2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 155 дугаар зарлиг гаргаж, уг зарлигийг Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, тусгаар тогтнолоо сэргээсэн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой тохиосон 2011 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Мөн оноос эхлэн “Мөнх тэнгэрийн бичиг” монгол бичгийн үзэсгэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах болж, үүний өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн цахим хуудсыг анх удаа монгол бичгээр хөтөлж, дэлхийн монголчуудын хүсэл тэмүүллийн цэг болсон Монгол хэмээх Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг монгол туургатан дэлхийн хаанаас ч унших боломж бүрдсэн юм.
“Олон хөдөлбөл овоо хөдөлнө” гэдгээр мэдээллийн www.news.mn сайт энэ давалгаанд нэгдэж, монгол бичгийн цахим хуудсаа 2014 оны арванхоёрдугаар сарын 1-нээс албан ёсоор ажиллуулж эхэлсэн ба энэ өдөр долоон жилийн ойгоо угтаж байна. Энэ дашрамд, www.news.mn -ийн хамт олон, үндэсний бичгээ дэмжигч бүх уншигчиддаа ойн мэнд хүргэе.
www.news.mn сайт монгол бичгийн багийн зарчим бол сар болгоны ажлын тайландаа тодорхойлсончлон Монгол Улсын тухай гэгээлэг, танин мэдэхүйн мэдээ, мэдээллийг дэлхийн монголчуудад хүргэх явдал байлаа. Бид 2014 оны арванхоёрдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл 10 мянга гаруй мэдээг монгол бичигт хөрвүүлж, олны хүртээл болгосон байна. Уншсан хүний тоо буюу хандалт чамлалттай ч бидний эчнээ зорилго Монголын хөрсөнд бодит байдлыг бий болгох байсан гэдгийг нуух юун.
Монгол хэлний тухай хуульд монгол бичиг бол үндэсний бичиг гэж заасан байдаг. Магадгүй хэзээ нэг өдөр хэн нэг хүн олон улсад монгол бичиг бол бидний үндэсний бичиг гэж маргаан үүсгэх тохиолдолд www.news.mn сайтын бий болгосон монгол бичгийн мэдээллийн сан хангалттай гэрч баримт болж чадна гэж найдаж байна. Эрхэмсэг оршихуйн утга учир энэ.
Сэтгүүлч П.Номинбилэг дөрвөн жилийн өмнө буюу 2017 оны дөрөвдүгээр сарын 6-нд бичсэн “Монгол бичгээ мартахыг хүсээгүй хүн бүрийн заавал орох 8 сайт” зохиолдоо “Монголын мэдээллийн анхдагч сайтуудын нэг болох “News.mn” сайт http://uigarjin.news.mn/ хаягаар монгол бичгээр мэдээллээ хүргэдэг. Өнөөдөр хамгийн сүүлийн мэдээ гэхэд “Өмнөд Солонгосын арми байлдааны бэлэн байдалд шилжээд байна" хэмээх гарчигтай БНСУ, БНАСАУ-ын сөргөлдөөний тухай мэдээлэл байх жишээтэй. Эндээс өдөрт нэг мэдээ уншиж яагаад болохгүй гэж” хэмээн бичснийг эргэн санахад таатай байна.
Монгол бичгийг шинэ нөхцөл байдалд нийцүүлж сэргээх бодит ажил 2011 онд эхэлж хэрэгжсэн Ерөнхийлөгчийн 155 дугаар зарлиг болон 2015 онд батлагдсан “Монгол хэлний тухай” хуулийн хэрэгжилтээр эхэлсэн хэдий ч саяхан Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгсөн Х.Баттулга үндэсний бичигтээ маш их ач холбогдол өгч байсан нь тэр өөрөө монгол бичиг сурч, дараа нь олон нийтэд теле хичээл заасан явдал билээ. 2020 онд У.Хүрэлсүх Засгийн газраа эмхлэн байгуулахдаа Соёлын яамыг сэргээсэн, мөн тэрээр Ерөнхийлөгч болоод Д.Бум-Очир,Ч.Лодойравсал зэрэг үндэсний шилдэг сэхээтнүүдийг өөрийн зөвлөхөөр томилсон нь монгол бичгийг улам эрчтэй сэргээх нь гэсэн хүлээлтийг нийгэмд бий болгожээ.
Монгол улсын түүх их төлөв 1946 он болтол монгол бичгээр бичигдэн үлджээ. Төрийн тэргүүний гарын үсгээс авхуулаад малчин айлын тулгын галаа асаадаг чүдэнзний хайрцаг, хот хөдөөг холбон өдөр шөнөгүй давхилдах ачааны машны дугаар дээр хүртэл монгол бичиг бичээстэй байв.
Харин монгол бичгээр одоо цагийг дүрслэхэд хүндрэл үүсч буй нь олон улсад ашиглаж байгаа монгол бичгийн UNICODE -той холбоотой юм. Авиа зүйн зарчимд суурилсан энэхүү UNICODE-ийн алдааг бүрмөсөн шийдэхэд маш урт удаан хугацаа шаардана гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ба үсэг зүйд /товчхондоо Ээж гэсэн үгийг Э-Ж-И гэж үсгээр салгаж тэмдэглэх зарчим/ суурилсан монгол бичгийн UNICODE-оор оршиж буй асуудлыг хялбархан шийдэж болох ч олон улсад монгол бичгийн авиан код болон үсгийн кодийг зэрэг ашиглах тухай хэлцэлийг зөвхөн тухайн улсын Засгийн газар UNICODE-ийн байгууллагатай хийх эрх зүй үйлчилдэг ажээ. Үсэг зүйд суурилсан монгол бичгийн UNICODE нэгэнт бэлэн болсон бөгөөд хэрэв Монгол Улсын Засгийн газар хүсвэл эрхээ үнэ төлбөргүй шилжүүлнэ гэж уг кодийн судалгааны багийн ахлагч мэдэгдэж байсан.
Үсэг зүйд суурилсан монгол бичгийн UNICODE-ийг Монгол Улс хүлээн зөвшөөрч улмаар холбогдох олон улсын байгууллага албан ёсоор бүртгэж хэрэглээнд нэвтрүүлсэн тэр үед олон улсын стандартын монгол бичгийн хайлтын систем бий болох бөгөөд монгол бичиг жинхэнэ утгаараа орчин үеийнх болно. Монгол бичгийн эдийн засгийн ач холбогдол тэр үеэс яригдаж эхэлнэ. Тэр цаг удахгүй ирнэ гэж найдаж байнам.
Энэ дэлхийд би монгол хүн, бид Монгол Улс гэдгийг таниулах нэгэн тэмдэг бол яах аргагүй монгол бичиг мөн билээ.
www.news.mn сайтын Монгол бичгийн редактор А.УД
Холбоотой мэдээ