"Оюутолгой" 1700 га талбайд нөхөн сэргээлт хийсэн гэв

Хуучирсан мэдээ: 2021.12.01-нд нийтлэгдсэн

"Оюутолгой" 1700 га талбайд нөхөн сэргээлт хийсэн гэв

"Оюутолгой" 1700 га талбайд нөхөн сэргээлт хийсэн гэв

“Оюутолгой” ХХК-иас байгаль орчны чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа. Тус компани байгаль орчинд урт хугацаанд эерэг нөлөө үзүүлэхийг зорин ажиллаж байгааг онцлов. Энэ хүрээнд бэлчээрийг 100 хувь нөхөн сэргээх чиглэлд анхаарч ажиллаж байгаа аж. Тодруулбал, 1700 орчим га талбайд нөхөн сэргээлт хийж, мод үржүүлгийн талбай, хог хаягдлаар бордоо хийх зэрэг ажлыг  хэрэгжүүлж буй юм байна.

Энэ талаар Байгаль орчны менежер Н.Эрдэнэбаяр хэлэхдээ “Олон улсын үнэлгээгээр манай төсөл эерэг ахиу нөлөө үзүүлнэ гэсэн үнэлгээ гарсан. Газар хөндөх ашиглалтыг аль болох бага хэрэглэхийг боддог. 2021 оны байдлаар төслийн хэмжээнд нийт 6202 га талбай эвдрэлд орсон. Бэлчээрийг 100 хувь нөхөн сэргээнэ гэсэн амлалтын дагуу 1700 орчим га талбайд нөхөн сэргээлт хийж байна. Мөн ургамалжилт бий болгохын тулд мод үржүүлгийн газар ажиллуулж, 200 мянга орчим мод, модлог ургамлыг тохижуулалтад ашигласан. Хоолны хог хаягдлаас бордоо үйлдвэрлэх зэрэг ажил хийж байна” гэлээ.

ХӨРСӨНД ХҮНД МЕТАЛЛ, БОХИРДОЛ АЖИГЛАГДААГҮЙ

"Оюутолгой" ХХК-ийн Байгаль орчны ахлах мэргэжилтэн н.Ууганбаяр

-Манай баг "Оюутолгой" ХХК-д агаар, хөрсний чанар, хими биологи, мониторингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани агаарын чанарын таван станцтай. Эдгээр нь агаарын чанарын тоосны үзүүлэлт болон дуу чимээ, доргио чичиргээний үзүүлэлтийг хэмждэг. Энэ оны агаарын чанарын үзүүлэлтээс харахад, агаар дахь нарийн ширхэгт тоосонцор болон бүдүүн ширхэгт тоосонцрын үзүүлэлт стандарт хэмжээнд буюу хэвийн байна. Мөн орчны агаар дахь бохирдуулагч хий буюу нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхэрлэг хий, азотын давхар исэл, озоны хэмжилтийн дүнгээр стандартад нийцсэн үзүүлэлттэй гарсан. Мөн хөрсний хяналт шинжилгээ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр ямар нэгэн сөрөг нөлөөлөл байгаа эсэхийг тогтмол шинжилдэг. Энэ хүрээнд хөрсний ерөнхий физикийн шинж чанарын шинжилгээг 14 цэгт, хөрсөн дэх хүнд металлын хэмжилт хийсэн. Уг үзүүлэлтээр Монгол Улсын MNS 58:50:2019 буюу хөрсөн дэх хүнд металлын агууламж хэвийн гэсэн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, энэ оны байдлаар хөрсөнд ямар нэгэн бохирдол ажиглагдаагүй гэсэн үг.

“Оюутолгой ХХК ус бага ашиглах бодлого баримталдаг. Энэ хүрээнд хаягдал усыг эргүүлэн татах шугам хоолойнууд болон өндөр үр ашигтай хаягдал өтгөрүүлэгч, ус цуглуулах цөөрөмд хамгаалалт суурилуулсан. Мөн ус цуглуулах цөөрөмд хамгаалах бүрхүүл суурилуулж, бохир ус цэвэршүүлэх байгууламжийн усыг эргүүлэн татах гэх мэт менежментийг хэрэгжүүлж байна. Үр дүнд усны дахин ашиглалт 87 хувьтай байна. Манай компани ус цэвэршүүлэх, савлах үйлдвэрийг 2011 онд ашиглалтад оруулсан бөгөөд гүний хоолойн ордоос өндөр давсжилттай усыг татаж цэвэршүүлдэг. Дараа нь ундны усанд ариутгаж хэрэглэдэг. Түүнчлэн уурхайд дөрвөн бохир ус цэвэршүүлэх байгууламж бий. Нийт 2540 метр буюу өдөрт 11600 гүний бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай. Ингэхдээ механик шүүлтүүр, элсэн шүүлтүүр, хэт ягаан туяаны шүүлтүүр, хлор цэвэрлэж ариутгах гэсэн дөрвөн дарааллаар бохир усыг цэвэршүүлдэг. Уг байгууламжийн өргөтгөлийг 2019 оноос хийснээр Ази, Австрали улсын чанарт дүйцэх цэвэршүүлсэн ус гаргаж байна.

"Оюутолгой" ХХК-ийн усны хэрэглээний тухайд өнгөрсөн арван сарын байдлаар нэг тонн хүдэр баяжуулахад дунджаар 0.4 куб метр ус ашигласан. Усны дахин ашиглалт 88.1 хувьтай байна. Усны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хүрээнд 351 цэгт мониторинг хийдэг. Үүнд 271 цооног, 69 гар худаг, 11 булагт шинжилгээ хийж байгаа юм. Нарийвчлан дурдвал, "Оюутолгой" ХХК-ийн орчимд, Галбын говь, Гашуунсухайтын зам, гүний олборлолтын орчимд зэрэг дөрвөн газарт усны түвшин, чанарын шинжилгээ хийдэг.  Ерөнхийдөө усны мониторингийн шинжилгээг уурхайн ус ашиглалт эхлэхээс өмнө хийсэн. Графикаас харвал, гүний худгийн болон малчдын худгийн усны түвшин хур тунадасны хэмжээнээс хамаарч өөрчлөгддөг.

Мониторонгийн дүнгээр малчдын гар худгийн усны түвшин буураагүй. Манай компани хайгуулын цооногуудыг хааж битүүмжлэх ажлыг Монголд анх удаа хэрэгжүүлсэн. Энэ дагуу 2015 оноос хойш 149 ширхэг хуучин хайгуулын цооног битүүмжилж, сав газрын захиргаа болон Ханбогд сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн. Усны менежментийг дүгнэвэл орон нутгийн төсөвт 11.1 тэрбумыг эргүүлэн төлж, усны эргүүлэн ашиглалт 88 хувьтай байна. Ус ашиглалтын байдал 12 сая шоо метр. Ус ашигласнаас хойш Өмнөговь аймгийн төсөвт нийт 124.4 тэрбумыг төлсөн. Нэг тонн хүдэр ашиглахад 0.4 куб метр буюу гүний хоолойн уснаас ашиглахад 450 литр. Хоногт 39 мянган куб метр ус ашиглаж байна. "Оюутолгой" ХХК энэ онд 239 төрлийн химийн бодис ашигласан. Үүний 182 нь тос тосолгооны матриал, хүргэлтийн шингэн, цавуу зэрэг тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй бодис юм. Манай компани MNS 64:58:2014 стандарттай химийн бодисын агуулах барих ажил үргэлжилж байна. Энэ ажлын явц 70 хувьтай байна. Ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж