"Богд Зонхова" төслийг дэмжинэ VS дэмжихгүй

Хуучирсан мэдээ: 2021.12.01-нд нийтлэгдсэн

"Богд Зонхова" төслийг дэмжинэ VS дэмжихгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан ирэх 2022 оны төсөв дотоодын эдийн засгийг гурав дахин тэлэх, төрийн байгууллагын зардлыг хэмнэхэд чиглэсэн гэж тодотгож буй. Гэтэл нийслэлийн нутаг дэвсгэрт 32 тэрбум төгрөг буюу 10 гаруй сая ам.долларын өртөгтэй бурханы хөшөөг барихаар “чимээгүй” суулгасан нь маргаан дагуулаад буй.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Тасганы овоонд Шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхов” бурхны хөшөө бүхий төв барихаар 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөг төсөвлөснийг олон нийт эсэргүүцэж буй. Харин УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг хөшөө барихыг дэмжиж байгаа бол  Соёлын сайд Ч.Номингийн хувьд үгүйсгээд байгаа юм. Тэдний байр суурийг хүргэе.

"Богд Зонхова" төсөл үргэлжлэх ёстой
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг

Цар тахлын үед хөшөө барилаа гэж иргэд нэлээн шүүмжилж байх шиг байна. Ирэх оны төсөвт боловсрол, эрүүл мэндийн салбарт их наяд, их наядаар нь мөнгө тавилаа шүү дээ. Үүнийг сайн анхаарах ёстой. Яг хэрэгтэй зүйлдээ зарцуулж чадаж байна уу. Бүхнийг фронтын төлөө гэдэг шиг сүүлийн хоёр жил эрүүл мэндийн салбарт хангалттай төсөв тусгалаа. Үүнийг үр ашигтай зарцуулах хэрэгтэй. Европт дөрөв, тав дахь давлагаа эхэлж байна. Цаашдаа хичнээн давлагаа үргэлжлэхийг таашгүй. Бидний амьдрал үргэлжилж байна. Дэлхийн улс орнууд нээгдээд эхэллээ. Тэгэхээр жуулчид ирээд юу үзэж, харах вэ. Соёлын өв соёлоо сэргээж, үзэж харах зүйлээ бүтээх хэрэгтэй биз дээ. Энэ том төсөл явах ёстой гэж харж байна. Улсаас нэг ч төгрөг гараагүй. Энэ бол урлагийн нарийн хийцтэй бүтээл. Улаанбаатарт урлагийн том өв шинээр нэмэгдэх ёстой. Залуучууд спортын газруудад очиж болж байна. Харин нас намбатай, өвчтэй зовлонтой хүмүүс хаачих вэ. Бид өвдөж зовохоороо ганданг, хурим найраа хийсэн ч Жанрайсаг бурхандаа мөргөөд гардаг. Тэгэхээр жуулчин ирсэн ч хамгийн түрүүнд Гандан дээр очно. Тэгэхээр хотынхоо төвд байгаа энэ газраа сэргээж, нүүр улайхааргүй болгох хэрэгтэй. Харин ч хятад компанид зарагдсан байсан газарт "Богд Зонхова" цогцолбор барих гэж байгаад баяртай байна. Өнөөдөр зураг төсөл нь баталгаажсаны дараа 32 тэрбум төгрөгийн төсөв гарч ирлээ. Би цогцолборын барилгыг барьж эхэлснийг мэдэхгүй. Хандиваар цугларсан мөнгөөр л барилгын ажлыг эхлүүлсэн гэж ойлгож байна.

“Богд Зонхова” төсөл цаг үеэ олоогүй тул хөрөнгө зарцуулахгүй
Соёлын сайд Ч.Номин

Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм. Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно.

Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна.

Монгол Улсын хувьд түүх, соёл, шашин нь бидний оршин тогтнохтой холбоотой асуудал. Гэвч аль ч шашинд сүсэглэх, шүтэх нь аливаа цогцолборыг барих, болихоос үл шалтгаалах дотоод итгэл үнэмшлийн асуудал тул эвийг эрхэмлэхийг та бүхнээс хичээнгүйлэн хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж