"Омикрон бүртгэгдсэн улсаас ирсэн иргэдээ 10 хоног тусгаарлана"

Хуучирсан мэдээ: 2021.12.01-нд нийтлэгдсэн

"Омикрон бүртгэгдсэн улсаас ирсэн иргэдээ 10 хоног тусгаарлана"

НЭМЭЛТ: 13:10 ЦАГ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ДЭМБ-аас омикрон хувилбарыг онцгой анхаарал татахуйц вариантаар бүртгэж авсан. Өнөөдрийн байдлаар Омикрон хувилбар 18 улсад бүртгэгдээд байна. Үүнээс Африкийн улс орнууд болон Израиль, Бельги улсуудад бүртгэгдсэн бол бусад орнуудад зөөвөрлөгдсөн байдлаар бүртгэгдсэн. Тухайн улс орнууд халдвар бүртгэгдсэн улсаас гадаадын иргэн авахгүй, мөн өөрсдийн орны иргэдийг 10-14 хоног тусгаарлаж, хоёр удаа ПСР шинжилгээ авах арга хэмжээ авч байна. Үүнтэй зэрэгцээд бүүстэр тунг эрчимжүүлж байна. Ялангуяа, Их Британи 40 наснаас дээш иргэдэд бүүстэр тун хийж байсан бол 18-аас дээш насны иргэдэд хийж эхлэх шийдвэр гаргалаа. Мөн тун хоорондын зайг гурван сарын хугацаатай болгосон. Энэ мэтчилэн халдвар хамгааллын дэглэмээ сахиж, дархлаажуулалтад хамрагдах арга хэмжээ авч байна.

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

-Омикрон хувилбар дэлхийд бүртгэгдсэнтэй холбогдуулан манай улсын хувьд одоо мөрдөгдөж буй журам хэвийн хэрэгжиж байна. Хилийн боомтуудад нэмэлт тандалтын баг гаргаж, шинжилгээ авч байна. Өнгөрсөн сарын 28-наас хойш 10 шугамаар түргэвчилсэн болон ПСР шинжилгээ авч байна.

Арваннэгдүгээр сарын 28-наас хойш 1040 хүн гадаадаас ирж, хоёр сэжигтэй тохиолдол илэрсэн. Нэг иргэнээс дельта хувилбар илэрч, нөгөө нь үгүйсгэгдсэн. 18-40 насны бүүстэр тунгийн хамрагдалт сул байгаа учраас идэвхжүүлэлт хийж байна. 74 их, дээд сургууль дээр вакцинжуулалтын цэг ажиллуулж байна.

Омикрон хувилбар эмчилгээний хувьд адилхан. Илэрч буй шинж тэмдэг хөнгөн талаар ДЭМБ-аас мэдээлэл гарч байна. Толгой өвдөх, үнэрлэх амтлах алдагдахгүй, хүндрэхгүй байна. Ер нь бол долоо хоногт 80 мянган хүн бүүстэр тунд хамрагдаж байна. Өчигдөр 18 мянган хүн вакцинд хамрагдсан.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ:

-Омикрон хувилбар дэлхийн арав гаруй улс оронд бүртгэгдсэн. Иймээс Өмнөд Африк, Нидерланд, Итали, Их Британи, Хонконг, Израиль, Бельги, Чех, Герман, Австрали улсаас ирж байгаа дотоодын иргэдээ 10 хоног тусгаарлана. Мөн эдгээр улсаас гаднын иргэдийг хүлээж авахгүй байх шийдвэр гарсан. Харин бусад улс орноос эх орондоо ирж байгаа иргэд сайн дураараа гэртээ долоо хоног өөрийгөө тусгаарлан ажиглахыг зөвлөж буй. Гаднын улс орнууд гэнэтийн шийдвэр гаргаж буй учраас онцын шаардлагагүй бол гадагшаа явахгүй байхыг зөвлөж байна. Өнөөдрөөс хилийн боомтуудад шинжилгээний цэг байгуулсан. Тухайлбал, 72 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний хариутай байхыг шаардахын зэрэгцээ хилээр орж ирэхэд түргэвчилсэн болон ПСР шинжилгээ авч байна.


ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр Сovid-19 цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлт”-ийн бодлого, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг 16 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Засгийн газрын хуралдааны мэдээллийг 13.00 цагаас танилцуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж