Ирэх онд 498 саяыг зарцуулах ДҮҮЖИН ТЭЭВЭР

Хуучирсан мэдээ: 2021.12.01-нд нийтлэгдсэн

Ирэх онд 498 саяыг зарцуулах ДҮҮЖИН ТЭЭВЭР

Ирэх онд 498 саяыг зарцуулах ДҮҮЖИН ТЭЭВЭР

Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байхдаа түгжрэлийг бууруулах төлөвлөгөөг танилцуулж, хэвлэлээр сүр дуулиантай мэдээлэл хийж байв. Тэрбээр дүүжин тээврийг санаачилж, "Улаанбаатарт бүрэн хэрэгжих боломжтой. Бид тооцоо судалгаагаа хийсэн" хэмээн хэлсэн удаатай.

Тодруулбал, С.Амарсайхан дарга 2020 оны нэгдүгээр сард Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийг танилцуулсан. Энэ үеэр “Агаарын дүүжин тээврийн ажлыг бид ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна. Дөрөвдүгээр сард эхэлсэн тохиолдолд 2021 оны зургадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3, 4 дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно” гэж байв.

Тухайн үед өндрөө авсан төсөл цар тахал дэгдэж, шинэ хотын дарга томилогдмогц тэгсхийгээд намжив. Нийслэлд өнөөдөр дүүжин тээвэр байтугай иргэд автобус хүрэлцээгүйн улмаас хүйтэнд хөрч, түгжрэлд бухимдаж байна. Түгжрэлээс түгжрэлийн хооронд өнгөрүүлдэг цагаа бодохоор даанч хайран. Хэрвээ энэ төсөл амжилттай хэрэгжсэн бол тооцоо ёсоор Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут зарцуулж, цагт 3000 хүн зорчих байлаа.

Эргэн сануулахад, дээрх төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй байх талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр мэдээлж байсан юм.

2020 оны долдугаар сарын 31-ний өдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар байгуулсан. Тус байгууллагын шилэн дансны мэдээллийг харвал, 2020 оны наймдугаар сард төслийн гүйцэтгэгч компани болох “Пома” групп рүү 16.2 тэрбум төгрөг,  “Эжис рэйл” ХХК руу 6.1 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлжээ.

2021 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар нийслэлийн Төрийн сангаас нийт уг төсөлд зориулан 2021 онд 414.3 сая төгрөг төсөвлөгдсөн. Үүнээс одоогоор урсгал зардалд 341.460.631 төгрөг зарцуулаад байгаа аж. Өөрөөр хэлбэл ашиглалтад ороогүй дүүжин тээврийн санаачлагчид ширээ сандал, оффисоо тохижуулах зэрэгт 341 сая гаруй төгрөг үржээ. Үүн дээр нэмээд "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа" ОНӨТҮГ-ын 2021 төсвийн зарлагын төлөвлөгөөнд тус есөн хүний бүрэлдэхүүнтэй байгууллагын ажилчдын цалинд сар бүр 25.9 сая төгрөг зарцуулахаар тусгасан. Гэсэн хэдий ч есөн хүний бүрэлдэхүүнтэй ашиглалтын өмнөх захиргаа одоог хүртэл юу хийсэн нь тодорхойгүй байна. Харамсалтай нь дүүжин тээвэр ашиглалтад ороогүй байхад дээрх байгууллага 414 сая төгрөг салхинд хийсгэсэн дүр зураг гарч ирж байна.

ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ ДҮҮЖИН ТЭЭВРИЙН АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ЗАХИРГААНД ДАХИН 498.7 САЯ ТӨГРӨГ ТУСГАЖЭЭ

Удахгүй НИТХ-аар нийслэлийн 2022 оны төсвийг батална. Ирэх оны төсөвт дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаанд дахин 498.7 сая төгрөг тусгажээ. Хоёр жил шахам нүдэнд үзэгдэж, гарт баригдах ажил хийгээгүй тус төсөлд дахин төсвөөс мөнгө тавьсан нь цагаа олоогүй гэлтэй. Нийслэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд амьдрах таатай орчин бүрдүүлэхэд зориулж 500 сая төгрөг төсөвлөсөн нь дээрх жишээтэй харьцуулахад дэндүү чамлалттай юм.

Төлөвлөгөө ёсоор энэ оны зургадугаар сард ашиглалтад орох байсан дүүжин тээвэр одоо ч сураггүй хэвээр. Нийслэл хотын түгжрэлийг бууруулах асуудал үе үеийн хотын дарга нарын толгойн өвчин болж ирсэн. Одоогийн хотын дарга Д.Сумъяабазар түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг төсөвлөж, дорвитой арга хэмжээ авна гэж амаа чилтэл ярьж буй. Гагцхүү хотын даргын түгжрэлийг бууруулах цогц төлөвлөгөөнд дүүжин тээврийн талаар өгүүлбэр ч алга. Ийнхүү хоёр жил дамнасан дүүжин тээвэр “царцсан” гэж дүгнэж болохоор. Хариуцлагыг хотын дарга Д.Сумъяабазараас нэхэх үү, санаачилсан Шадар сайд С.Амарсайханаас нэхэх үү гэдэг иргэд бидэнд асуулт хэвээр үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж