Олон улсын сансрын станцад ажиллаж байсан сансрын нисгэгчид 2018 оны зургадугаар сард станцтай залгасан байсан Soyuz MS-09 хөлөгт гарсан 2 мм хэмжээтэй нүхийг олж илрүүлэн бөглөж байсан билээ. Уг нүхээр агаар алдагдаж байснаас болж хөлөгт байсан хүмүүст аюул учраагүй хэдий ч Орос улс энэ явдлыг ямар нэг хорлон сүйтгэх үйл ажиллагаа байсан байж болзошгүй гэж үзэн, мөрдөн шалгахаар болоод байгаа юм.
ОХУ-ын "Роскосмос" сансрын агентлаг мөрдөн шалгах ажиллагаагаа дуусгасан ба буруутанд эрүүгийн хэрэг үүсгэх үүднээс үр дүнг нь Оросын хууль сахиулах байгууллагад илгээгээд байна. "Роскосмос"-оос ямар нэг дэлгэрэнгүй тайлбар хэлээгүй байгаа боловч Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр аль хэдийнэ ташаа мэдээллүүд нийтлэгдээд эхэлжээ.
Оросын хэвлэл мэдээллийн RIA Novosti агентлагийн мэдэгдсэнээр, уг нүхийг тухайн үед Олон улсын сансрын станцын багийн гишүүн байсан, НАСА-гийн сансрын нисгэгч Серена Ауньён Чэнселлор гаргасан байж болзошгүй гэв.
Мөн Тасс агентлагийн мэдээлснээр, “Сансрын хөлгийн загвартай бүрэн танилцаагүй хэн нэгэн жингүйдлийн нөхцөлд нүхийг өрөмдсөн байсан. Магадгүй Серена Ауньён Чэнселлор Олон улсын сансрын станцтай ямар нэгэн маргаантай байсан учраас дэлхий рүү буцахыг хүссэн байж мэдэх юм” гэжээ.
Харин НАСА агентлагийн хувьд энэ хэрэгт нисгэгчид оролцсон байх боломжгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Хөлгийн агаар алдагдаж эхлэх үед нисгэгчид чухам хаана хаана байрлаж байсныг НАСА мэдэж байсан гэв.
Эх сурвалж: ENGADGET
М.НАРАНЖАРГАЛ
Холбоотой мэдээ