Гоо сайхны олимп гэгдэх "Дэлхийн мисс-2021" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Үндэсний ялагч миссээр А.Бөртэ-Үжин тодорсон билээ. Тэмцээний эхний шалгаруулалтдаа амжилттай оролцож байсан түүний албан ёсны фэйсбүүк хуудсыг хакердаж, бүх постыг нь арваннэгдүгээр сарын 29-нд устгасан байна.
Цар тахлын улмаас нэг жил өнжсөн олон улсын миссийн тэмцээнийг Латин Америкийн Пуэрто-Рико хотноо арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 16-ны хооронд зохион байгуулж буй юм. "Дэлхийн мисс-2021" тэмцээн нийт долоон шалгаруулалттай бөгөөд хоёрыг нь фэйсбүүкт оруулсан постуудын like, share-ийн тоогоор шалгаруулдаг аж. Монголын мисс А.Бөртэ-Үжин энэ хоёр шалгаруулалтад сайн үзүүлэлттэй байсан ч албан ёсны фэйсбүүк хуудсыг нь хакердсан талаар мэдээлж, мэдэгдэл гаргажээ.
Мисс А.Бөртэ-Үжин Соёл урлагийн их сургуулийг бүжгийн багш мэргэжлээр төгсчээ. Тэрбээр одоо 23 настай. Мисс бүсгүй олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан бөгөөд гадаадад уран нугаралтаар аялан тоглолт хийж, эх орноо сурталчилдаг тухайгаа News.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурдаж байв.
Тэрбээр "Миний хувьд сэтгэгдэл маш өндөр байна. Дэлхий дахинд цар тахал гарсан учраас Монгол Улсын хувьд хохирол багатай даван гарахын тулд аливаа тэмцээн уралдаан, үзвэр үйлчилгээ зохион байгуулахыг тодорхой хугацаагаар хориглосон. Тиймээс энэ жилийн "Miss world Mongolia" тэмцээнийг зохион байгуулаагүй. Би өнгөрсөн жил тус тэмцээний нэгдүгээр байр буюу үндэсний ялагчийн дараагийн байрт шалгарсан юм. Тиймээс энэ жилийн "Дэлхийн мисс" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болсон.
Миний хувьд баярлахаас илүүтэй өндөр хариуцлага хүлээж, илүү их хичээхээр бэлтгэлдээ аль хэдийнэ орсон. Латин Америкийн Пуэрто-Рико арал дээр ирэх арваннэгдүгээр сарын 21-нээс эхний үйл ажиллагаа эхэлж, арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл үргэлжилж, шилдгүүдээ тодруулна. Нэг сар гаруй дэлхийн 123 орны үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй танилцаж, нөхөрлөнө" гэж хэлж байсан юм.
Холбоотой мэдээ