаад Улаанбаатарт буруу хүрдтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохыг хориглох ёстой. Хөдөө орон нутгийн замын хөдөлгөөнд явж болно. Нөгөө талд нь нийтийн тээврийн сонголтууд өгөх ёстой. Такси үйлчилгээний чиглэлээр 4-5 мянган такси оруулж ирэх ёстой. Цахилгаан дугуй болон парк шинэчлэлт хийсэн 500-600 автобус, хөнгөн галт тэрэг байх ёстой. Хөнгөн галт тэрэгний насжилт 100 жил явчих чанартай байх хүсэлтэй байна.

Эхний ээлжид Нисэхээс Яармагийн гүүр, Хан-Уул дүүргийн араар, Гэгээнтэн, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо руу эргээд Микр  рүү гэх эхний 16 метр трас орохоор шаргуу ажиллаж байна. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын тойрог хурдны зам байна. Гурван эгнээтэй 71.5 км замын техник, эдийн засгийн урьдчилсан тооцооллууд хийгдэж байна. Улаанбаатар хот осол, аваар гарах хамгийн их эрсдэл өндөртэй хот гэсэн дүгнэлт гарсан.

Бид Хятадын төмөр замын зургадугаар анги, БНСУ-ын хоёр компанитай уулзлаа. Монголын хувьд байгаль, цаг уурын онцлогтой. ЖАЙКА төслийн метро хариуцсан туршлагатай ахмад инженер зөвлөхдөө Улаанбаатарт резинэн дугуйтай, зай хураагууртай хөнгөн галт тэргээс илүү цахилгаанаар ажилладаг нь тохиромжтой. Насжилт, аюулгүй байдлаа бодсон ч дээр гэж зөвлөсөн.

Тэд энэ төрлийн төслийг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөлт, явцын дунд захиалгаа өөрчилдөг асуудал дээр хугацаа алдсан. Тэрнээс биш яг тохирчихвол 24 сарын хугацаанд гүйцэтгэнэ гэж хэлсэн. Төсөвт өртөг нь Вьетнамд 660 орчим сая ам.доллар гэсэн Монголд 500 сая ам.доллар болох байх. Их өндөр амбицтай л дайрна даа.

"ОЙРЫН ХУГАЦААНД 500-600 ЦАХИЛГААН АВТОБУС ХУДАЛДАН АВНА"

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн:

-Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал олон салбарыг хамарсан том асуудал. Нэгдүгээрт, аймаг орон нутагт ажлын байр дутмаг байгаагаас хот руу 30-40 мянган иргэн шилжин ирж буй. Органик өсөлтөөр бол хотод шинээр 40 мянган хүүхэд мэндэлж байна. Нийтдээ 70-80 мянган хүнээр хүн амаа нэмж байна. Үүнийгээ дагаад инженерийн дэд бүтэц, автозам, тээвэрлэлтийн сүлжээнд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийхгүй бол хот маш хурдтай тэллээ. Улаанбаатар хотын иргэд хэдэн арваараа автобус хүлээж, өвлийн хүйтэнд зогсч байна. Нийтийн тээврийн ачааллыг харвал, нэг чиглэлд цагт 10 мянгаас дээш зорчигч зорчиж байна. Автобусны тоо хангалтгүй. Тиймээс хотод нэн яаралтай хөнгөн галт тэрэгний үйлчилгээ нэвтрүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Мөн түүнчлэн хотын хэмжээнд замын сүлжээ даац 350 мянган машин энгийн хурдтай нэвтрүүлдэг байсан бол одоо энэ сүлжээ даацыг 600 мянга хүргэх зорилт тавьж, замын сүлжээг нэмэгдүүлэх ажлыг хийх төлөвлөгөөтэй.

Хөнгөн галт тэргийг нийтийн тээвэрт нэвтрүүлснээр иргэд цагийн хуваарийн дагуу саад бэрхшээлгүй зорчих боломжтой. Засгийн газрын шийдвэрийн дагуу судалгаа, шинжилгээний ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хүн амын тоо 1.6 саяд хүрсэн. Ойрын ирээдүйд хоёр сая давна. Тэгэхээр бусад жишиг хотуудтай харьцуулахад Улаанбаатар ганцаараа багтаамж ихтэй тээврийн хэрэгсэлгүй хотын жагсаалтад орсон. Тиймээс энэ ажлыг яаралтай эхлэх шаардлагатай. Хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх маш том ТЭЗҮ судалгааг эхлүүлнэ.

Ойрын хугацаанд олон улсын байгууллагуудтай хамтран тооцоо судалгаа гаргаж, одоогоор 36 цахилгаан автобус туршилтаар нийтийн тээвэрт үйлчилж байна. Өдөрт 50 мянган төгрөгийн цахилгаан эрчим хүч зарцуулж байна. Энгийн дизель хөдөлгүүртэй автобус өдөрт 250-350 мянган төгрөгийн түлш хэрэглэдэг. Бид байгальд ээлтэй 500-600 цахилгаан автобусыг ойрын хугацаанд худалдан авах зорилттой байна.

ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГНИЙ АЖЛЫГ 2024 ОНД БАРЬЖ БАЙГУУЛАХ ТООЦОО СУДАЛГАА ГАРСАН

Нийслэлийн Засаг даргын Төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг:

-Автозамын түгжрэлтэй холбоотой томоохон зорилтуудыг Засгийн газрын хэмжээнд хэд хэдэн удаа хэлэлцүүлсэн. Үүний үр дүнд тулгуурт багана бүхий байгууламжтай хөнгөн галт тэрэг нэвтрүүлэхээр болсон. Нийслэл хотод хөнгөн галт тэргийг гурван үндсэн трансаар тавихаар төлөвлөж байна. Хөрөнгө санхүүжилтийн хувьд байгаа бололцоондоо тулгуурлан, эхний ээлжийн трансыг 2024 онд барьж байгуулах тооцоо судалгаа гарсан. Ингэхдээ улсын төсвөөс замын түгжрэлд зориулсан 420 тэрбум төгрөгөөс үндсэн суурь судалгаа, нарийвчилсан зураг төсөл, ТЭЗҮ-д зарцуулна. Нөгөөтэйгүүр төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг хэлэлцэж байна. Гуравдугаарт, байгальд ээлтэй ногоон төслийн санхүүжилтийг татан оролцуулна. Хөнгөн галт тэрэг нь Улаанбаатар хотын зорчилт хөдөлгөөний судалгаатай холбоотой. Үнэ өртөг, байгууламжийн хувьд хугацаа бага шаардана. Ирээдүйд Яармаг Улаанбаатарын шинэ төв болно. Үүнтэй холбоотойгоор энэ чиглэлд хөнгөн галт тэрэг нэвтрүүлнэ. Бид нийслэлийн ирэх оны төсвөө арванхоёрдугаар сарын 3-нд баталж, бусад төрлийн 42 арга хэмжээ, төсөл хэрэгжүүлэхээр төсөвт тусгасан.

Одоогийн байдлаар 560 орчим автобус ашиглалтын шаардлага хангахгүй байна. Ирэх онд 500 автобусны парк шинэчлэлтийн асуудлыг 420 тэрбум төгрөгийн суурь зардалд оруулж өгсөн.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж