Тэрслүү үг: Монголчуудад боловсрол хэрэггүй, Богд Зонхова хэрэгтэй!

Хуучирсан мэдээ: 2021.12.01-нд нийтлэгдсэн

Тэрслүү үг: Монголчуудад боловсрол хэрэггүй, Богд Зонхова хэрэгтэй!

Тэрслүү үг: Монголчуудад боловсрол хэрэггүй, Богд Зонхова хэрэгтэй!

Богд Зонховагийн хөшөөг 32 тэрбумаар барихаар 2022 оны төсөвт суулгасан нь баригдаж, олны хэл амнаас айсандаа Соёлын сайд Ч.Номин төслийг царцааснаа зарлаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх царцаах чиглэл өгснөөр асуудал намжив. Уг нь Ерөнхийлөгч чиглэл өгөх биш, ирэх оны төсөвт хориг тавьсан бол хууль дүрэмд илүү нийцэх байлаа. Учир нь 2022 оны батлагдсан төсөвт Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм. Иймээс төсөвт суулгасан 32 тэрбумаар юу хийх, яах нь огтоос тодорхойгүй үлдэж, олноороо хэрэлдэж, хэлэлцсэний хэрэг тус огтхон ч гарсангүй гэсэн үг. Энэ бол улсын төсөв дотор нуугдсан хуульчлагдсан олон хулгайн нэг. Ил болсон нь Богд Зонховын асуудал болохоос энэ мэт хуульчлагдсан хулгай жил бүрийн улсын төсөвт “суудаг”, унших ёстой, үүрэгтэй гишүүд нь харанхуйгаар баталчихдаг байсны бас нэг бодит жишээ боллоо. Ямар сайндаа л УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбатаас “Төсвөө уншаагүй юм уу?” гэж асуусан биш хэвлэлийнхэн “Та нар өөрсдөө уншиж, харахгүй яасан юм бэ” гэж загнуулах билээ.  Үндсэндээ  “Би үхэхээр чи үх” гэдэг шиг асуудал бурхны хөшөө тойрон өрнөлөө.

Эдийн засаг нь царцаж, экспорт, импорт тэг зогссон үед 32 тэрбумаар хөшөө барих санаачилга гаргасан УИХ-ын гурван гишүүний нэг Ц.Цэрэнпунцаг “Монголчууд өвдөхөөрөө бурханд мөргөдөг. Тиймээс энэ цогцолборыг барих ёстой” гэснээс харвал Богд Зонховагийн хөшөөг төсвийн мөнгөөр барихдаа л барих бололтой. Түүний сонгогдож гарч ирсэн Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг нь халаалтгүй, төрсөн эхчүүд нь хөнжил нөмрөөд сууж байгаа зураг бурхан шүтэж, буяны мөр хөөсөн гишүүний сэтгэлийг өчүүхэн ч өвтгөсөнгүй. “Эмнэлэг, сургуульд хангалттай л мөнгө хуваарилдаг шүү дээ” гэж хээв нэг хариулсан Ц.Цэрэнпунцаг гишүүн өөрөө өвдвөл Монголын эмнэлэгт хэзээ ч хэвтэхгүй нь ойлгомжтой юм.

Хэдийгээр тэрбээр УИХ-ын гишүүн боловч ердөө бөх л дөө. Гэвч өнөөдөр бөх бол төр болсон. “Ямар ард түмэн байна, тийм төр засаг байдаг” гэдэг. Сүүлийн өдрүүдэд “Гэм зэм” романыг нь жүжиг болгон тавьж байгаа Достоевскийн хэлсэн үг л дээ. Тэгэхээр уйлаад, уурлаад яалай билээ, бидний сонгосон төрийн түшээд, төр засаг…

Татвар төлөгчдийн мөнгөөр элдэв янзын хөшөө барих эрх баригчдад  эрүүл мэнд, боловсрол түй ч хамаагүй болж.  Боловсрол бүр хаягдсан салбар болоод удаж байгаа. Цар тахлын болж, сүүлдээ эрүүл байвал боловсролоор яах вэ гэсэн хандлагаар Монгол Улсын бодлого явж ирлээ. Бидэн шиг боловсролын салбараа  бүтэн хоёр жил хөл хорьсон улс дэлхийд байхгүй.

Гэтэл дахиад л танхимаар хичээл оруулахыг хориглоод, цахим болгох шийдвэр гаргаснаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэв. Шалтгааныг нь нэгд, томуу өвчлөлт ихэссэнтэй, хоёрт, омикрон гэх шинэ вирусийн давалгаа дэгдэх эрсдэлтэй холбожээ.

Өнгөрсөн намар дельта вирусийн халдвар өдөртөө 6000 хол давж байхад сургууль, цэцэрлэгээ нээчихсэн байж, эсрэгээрээ халдварын тархалт илтэд намжаад ирэнгүүт хөл хорино гээд зогсож байгаа Боловсролын сайд яагаад ийм шийдвэр гаргаснаа статистик судалгаа, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах хэрэгтэй. Сэтгэлийн хөөрлөөр хоёр жилийн турш шийдвэр гаргаж, боловсролын салбарыг хөсөр хаялаа, болоо юм биш үү. Жишээ нь, хэчнээн багш, сурагч томуу туссан, хэд нь хүндэрч сургууль, цэцэрлэг хаахаас аргагүй байдалд хүргэсэн тоо баримт Боловсролын сайдад байна уу. Омикрон хувилбар орж ирлээ гэхэд хэр олон багш, сурагч өртөхийг урьдчилан тооцож гаргах ёстой болохоос "болзошгүй" гэх шалтагаар боловсролын салбарыг боож, хаах ёсгүй. Монголын боловсролын салбарын авч яваа хүн байж адаглаад энэ мэт асуудалд  сургаар биш шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй баймаар. Манай улстөрчдийн байнгын жишээ болдог Долоон буудлын Должин эмээ нь  биш дээ, ямар.

Үнэндээ өнгөрсөн хугацаанд нэг долоо хоног нь танхим, нөгөө долоо хоног нь цахим гээд өөх ч биш, булчирхай ч биш явж ирсэн. Танхимаар хичээллээ гээд covid-19 аваад хэцүүдсэн сургууль, цэцэрлэг алга. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгын хэлснээр хичээл эхэлснээс хойш 150 хүүхэд, 11 ажилтан, 45 багш халдвар авсан аж. Энэ бол айж, сандрах үзүүлэлт биш.

Гэтэл танхимаар хичээллээгүй өнгөрсөн хоёр жил тог цахилгаан, интернэт, компьютергүйгээс болж 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон байдаг. Энэ хоцрогдлыг арилгахад дор хаяж гурван жил шаардлагатай, цар тахлаас шалтгаалсан хичээлийн хоцрогдлын улмаас Монголын эдийн засагт 2 их наяд төгрөгийн бодит хохирол учирна гэж Дэлхийн банк тооцсоныг боловсролын яамныхан олж уншсан гэж найдъя. Өөрөөр хэлбэл, сургаар, ховоор, сошиалаар ажлаа хийхээс илүү хоёр жилийн хоцрогдлоо арилгах концепци, боловсролын салбарыг шинэчлэх бодлогоо Боловсрол, шинжлэх ухааны сайд танилцуулах цаг болжээ.  Дэлхийгээс хоцрогдсон балар харанхуй ард түмэн болж үлдэхгүй юм бол шүү дээ. Боловсролын ялгаа нь орлогын тэгш бус байдал бий болгодог. Цар тахлын үед гэрийн багш ажиллуулах боломжтой аав, ээж нарын дийлэнх нь төр засгийн томчууд. Энгийн иргэдийн хүүхдүүд л өнгөрсөн хоёр жилд боловсролын салбарын бодит хохирогчид болсон.

Эдийн засаг нь хэцүү байхад хөшөө барьдаг, боловсрол биш Богд Зонхова Монголын аврал гэж боддог хүмүүс аргагүй байх. Боловсрол хэрэггүй гэж ярьдаг сонгогчид боловсролгүй бөхчүүддээ дээрэлхүүлж байх тавилантай ч биз. Одоо тэгээд бөхөө шүтээд, бурхандаа мөргөөд байж дээ, боловсрол монголчуудад ер нь ямар хэрэгтэй гэж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж