Сурвалжлага: Иргэд шуудайгаа шахмал түлшээр солих хүсэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2021.12.01-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Иргэд шуудайгаа шахмал түлшээр солих хүсэлтэй байна

Сурвалжлага: Иргэд шуудайгаа шахмал түлшээр солих хүсэлтэй байна

Агаарын чанарын индекс харуулсан самбаруудад хорт хий нь өнгөрсөн онуудынхаас буурсан үзүүлэлттэй харагдана. Энэ нь сайн, муугаараа дуудуулж буй “Сайжруулсан шахмал түлш”-ний үр дүн. Энэхүү хэрэгцээт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд асуудал тулгарсан талаар NEWS.MN мэдээ, сурвалжлага бэлтгэн хүргэж байгаа.  Тус үйлдвэрлэлд шуудайны тасалдал үүссэн. Үүнийг импортын татан авалтаар нөхсөн. Харин дахин нөөцийн хомсдол үүсвэл дотооддоо тус түлшний савлагааг үйлдвэрлэх боломж эрэлхийлж, шийдэл хайж байгааг сурвалжиллаа.

Гэр хорооллын гудамжаар явахад гудамжинд гаргасан хог ихэвчлэн сайжруулсан шахмал түлшний шуудайтай байх юм. Сайн ажиглавал иргэд шуудайгаа нямбай гэгч задалж, түлшээ аваад эргүүлээд бүтэн уутандаа хогоо хийж дахин ашигладаг байна. Харин эдгээр хэдэн мянган шуудай хогийн цэг дээр хөглөрдөг. Тэгвэл тус шуудайг дахин ашиглах боломжтой гэсэн үг.

Агаарын бохирдлыг бууруулах гарц гаргалгааг 10 гаруй жилийн турш эрж сурсны эцэст улаанбаатарчуудын дунд шахмал түлшний хэрэглээ нэвтэрсэн. Угаарын хийд хордлоо, нууцаар нүүрс түллээ, төсвийн мөнгийг үргүй зарлаа гэхчилэн хэл ам тасардаггүй сайжруулсан түлш энэ жил ч мөн асуудлыг тойрсонгүй. Өнөө л хилээс хамааралтай байдаг үйлдвэрлэлээс болж нийслэлийн гэр хорооллын өрхийн хэрэгцээг хангадаг томоохон үйлдвэрлэлийн савлагаанд өөрчлөлт орсон. 100 кг-ын том цагаан шуудайд хэсэгтээ савлаж хүмүүсийн хэл амны бай болж, шуудайны нөөцөө яаралтай татан авч, эхний байдлаар асуудлыг шийдвэрлэсэн. Бид эхлээд 32-ын тойрогт байрлалтай буюу хотын төвтэй ойр цэгүүдэд нөхцөл байдал ямар байгааг тодрууллаа.

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ САВЛАГАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГООС ШИНЭЧЛЭГДЭЖ ИРСЭН

Борлуулагч Ш.Чимэдрагчаа:

-Замтай ойрхон  хүмүүс тэрэг түрж ирээд л түлшээ аваад явдаг. Манай цэгийн хувьд том савлагаагаар гарч байхад таталт хийгээгүй. Ямар ч байсан нэг хэсэг уут, савлагааны асуудал үүссэн нь үнэн. Гэхдээ компаниас асуудлыг хурдан шийдвэрлэсэн. Хүмүүс түлшний уут гэхээс илүүтэй нэг өрхөд олгодог тоог л нэмэх хэрэгтэй байна гэж хэлдэг. Түүнээс түлшний уутаа буцааж зарах, эсвэл эргүүлж өгөх сонирхол хэр байдгийг сайн мэдэхгүй байна. Уг нь уутаа цэвэрхэн задалсан бол дахин ашиглах боломжтой байх. Гэхдээ айл болгон жигд задална гэвэл бас худал. Тэгээд цэгүүд шуудай буцааж авдаг болчихвол ачаалал нэмэгдэж, элэгдэл, хорогдлын асуудал ч яригдах байх.

 32-ын тойргоос хойш өгсөх замд нэгнээсээ холгүй байрлах гурван цэгийн хоёрынх нь түлш 16 цагийн орчимд дуусчээ. Өнгөрсөн жилүүдэд 10 тонноор олгодог байсан түгээлт энэ жил хоёр дахин буурсан байна. Харин хөнгөлөлттэй үнээр олгож эхэлснээр хүмүүсийн худалдан авах чадвар нэмэгджээ.

Иргэд хэлэхдээ, уут татан авахын оронд түлшний түгээлтээ нэмж, нэг өрхөд долоо хоногт 10 шуудай олгодог болох хэрэгтэй байна гэлээ. Учир нь 11200 төгрөгөөр авсан зургаан шуудай сайжруулсан түлш байшинтай айлуудад 4-5 хоногт л хүрэлцдэг аж. Эдгээр цэгүүдэд очсоны дараа Монелийн хэсэгт байрлах түлш олгох цэгүүд рүү явлаа. Ажил тарж, 18.00 цаг өнгөрсөн байсан учир иргэд шахмал түлшээ авахаар олноор ирсэн байв. Гэхдээ ихэнх цэгүүдэд энэ цагт түлш байдаггүй учир иргэд түлш дуусаагүй цэгийг зорин очсон байна.

ИРГЭД ШАХМАЛ ТҮЛШНИЙ УУТЫГ  ДАХИН АШИГЛАХ, ҮЙЛДВЭРТ БУЦААХ СОНИРХОЛТОЙ БАЙНА

Борлуулагч н.Оюунчимэг:

-Таван тонн түлш хэдхэн минутын дотор дуусдаг. Тээвэрлэлтээс шалтгаалж түгээлт харилцан адилгүй цагт ирдэг ч түлш ирсэн л бол хүмүүс аваад тэр дор нь дуусчихна. Манай цэг дээр хоёр удаа том 100-гийн шуудайтай ирсэн. Тэрэгтэй бүү хэл машинтай хүмүүс ч авч явахад хэцүү юм билээ. Зарим хүн энэ түлшний уутаа дахин ашиглаж, үйлдвэрт нь хэдэн төгрөгөөр буцааж өгмөөр байна гэж хэлдэг. Бид уг нь түгээгч болон "Тавантолгой" компанийханд хэлдэг. Санал хүсэлт мэдээж тусгаж авдаг л байлгүй. Иргэд ингэвэл зүгээр байна гэвэл цааш нь дамжуулдаг. Борлуулалтын хувьд ч ямар ч асуудал үүсэхгүй байна. Гол нь түгээлтээр олгодог хэмжээг л нэмэх хэрэгцээ их байна.

ХОЁР САЯ ШУУДАЙГ ИМПОРТООР АВСАН, ОДОО ХОЁР САЯ ШИРХЭГИЙГ ДОТООДООС ДАХИН АВАХ ЗАРЧМААР АЖИЛЛАНА

Хогоо савлаж, хашааныхаа үүдэнд овоолон тавьж буй иргэдэд хэрэв сайжруулсан түлшний уутыг дахин ашиглана гэвэл таатай сонсогдох нь лавтай. Харин албаны хүмүүс энэ талаар ямар саналтай байгааг тодруулахад:

-Шуудайны нөөц хомсдож, хүрэлцээгүй болсон учир хэсэг хугацаанд өөр савлагаагаар олгох зохицуулалт хийж ажиллаж байсан. Хил дээр саатаад байсан хоёр сая орчим ширхэг шуудайг татан авч, энэ асуудлыг эхний ээлжид шийдвэрлэсэн. Одоо хоёр сая ширхэг түлшний шуудай аж ахуйн нэгж, иргэдээс худалдан авахаар уриалга гаргасан байгаа. Үнийн хувьд 200-300 төгрөг ч юм уу үндсэн үнээс хямд авах тооцоололтой ажиллаж байна. Гэхдээ тогтсон үнэ ханшийн асуудал яригдаагүй.

Өнөөдрийн байдлаар "Тавантолгой түлш" компанийн баруун бүсийн үйлдвэрт 12, зүүн бүсийнхэд дөрвөн шугам ажиллаж, хоногт 2400-2600 тонн түлш үйлдвэрлэж байна. Нийслэлийн хэмжээнд 600 цэг ажиллаж байгаа бөгөөд цэгүүдэд 5-15 тонноор түлшийг нийлүүлж байна. Одоогоор барьцалдуулагчийн долоо, түлшний шуудайн 14 хоногийн нөөцтэй байна. Дотоодын үйлдвэрүүдэд түлшний шуудайны тендер зарласан ч аж ахуйн нэгжүүд оролцох саналаа ирүүлээгүй. 25 килограммын савлагаатай шуудай ус, чийгнээс хамгаалсан байдаг. Үүнийг дотоодын үйлдвэрүүд хийх боломж муу байдаг. Стандарт шаардлага хангасан л бол дотоодоос шуудай авах бүрэн боломжтой. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд шуудайгаа эргүүлэн худалдах сонирхол бол их бий. Дахин ашиглах тохиромжтой эсэх судалгааг хийж эхэлсэн гэсэн мэдээлэл өглөө.

Нийслэлийн гэр хорооллын иргэдийн амин зуулга болсон олдоц муутай сайжруулсан шахмал түлш. Олдоц муу гэж байгаагийн учир нь галлагааны улирал эхэлсэн энэ үед долоо хоногийн хэрэгцээнд нэг өрхөд зургаан шуудай сайжруулсан түлш хангалтгүй байгааг иргэд хэлж байна.

Жил бүрийн өдийд утааны асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх гаргалгаа бүхий тус түлшний асуудал сайн, муу олон янзаар хэлэгдсээр ирсэн. Харин энэ удаагийнх зөвхөн тус үйлдвэрийн хэмжээнд биш уут, шуудай дотоодод үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн шандсыг ч сорьж байгаа юм. Учир нь үйлдвэрлэлд оролцох санал хүсэлтээ ганц л газар өгсөн аж. Уг нь "Тавантолгой түлш" ХХК-ийнханд сайжруулсан түлшний шуудай дахин авах асуудал яригдаж байгаа юм. Гэсэн ч ажил хэрэг болгоход тодорхой шийдэл, зардал мөнгөний асуудал гарах учир одоогоор эцсийн хувилбарыг гаргаагүй байна гэлээ.

Харин иргэд, аж ахуйн нэгжүүд түлшний уутаа 100-200 төгрөгөөр өгөх, эсвэл долоо хоногийн хэрэгцээний түлшний уутыг нэг шуудай шахмал түлшээр сольж авах сонирхолтой байна. Харин үүний гаргалгааг албаныхан хайж буй аж. Ямартай ч хоёр сая ширхэг шуудайны таталтаа хийчихсэн учир хэсэгтээ тайван харзнаад, дотоодын үйлдвэрлэл, дахин татан авалт хийхээр төлөвлөжээ. Хэрэвзээ  түлшний шуудайг дахин боловсруулж ашигладаг бол байгаль экологи болоод эдийн засагт ч нэмэртэй.

Нөгөө талаар шуудайг дахин ашиглахад чанарын асуудал гарч ирнэ. Энэ л гол толгойны өвчин болоод байгааг албаны хүмүүс хэлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж