Кака: Миний Аваргуудын лигийн дурсамж

Хуучирсан мэдээ: 2021.12.01-нд нийтлэгдсэн

Кака: Миний Аваргуудын лигийн дурсамж

Кака: Миний Аваргуудын лигийн дурсамж

УЕФА Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн шатны тоглолтууд ирэх долоо хоногт болох билээ. Зарим багууд аль хэдийнэ хэсгээс гарах эрхээ авсан бол зарим нь сүүлийн тойрогт хэсгээс гарах эсэхээ шийднэ. Энэ жилийн Аваргуудын лигийн нэг онцлог бол долоон жилийн хугацаанд тэмцээндээ оролцож чадаагүй байсан Италийн АС Милан клуб эргэн ирсэн явдал юм.

Улаан харуудын хэсгийн шатны байдал хүнд байгаа бөгөөд сүүлийн тойрогт талбай дээрээ хуучны заналт өрсөлдөгч Ливерпүүл багийг хүлээн авч тоглох хуваарьтай. Хэрэв тэд дараагийн шатанд шалгаръя л гэж бодож байгаа бол уг тоглолтод заавал хожих хэрэгтэй. Уг тоглолт болохоос өмнө россонеричуудын домгуудын нэг болох Какагийн Аваргуудын лигийн тэмцээний нандин дурсамжууд, одоогийн залуу Миланы талаарх өөрийн бодлын талаар сэтгүүлчидтэй хуваалцсан ярилцлагыг та бүхэндээ орчуулан хүргэж байна.

-Аваргуудын лигийн талаар юу хэлэх вэ?

-Миний Аваргуудын лигийн дурсамж тэмцээний сүлд дуу, цэнгэлдэх хөгжөөн дэмжигчид, тоглолтууд гэх мэт зүйлсээс бүрдэнэ. Би Аваргуудын лигийн бүхий л уур амьсгалыг санаж байна. Жишээлбэл, Клаб Брюггегийн эсрэг оруулсан миний Аваргуудын лигийн анхны гоол байна. Тухайн тоглолтын төгсгөлд Кафу хөндлөн дамжуулалт өгч, би түүнийг нь тэмцээний хүрээнд дурсагдахуйц гоёмсог гоол болгосон. Миний бодлоор Миланы дерби тоглолтод оруулсан анхны гоолоос минь илүү гоол байсан болов уу даа?

Миний хувьд 2005 оны Аваргуудын лигийн финал бол хамгийн шилдэг финалуудын нэг. Харамсалтай нь, бид тухайн тоглолтод хожигдсон. Тэр үед тэмцээнд түрүүлж чадаагүй нь миний хувьд их хүнд цохилт болсон. Яагаад гэвэл уг тэмцээний шигшээ шатанд хүрэх ямар хүнд байдаг болохыг би мэднэ. Тэрхүү хожигдол надад их зүйлд сургаж, улмаар би тоглогчийн хувиар болон хувь хүний хувиар их хөгжсөн. Гэхдээ үргэлж толгойд минь “Би дахин Аваргуудын лигийн финалд тоглох болов уу” гэсэн бодол эргэлдэж байсан. Надад “Энэ цомыг өргөх боломж байна уу?” гэсэн бодол төрсөн. Дараа жил нь 2006 онд Аваргуудын лигийн хагас шигшээд Барселонад хожигдсоны дараа улам л хүнд болж ирсэн. Тэр хоёр жил их хүнд байсан. Ер нь л бид дахин Аваргуудын лигт түрүүлж чадах болов уу гэсэн эргэлзээ байсан. Сэтгэл санааны хувьд яг л галзуу хулганад суучихсан юм шиг нэг бол дээшээ, нэг бол доошоо уруудаж байлаа.

Тэмцээн, уралдаанд түрүүлснээрээ болон хувь хүний хувьд олж авсан мэдлэгийн хувьд ч 2007 он бол миний карьерын хамгийн оргил жил байсан. Аваргуудын лигийн мэргэн бууч болох нь миний нэн тэргүүний зорилго байгаагүй. Харин 2006 онд Шевченко багаас явахад дасгалжуулагч Анчелотти миний үүрэг, байрлалыг бага зэрэг өөрчилсөн. Намайг илүү урагш оруулж, довтлогч Инзагитай ойрхон тоглуулах болсон. Улмаар би талбай дээр багийнхаа хоёр дахь довтлогч болж хувирсан. Ийнхүү би 2006-2007 оны тэмцээний шилдэг мэргэн бууч болсон. Одоо үед шилдэг мэргэн бууч болсон тоглогчид над шиг 10 гоол оруулж, улмаар тэмцээнд түрүүлэх маш хэцүү. Би ингэж чадсандаа баяртай байдаг.

-Хагас шигшээ шатанд Манчестер Юнайтедын эсрэг тоглосон тоглолтын талаар ярихгүй юү?

-Хагас шигшээ шат онцгой байсан. Миний хувьд Манчестер Юнайтедын талбай дээр хоёр гоол оруулах гайхалтай байсан. Хэдий дубль хийсэн ч хожиж чадаагүй нь уг тэмцээнийг хэр хүнд болохыг харуулж байгаа биз. Хоёр дахь гоол бол гарцаагүй миний карьерын хамгийн шилдэг гоолуудын нэг. Онооны харьцааг холдуулалгүй ойрхон дуусгасан нь Сан Сирод хийх дараагийн тоглолтод чухал байсан. Бид хувь тоглогчийн ур чадвар өндөртэй багийн эсрэг тоглоно гэдгээ мэдэж байсан. Гэсэн хэдий ч бид цааш шалгарч чадна гэдэгтээ итгэж байсан. Хоёр дахь тоглолт дууссаны дараа Италид уг тоглолтыг “Төгс тоглолт” байсан гэж ярьцгааж байсан. Миланы бүхий л фанатуудын хувьд мартагдахын аргагүй тоглолт байсан биз ээ.

-Финалын тоглолтын тухайд?

-Финалын тоглолтууд үргэлж л сэтгэл санаа, сэтгэл хөдлөлийн хувьд төвөгтэй, хүнд байдаг. Финалын тоглолтын өмнө 2005 онд болсон өмнөх финалын явдлаас үүдэлтэй эргэлзээнүүд байсан. Дахин тэр өрсөлдөгчтэйгээ таарч, дахин тэр явдал давтагдахгүй байгаасай гэсэн айдас байсан. Харин тоглолтын эхний үеийн сүүлийн мөчид онооны харьцааг нээх үед бидний сэтгэл хөдлөл оргилж гарч ирсэн. Гэхдээ бид тоглолт дуусаагүйг мэдэж байсан. Хоёрдугаар үед би Пиппо руу шулуун дамжуулалт өгч, улмаар тэр гоол оруулсан. Тэр гоолыг орохоос өмнө бид их ядарсан байсан. Пиппо бид хоёр л хамгийн түрүүнд гоолын баяраа тэмдэглэсэн. Гоолын дараа бүгд хойш татаж хамгаалалтад тусалсан. Яагаад гэвэл Истамбулд болсон шиг зүйл дахин давтахыг хүсэхгүй байсан бөгөөд уг тоглолтод хожихыг бүгд хүсч байсан. Хэдий тоглолтын төгсгөлд Дирк Кейт гоол оруулсан ч дахин тийм зүйл болоогүй ээ. Эцэст нь Милан 2006-2007 оны Аваргуудын лигт түрүүлсэн.

Цом өргөх бол хамгийн сүүлчийн үйлдэл. Энэ бол хамгийн чухал зүйл. Энэ тэмцээний хүрээн дэх хамгийн сайхан зүйл нь билээ. Тэмцээний эхэнд хэсгийн шат, хасагдах шатны айлын болон талбай дээрээ хийх тоглолтууд, тэр бүх саад тодгорыг давж ялж, гарч ирсний дараа эцэст нь цомыг гартаа аван өргөх үед л чи дууслаа гэж хэлж болно. "Энэ цом бол одоо минийх. Би түүхэнд нэрээ бичүүллээ" гэж хэлж болно. Дан ганц би бус баг, улс маань, Европ, олон улсын тавцанд нэрээ бичүүлнэ. Цом гарт минь байж л "Би үүнийг хожсон" гэж хэлэх нь бахархалтай сайхан.

-АС Миланыг Аваргуудын лигт тоглохгүй байсан нь харамсалтай юм?

-Аваргуудын лигт Милан байхгүй байхыг харах харамсалтай, бас таагүй байсан. Милан Италид болон Европын тавцанд дахин өрсөлдөхүйц хүчтэй баг болж буй нь сайхан байна. Улаан харуудыг дахин Аваргуудын лигт цэнгэлдэх дүүрэн хөгжөөн дэмжигчдийн хамтаар харах сайхан байна. Тэд үргэлж л энэ шатанд байх ёстой баг.

-Одоогийн багийн бүрэлдэхүүний талаар ямар бодолтой явдаг вэ?

-Багийн одоогийн залуучууд маш сайн байна. Энэ жил Аваргуудын лигт оролцож, хуримтлуулж буй туршлага нь ирээдүйд тэдэнд тус болно. Тэдний туршлагатай болон залуу тоглогчдыг нэгтгэсэн бүрэлдэхүүнийг харах сайхан байна. Миний тоглож байсан Милан ч гэсэн яг л ийм насны бүрэлдэхүүнтэй байсан. Илүү их туршлагатай тоглогчид бидний тоглолтыг ойлгоход тусалж байсан. Жишээлбэл, Манчестер Юнайтед, Барселона, Реал Мадридтай хийсэн тоглолтууд байна. Яагаад гэвэл залуу тоглогчдод иймэрхүү том багуудын эсрэг хийх тоглолтууд амар хялбар байдаггүй. Агуу үүх түүхтэй томоохон цэнгэлдэхэд очиж тоглоход эсрэг баг, тэдний фанатууд гэх мэт хүнд хүчин зүйлстэй нүүр тулгардаг. Тиймээс чи туршлагатай, юу болохыг мэддэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж явахгүй бол энэ их хүнд, хэцүү даваа. Миний өмнө хэлсэнчлэн энэ улирал Миланы залуучуудад яг л ийм байгаа болов уу. Тэд Аваргуудын лигт тоглох ямар байдаг болохыг ойлгож авч байна. Миланыг ирэх жилийн Аваргуудын лигт шалгарна гэж найдаж байна. Хэрэв тэгвэл тэдний тоглолт энэ жилийнхээс өөр байх болно. Яагаад гэвэл тэд Аваргуудын лигт тоглох ямар байдаг болохыг мэдсэн, туршлагатай хамт олон болсон байх болно.

-Златаны талаар?

-Аварга тоглогчдыг аль л болох удаан, тэднийг чадах чинээгээрээ урт хугацаанд тоглож байхыг харах сайхан байдаг. Түүний одоог хүртэл Аваргуудын лигт тоглож буйг харах сайхан байна.

-Тоглож байсан үеийн мэдрэмжээ одоо ч гэсэн авдаг уу?

-Одоо хүртэл Миланы өмсгөлийг өмсөх онцгой сайхан мэдрэмж байдаг. Өмсгөлөө гэртээ, эсвэл гадуур өмсөхөд ч гэсэн онцгой сайхан мэдрэмж авдаг хэвээр л байна. Бүр цаашлаад Аваргуудын лигт тоглох нь улам онцгой сайхан болгож байна. Чи энэ өмсгөлийг өмсөх үед чи өөрийгөө улам ихээр дайчлах хэрэгтэй болдог. Яагаад гэвэл чи энэ дэлхийн томоохон багуудын нэгийг төлөөлж байна гэсэн үг юм.

Б.Мөнхтулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж