Өвлийн Универсиад цуцлагдсан ч олимп хугацаандаа эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2021.12.01-нд нийтлэгдсэн

Өвлийн Универсиад цуцлагдсан ч олимп хугацаандаа эхэлнэ

Өвлийн Универсиад цуцлагдсан ч олимп хугацаандаа эхэлнэ

Covid-19-ийн мутацилагдсан хувилбар болох Омикрон одоогоор 19 оронд бүртгэгдээд байна. Хамгийн сүүлд Японд бүртгэгдсэний дараа тус улс нэг сарын хугацаатай хилээ хаах шийдвэр гаргав. Мөн Швейцарийн Люцерн хотноо энэ сарын 11-нд эхлэх байсан өвлийн Универсиад наадам тус вирусийн тархалтаас болж цуцлагдсан. Энэхүү наадам нь Швейцарийн зургаан мужийг хамран биатлон, хоккей, фристайл, шорт-трек, снөүборд, керлинг, уран гулгалт, гүйлтийн цана, уулын цана, цанын орон зай баримжаалах арван спортын 60 зай, төрөлд явагдах байсан юм. Наадамд 54 орны орны 540 их, дээд сургуулийг төлөөлсөн 2000 гаруй төлөөлөгч түүний дотор 1600 оюутан тамирчин оролцохоор бэлтгэж байсан.

Монгол Улсаас спортын гурван төрөлд (гүйлтийн цана, биатлон, снөүборд) 11 тамирчин, таван дасгалжуулагч, гурван албаны нийтдээ 19 хүний бүрэлдэхүүнтэй оролцох мэдүүлгээ гарган, бүх талын бэлтгэлээ бүрэн хангаж байв. Ийнхүү маш цөөн хоногийн өмнө гэнэтийн шийдвэр гаргасан нь Монголын баг тамирчид, спортын холбоодод хүнд цохилт болж байгаа аж. Монголын багийн бүх тамирчин визэндээ орж, онгоцны билетээ авсан байжээ. Мэдээж Швейцарийн наадам зохион байгуулах хорооноос баг тамирчдын хоол, байрны мөнгийг буцаан олгохоо мэдэгдсэн байна.

Универсиад наадам цуцлагдсаны дараагаар Бээжингийн өвлийн олимп болох эсэх нь эргэлзээ дагуулав. Гэхдээ Омикрон хувилбарын тархалтаас болж хоёрдугаар сарын 4-нд эхлэх өвлийн олимпийн наадам цуцлагдах хэмжээнд хүрэхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа Хятадын албаныхан илэрхийлэв.

“Энэ вирусээс урьдчилан сэргийлэх, хянах ажилд тодорхой бэрхшээл учрах нь тодорхой. Гэхдээ Хятад улс covid-19-өөс урьдчилан сэргийлэх, хянах туршлагатай тул өвлийн олимпийг хуваарийн дагуу саадгүй зохион байгуулна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан өдөр тутмын хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Түүнчлэн Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн Вирусийн хяналтын хүрээлэнгийн дарга Сю Вэнбо хэвлэлийн хурлын үеэр “Хятад улс Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг маш сайн хийсэн” хэмээн ярилаа.

Хятад улс “Тэг Covid-19” бодлогын хүрээнд дэлхий дээрх хамгийн хатуу чанга хязгаарлалтын дүрэм мөрдүүлж буй. Өчигдөр нийтэд дэлгэсэн тайланд дурдсанаар хэрэв тус улс аялал жуулчлалын хязгаарлалтыг цуцалбал өдөрт илрэх халдварын тоо 630 мянгад хүрэх байсан гэх тооцоо гарчээ. “Бидний хийсэн тооцоолол вирусийн асар том дэгдэлт гарах эрсдэл ойрхон байсныг илчиллээ. Хэрэв тархалт дээрх тооцооллоор нэмэгдсэн бол эмнэлгийн системд дааж давшгүй дарамт учруулах болно” хэмээн тайланд дурджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж