ТББХ: Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2021.12.01-нд нийтлэгдсэн

ТББХ: Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ

ТББХ: Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.12.01) хуралдаан 11 цаг 24 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хэлэлцэх асуудалтай холбогдуулан “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн. 

Хуралдаан  “Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулав. 

Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулийн төслийг иргэд, олон нийтийн оролцоог өргөн хүрээнд хангаж, ард нийтээр 3 сар гаруй хугацаанд хэлэлцүүлэн саналыг нь тусгаж, Улсын Бага Хурлын хэлэлцүүлгийг дамжин боловсруулж, Ардын Их Хурлын 430 депутат 76 хоног хэлэлцэн Монгол Улсын дөрөв дэх Үндсэн хуулийг 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталсан нь манай улсын түүхэн үйл явдлын нэг гэдгийг Байнгын хорооны дарга танилцуулгадаа онцлоод БНМАУ-ын Ардын Их Хурал “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” тогтоол баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэж байхаар тогтоосон. Монгол Улсын Их Хурлаас 2003 онд баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг 1 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхээр заасныг тодотгов. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 5, 10 жилийн ойг Улсын Их Хурлын тогтоолоор, 25 жилийн ойг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус тус тэмдэглэсэн.  Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр тохиож байна. “Төрийн ёслолын журам батлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 119 дүгээр зарлигт тэгш ой тохиосон жил Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тусгай хөтөлбөрөөр тэмдэглэхээр заасныг дурдлаа.

Мөн тэрбээр танилцуулгадаа, Монгол Улс 1924 онд Анхдугаар Үндсэн хуулиа батлан хэрэгжүүлснээс хойш нийгмийн амьдралын шаардлагаар 1940, 1960 онуудад Үндсэн хуулиа шинээр батлан үндсэн хуульт ёсны уламжлалыг хадгалж ирсэн билээ. Улмаар улс оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлтийн үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний онцлогтой хослуулсан шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталсан. Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль нь өнгөрсөн хугацаанд нийгмийн амьдралд түүхэн үүргээ гүйцэтгэж ирсэн бөгөөд 2000 онд нэмэлт, өөрчлөлт орж байсан бол 2019 онд ард нийтийн хэлэлцүүлгийн үндсэн дээр  томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Ардчилсан шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал, зохицуулалт, түүнд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдлыг нийтээрээ мэдэж, сахин мөрдөж байх нь чухал ач холбогдолтой гэж байлаа.   

Ойг тохиолдуулан Үндсэн хуулийг эрхэмлэн дээдлэх, сурталчлан таниулах зорилгоор шинээр оюуны бүтээл туурвих, эрдэм шинжилгээний хурал, ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, Үндсэн хуулийн нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, ололт, амжилтыг бататган бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэж Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тус тус Улсын Их Хуралд ирүүлсэн хүсэлтийг үндэслэн “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд үг хэлж, санал хэлсэн. Тэрбээр, ой тэмдэглэж өнгөрөөх нь асуудлын гол бус Үндсэн хуулиа сурталчлах, соён гэгээрүүлэхэд чиглэсэн ажлуудыг хийхээр тусгасан нь чухал ач холбогдолтой гэдэг агуулгаар тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн төслийн 1.2, 1.3 дугаар заалтыг нэгтгэж “Үндсэн хуулийг боловсруулж хэлэлцэн баталсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүд, уг ажилд оролцсон Ажлын хэсэг, зохион байгуулах комисс, эрдэмтэд судлаачдад хүндэтгэл үзүүлэх, тэдний үйл хэргийг сурталчлах” гэж нэг заалт болгон нэгтгэх санал гаргав.

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат тогтоолын төсөлд Н.Энхболд гишүүний саналыг тусгаж редакцын засвар хийхээр болсныг мэдэгдээд, “Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.   

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

 Хуралдааны төгсгөлд “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Тогтоолын төсөлд 12 дугаар сард Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах,  үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, “Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүд болон бусад асуудлыг хэлэлцэхээр цагалварт тусгасан байв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж