Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр (2021.12.01) оюутан, сурагчдын амралттай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:
-Арванхоёрдугаар сарын 18-наас сурагчдын нэгдүгээр улирлын амралт эхэлнэ. 12 өдрийн хичээл үлдсэн учир ирэх долоо хоногт танхимаар хичээллээд, үлдсэн долоо хоногтоо цахимаар хичээллээд, төлөвлөсөн хугацаандаа амралтаа эхлүүлье гэсэн чиглэлтэй байна. Амралтыг наашлуулахгүй. Улаанбаатар хотод “5-9” зарчмаар хичээллэж байгаа учир арванхоёрдугаар сарын 18-нд амралтаа эхлүүлэх нь зөв. Гэхдээ тодорхой эрсдэлүүд бий. Томуугийн дэгдэлт, өвчлөлт ихэсч байна. Гуравдугаар тунд хамрагдах хэрэгтэй. Омикрон гэдэг шинэ вирусийн давалгаа дэгдэх эрсдэлтэй байна. Хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ.
Их, дээд сургуулиудын хувьд арванхоёрдугаар сарын 6-наас шалгалтууд нь эхэлдэг. Ирэх оны нэгдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилдэг. Засгийн газрын хуралдаанаар арванхоёрдугаар сарын 10-ныг хүртэл оюутнуудыг гуравдугаар тунд хамруулах тал дээр анхаарч ажиллая гэсэн. Одоо энэ аян маш идэвхитэй явж байна. Нийт 119 мянган оюутны 40 мянга нь гуравдугаар тундаа хамрагдсан байна. Тиймээс арванхоёрдугаар сарын 10-ныг хүртэл танхимаар хичээллээд, цахимаар өгч болох шалгалтуудыг нь цахимаар өгүүлж, яг танхимаар өгөх шаардлагатай шалгалтуудыг нь хоёрдугаар сарын 1-нээс өгүүлье гэсэн нөхцөл байдал үүссэн.
Цэцэрлэгийн хүүхдүүд арванхоёрдугаар сарын 10-наас хойш Цагаан сар хүртэл танхимын бус сургалтад хамрагдаж болзошгүй.
-УОК-оос сурагчдын амралтыг наашлуулъя гэсэн чиглэл өгсөн гэсэн. Ямар шийдэлд хүрсэн бэ?
-Сургуулийн амралтыг наашлуулъя гэсэн ч 12 өдрийн хичээлийг заавал цахим руу шилжүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Дахиад л хичээлийн хоцрогдол үүснэ. Энэ долоо хоног, ирэх долоо хоног танхимаар хичээллээд үлдсэн нэг долоо хоногт нь цахимаар хичээллүүлээд амраана. Маргаашаас хичээлийг амраавал нэгдүгээр сарын 15 гэхэд хичээл эхэлнэ. Хичээлийн шинэ жилийн хөтөлбөр батлагдчихсан.
Их, дээд сургуулиудын оюутнуудыг арванхоёрдугаар сарын 10-ныг хүртэл вакциныг нь хийлгэж, тэгээд амраая. Гэхдээ цахимаар өгөх боломжтой шалгалтыг нь цахимаар, танхимаар өгөх шаардлагатай шалгалтыг нь Цагаан сарын дараа зохион байгуулъя гэж байна. Цэцэрлэгийг арванхоёрдугаар сарын 10-наас хойш цахимд шилжүүлж магадгүй. Эцсийн шийдвэр гараагүй. Ирэх Даваа гаригт танилцуулна.
Холбоотой мэдээ