Өвлийн олимп дөхөж, улс орнууд ч нээлт, хаалтын ёслолд өмсөх хувцсуудаа танилцуулж эхлэв. Монголын баг тамирчдын ёслолын хувцсыг үндэсний үйлдвэрлэгч “Michel & Amazonka” урлаж буй бөгөөд тэд өнгөрсөн долоо хоногт загварын шоуны үеэр үүнийгээ олон нийтэд ил болгосон. Тэд өмнө нь Монголын багийн зуны олимпийн хувцсыг урласан нь олон нийтэд таалагдаж, эерэг үнэлгээ авсан. Энэ удаад ч иргэд ам сайтай байна.
Өмнөх олимпуудад Монголын баг тамирчид өвлийн куртик, малгайтай цамцаар гоёдог байсан бол энэ удаад үндэсний өв соёлыг илүү тусгасан хурган дотортой дээлээр гангарах аж.
Бээжин-2022 олимпийн наадмын ёслолын хувцас
Пёнчан-2018 олимпийн наадмын ёслолын хувцас
Сочи-2014 олимпийн наадмын ёслолын хувцас
АНУ – Ralph Lauren
"Ralph Lauren" 2008 оноос хойш АНУ-ын баг тамирчдын ёслолын хувцсыг бэлдсээр ирсэн. Тэд энэ удаад ч уламжлалт цэнхэр, улаан, цагаан өнгөөр дагнаж, дахин боловсруулсан полиэстер материалаар хүрэм, өмд, бээлий, гутал хийжээ. Мөн америк гаралтай ноосоор цамц, малгай хийсэн аж.
Канад – lululemon
Канадын “lululemon” компани Бээжингийн олимпод оролцох баг тамирчдынхаа ёслолын хувцсыг урлажээ. Биеийн тамир, спортын чиглэлээр дагнан хувцас урладаг тус компани улаан өнгийг голчлон ус, салхины хамгаалалттай хоёр хувилбараар урт, богино болгон өмсч болох тун загварлаг хүрэм хийжээ.
Харин бэлтгэлийн хослолыг сүүлийн үед тренд болоод буй сүлжмэл материалаар хийсэн байна.
Хятад
Хэдийгээр Хятад улс баг тамирчдынхаа өмсөх ёслолын хувцсыг танилцуулаагүй ч олимпийн үеэр ажиллах шүүгч, арын албаныхан, сайн дурынхны хувцсыг танилцуулав. 600 гаруй загвар зохион бүтээгч найман шат дамжлага дамжин өрсөлдсөний эцэст энэхүү загвар сонгогдсон аж.
Шүүгчид саарал өнгийн хослол өмсөх бол сайн дурынхан цэнхэр, арын албаныхан хар хослол өмсөх нь. Эдгээр загвартаа уламжлалт болон орчин үеийн загвар шийдлийг хослуулж, бусдаас онцгой, харц булаам хамгийн гол нь дулаан хувцас урлахыг зорьжээ.
Швед – Uniqlo
Японы "Uniqlo" брэнд Шведийн өвлийн олимпийн хувцсыг хариуцан ажиллажээ. Энэхүү хувцасны загварыг гаргасан Масахико Фүрүта ярихдаа “Энгийн байх тусам илүү сайхан, илүү загварлаг” гэжээ. Тэрбээр эдгээр загваруудаа амьсгалдаг технологиор хийсэн бөгөөд гурван өөр төрлийн температурт шалгасан байна.
Герман – Adidas
Германы ирэх жил өмсөх өвлийн олимпийн хослол нь өнгөрсөн зуны олимпод өмссөн загвартай нь тун ижил байх аж. Adidas компани уг загвар дээр ажилласан бөгөөд 2022 онд бар жил тохиож байгаа учир үүнтэй холбогдуулан хар өнгийг голчилжээ.
Швейцарь – Ochsner Sport
Швейцарь улс түүхэндээ анх удаа үндэсний үйлдвэрлэгчийнхээ хувцсыг олимпод өмсөх болсон. "Ochsner Sport" компани ч олдсон боломжийг алдалгүй ёслолын хувцас, бэлтгэлийн хослол, цана, гутлын цүнх гээд бүхий л төрлөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж.
Франц – Le Coq Sportif
1920 оноос хойш Францын баг тамирчдын олимпийн хослол, ёслолын хувцсыг урлаж буй "Le Coq Sportif" брэнд энэ удаад төрийн далбааны гурван өнгөө онцгойруулж, Victory буюу Ялалт гэх үгийн “V” үсгийг загвар бүртээ тодотгож өгчээ.
Холбоотой мэдээ